УИХ-ын гишүүн Д.Одхүү, С.Оюун нар хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэхээр болжээ. Тодруулбал тэд МУИС-ын багш, Доктор С. Авирмэдэд хандаж шаардлага хүргүүлж, ийнхүү хуулийн байгууллагад хандаж байгаа юм байна. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

С.АВИРМЭД ТАНАА

2012 оны 4 дүгээр сар 27                                                                       Улаанбаатар хот

Албан шаардлага хүргүүлэх тухай:

Монгол Улсын Их Хурал 2006 оны 07 сарын 08-ны өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-ийг шинэчлэн баталсан. Хууль батлагдсантай холбогдуулан С.Авирмэд та өөрийн байр суурийг илэрхийлэхдээ УИХ-ын гишүүд биднийг удаа, дараа гүтгэн доромжилж байна.

С.Авирмэд таны гүтгэн доромжилж буй үйлдлийг бид 2009 оноос өнөөдрийг хүртэл хүлээцтэй тэвчин өнгөрүүлсэн. Тэгэхдээ бид буруутайдаа бус Ардчилалын үнэт зүйлсийн нэг болох хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалдагийн хувьд, С.Авирмэд таны нас, намбыг хүндэтгэж хууль бус үйлдлээ зогсооно гэж найдасны хувьд, Улс төрч хүн, ёс суртахуун, хүн чанарыг эрхэмлэн иргэд, олон нийтийн хяналтанд байх ёстой гэж үздэгийн хувьд тэвчин өнгөрүүлж байсан.

Гэвч С.Авирмэд та хууль бус үйлдлээ зогсоогоогүйгээр барахгүй гүтгэлэг, доромжлолоо улс төрийн зорилгоор улам идэвхитэй явуулж байгаа нь хэрээс хэтэрсэн тул бид хуулийн байгуулллагад хандан бодит үнэнийг тогтоолгохоос өөр аргагүй байдалд хүрч байна.

УИХ-ын гишүүдийг “Эх орноосоо урвагч”, “Ашигт малтмалын хуулийн 5.4, 5.5-р заалтуудыг тэд хийсэн”, “Лиценз шилжүүлэх, барьцаалах заалтыг С.Оюун оруулсан”, “Одхүүг гадныхан бэлтгэж УИХ-д оруулсан” гэх мэтээр гүтгэсэн хэвлэлийн ярилцлагууд, “TV9” телевизийн “Ардын парламент” нэвтрүүлэгт өгсөн яриа зэрэг нь С.Авирмэд таны хууль бус үйлдлийг хангалттай нотлох болно.

С.Авирмэд таны хэлж ярьж буй дээрх гүтгэлэг, доромжлолд үндэслэлтэй зүйл нэг ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж дараах тайлбарыг хийе

Нэг. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага нь УИХ бөгөөд УИХ нь далан зургаан гишүүнээс бүрддэг. УИХ аливаа хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар батлах журамтай. Чуулганы нэгдсэн хуралдаанд 76 гишүүний олонхи нь оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр болдог. Чуулган нь нэгдсэн хуралдаан, байнгын хороодын дагнасан буюу хамтарсан, түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас тус тус бүрддэг. Өөрөөр хэлбэл хуулийг эцэслэн батлах нь УИХ-ын гишүүдийн хамтын шийдвэр байдаг бөгөөд УИХ-ын гишүүдийн хамтын шийдвэрийг хэн нэгэн гишүүний дангаар гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэл байхгүй. УИХ-ын гишүүнд дангаар шийдвэр гаргах боломж байдаггүй юм.

УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийн талаар эрдэмтэн С.Авирмэд та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байх учиртай. Гэтэл та хуульд хэн нэг гишүүн өөрийн дураар зүйл заалт хийдэг, оруулдаг мэтээр хэлж ярьж гүтгэн доромжилж байгаа чинь улс төрийн явуургүй үйлдэл болж байна.

Хоёр. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх, шинээр Ашигт малтмалын тухай хууль батлах зайлшгүй шаардлага байсныг та өөрөө сайн мэдэж байгаа. Тухайлбал таны Ж.Бямбатай хамтран УИХ-ын дарга /тухайн үеийн/ Ц.Нямдоржид бичсэн хоёр хуудас санал хүсэлтэд “1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг нэн даруй хүчингүй болгох” тухай дурдсан байдаг. Тухайн үед үйлчилж  байсан Ашигт малтмалын тухай хууль нь хэт либераль, төрийн оролцоо хяналтгүй байсныг та бид бүгд мэднэ.

Ийм учраас Тухайн үед Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн боловсруулах гурван хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Тодруулбал:

УИХ-ын нэр бүхий 20 гишүүний санаачлан боловсруулж 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” /хавсралт 1/
УИХ-ын нэр бүхий 7 гишүүний санаачлан боловсруулж 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” /хавсралт 2/
Засгийн газраас 2006 оны 5 дугаар  сарын 10 ны өдрийн өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”

УИХ-д нэг асуудлаар хоёр буюу түүнээс дээш төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай хуулийн 14.4-т (тухайн үеийн) буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.4-т зааснаар төслүүдийг санаачлагчдын зөвшөөрснөөр нэгтгэн нэг төсөл болгон хэлэлцдэг. УИХ-ын байнгын хороо нь хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх чиг үүрэг хүлээдэг.

Дээрх гурван төслийг чиг үүргийнхээ дагуу Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа 2005 оны 7 дугаар сарын 5-ны өдөр, 2006 оны 01 сарын 10-ны өдөр, 2006 оны 5 сарын 16-ны өдөр тус тус хэлэлцсэн бол, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2005 оны 5 сарын 7-ны өдөр, 2005 оны 11 сарын 17-ны өдөр, 2006 оны 01 сарын 12-ны өдөр тус тус хэлэлцэж дээрх төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгон хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

Төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгох УИХ, байнгын хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг УИХ-ын даргын 2006 оны 04 дүгээр  сарын 24 – ны өдрийн 63  тоот тогтоолоор байгуулж ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Одхүүг томилсон. Дашрамд дурдахад аливаа хуулийг хэлэлцүүлэхэд бэлтгэх  арга хэмжээг удирдах  ажлын хэсгийн ахлагчийг УИХ-ын гишүүдээс санал авахаас гадна зарим тохиолдолд мэргэжлийн чиг үүргийг харгалзан томилдог болохыг та мэдэж байгаа болов уу.

Энэ тухайд УИХ-аас УИХ-ын гишүүн Д.Одхүүг мэргэжлийн чиглэлийг харгалзан томилсон болно.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн 13, мэргэжилтэн, шинжээч, эрдэмтэн, судлаач нийлсэн 18 хүн багтаж нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

Төслийн анхны хэлэлцүүлэгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2006 оны 06 сарын 30-ны өдөр, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 2006 оны 07сарын 04-ний өдөр тус тус хэлэлцэж зарчмын зөрүүтэй 55 саналаар санал хураасан байдаг.

Төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2006 оны 07 сарын 06-ны өдөр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006 оны 07 сарын 08-ны өдөр эцсийн байдлаар хэлэлцсэн бөгөөд төслийг  хэлэлцэхэд нийт 49 гишүүн оролцож  40 нь зөвшөөрч, 9 татгалзаж нийт гишүүдийн 81,6 хувийн саналаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнтэй холбоотой хуулиудын өөрчлөлт батлагдсан  байна.

Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдийн гаргаж байсан санал дүгнэлтүүдийг баримтжуулсан тэмдэглэл, протокол УИХ-ын Тамгын газрын архивт одоо ч хадгалагдаж байгаа тул С.Авирмэд та зохих журмын дагуу хүсэлт гарган үзэж танилцах боломжтой. Энэ тэмдэглэл протокол нь таны гүтгэлэгийг ор үндэслэлгүй зүйл гэдгийг батлах болно.

Гурав. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах ажилд УИХ-ын гишүүдээс гадна мэргэжилтэн, шинжээч, эрдэмтэн, судлаач зэрэг олон хүмүүс оролцосны дотор С.Авирмэд та ч мөн багтсан байдаг. Гэтэл ганц хоёр хүн хуулийг баталчихдаг, зүйл, заалтыг нь өөрийн дураар оруулчихдаг мэтээр илтэд дайрч, гүтгэн доромжилоод зогсохгүй иргэд, олон нийтэд буруу ойлголт хандлага төрүүлэхээр увайгүй улс төр хийж байгаа таны үйлдэлд харамсаж байна.

Тухайн үед Л.Гантөмөр эдийн засгийн байнгын хорооны дарга, Д.Одхүү байнгын хорооны гишүүн, ажлын хэсгийн ахлагч, С.Оюун байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч байснаараа илүү эрх, ямба эдэлдэггүй бөгөөд байнгын хорооны гишүүдийн нэгэн адил эрх, үүрэгтэй байдаг. Тодруулбал байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч нар нь хуралдааны бэлтгэлийг хангаж зохицуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах, хуралдааныг удирдах зэрэг зохион байгуулалтын шинжтэй чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23-р зүйлд тодорхой заасан байгаа.

УИХ-ын гишүүдийг албан үүргээ гүйцэтгэсний төлөө С.Авирмэд та эх орноосоо урвасан урвагч хэмээн зарлаж Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа таны үйлдэл гэмт хэрэгт тооцогддогыг анхааруулж байна.

Иймд С.Авирмэд таныг гүтгэлэг, доромжлолоо зогсоож Иргэний хуулийн 21.2-р зүйлд заасан үүргийн дагуу 2012 оны 05 сарын 01-ний дотор биднээс уучлал гуйхыг шаардаж байна.

Уучлалыг албан бичгээр бидэнд ирүүлж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх шаардлагатай.

Бид С.Авирмэд таныг ахмад хүний хувьд хүндэтгэж байгаа тул хуулийн байгууллагад хандахаас өмнө  алдаагаа засах боломж олгон урьдчилан мэдэгдэж байгаа юм.

Бидний шаардлагыг хүлээж аваагүй буюу уучлалт хүссэн албан бичиг ирүүлээгүй  тохиолдолд 2012 оны 5 дугаар сарын 02 ны өдөр  холбогдох хуулийн байгууллагад хандах болохыг мэдэгдэж байна.

Таныг эрх зүйн байдлаа дордуулахгүйгээр шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна.

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН:

УИХ-ын гишүүн                                                          Д.Одхүү

УИХ-ын гишүүн                                                          С.Оюун

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.