М.Энхсайхан Засгийн газрыг зөвтгөв

Хэсэг хугацаанд чимээгүй байсан МҮАН-ын дарга М.Энхсайхан засгийн газрын үйл ажиллагааны талаар өчигдөр байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, буруутгаагүй бөгөөд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулбал харьцангуй боломжийн байгаа талаар дүгнэлтээ хэлсэн байна. Тэрээр “Шинэчлэлийн Засгийн газарт хийж байгаа ажил их бий. 2009 оноос хойш дэлхийн эдийн засгийн байдал тийм ч сайн биш байна. Санхүүгийн хямрал явж байна. Энэ хямрал нь өөрөө эдийн засгийн хямралыг дагуулж байгаа. Өнөөдөр дэлхий даяар л будлиан, хэрүүл тэмцэл, дайн тулаан болж байгаа шүү дээ. Харин тийм нөхцөл байдлуудтай харьцуулахад Монголын байдал хамаагүй сайн тогтвортой байгаа.Тэр утгаараа шинэчлэлийн Засгийн газарт наалдах гавьяа бий.

Хэрвээ “Чингис” бондыг босгож чадаагүй байсан бол Монголын эдийн засаг өдий ийм хэмжээний байж чадахгүй. Бүтэх ч бай, бүтэхгүй ч Монголын алс ирээдүйд хэрэгтэй олон төслийг эхлүүлж чадахгүй байх байсан. Тэгэхээр энэ төслүүдийг эхлүүлэх, гадаадад “Чингис” бондыг босгох зэрэг нь урьд нь Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл. Тиймээс иймэрхүү зоригтой алхмуудыг хийж байгаагаараа шинэчлэлийн Засгийн газарт давуу талууд байлгүй яах вэ.

Гэхдээ дотроо дэндүү их зөрчилтэй байгааг шулуухан хэлэхгүй бол болохгүй. Дэндүү их зөрчилтэй, зарим сайд, дарга нь хариуцлага алдаж байгаа явдал зөндөө байна. Тогтвортой байдлыг хамгаална гэх нэрийн дор хариуцлагагүй байдал нуугдаад байдаг зовлон байна. Зовлонг нь ойлгож болно. Гэхдээ аргыг нь олж ажиллах хэрэгтэй л гэж бодож байна” гэсэн байна.

Б.ХАНД

Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.