Улс төрийн хүрээнд болж өнгөрсөн анхаарал татахуйц үйл явдал бол УИХ-ын сонгуулийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамтад нь явуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татан үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэр гаргасан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан зэрэг юм.

СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ДҮРМЭЭ БАТЛАВ

Ардын намынхан Ардчилсан намынхны санал болгосон  нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох сонгууль нь УИХ-ын сонгуулийн нэгэн адил зарчмаар явуулах. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 45 суудлын 15 нь пропорциональ, 30 нь мажоритари хувилбараар явуулахыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн. Ингэснээр хоёрхон сарын дараа болох сонгуулийн дүрмээ тодорхойллоо гэсэн үг. Аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх намар хийхээр болсон. Түүнчлэн УИХ-ын 2012 оны сонгуулийг ирэх зургаадугаар сарын 28-ны пүрэв гарагт явуулах бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгох аж. Мөн 16.8 тэрбум төгрөгөөр сонгуулийн үйл ажиллагааг явуулахаар болов. Энэхүү мөнгөнөөс 300 сая төгрөгийг гадаадад суугаа монголчуудын саналыг авахад зарцуулахаар төсөвлөсөн.

Н.ЭНХБАЯРЫГ СОНГУУЛИЙН ӨМНӨХ ӨДӨР СУЛЛАНА

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн долоо хоногт үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэр гаргасан нь олны анхаарлыг ихээхэн татав. МАХН-ын гишүүд, дэмжигчид өнгөрсөн пүрэв гарагт намын даргаа суллуулах гэж Төв аймгийг зорьсон. Гэвч тэднийг явсан хойгуур Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Прокурорын газарт Н.Энхбаярыг яллагдагчаар татах хүсэлт тавьсан юм. Ингээд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ирэх зургаадугаар сарын 27-нд суллахаар болов. Түүнийг сулласны маргааш нь сонгууль болно. Гэхдээ Н.Энхбаярыг цагт нь суллах эсэх нь мэдээж тодорхойгүй. Тэрбээр Төв аймгийн урьдчилан хориход байхдаа ард түмэнд хандан “Бүү ай” хэмээх ил захидал бичсэн. Үүнээс үүдэн намынх нь гишүүд, дэмжигчид нь Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулан Н.Энхбаярыг суллахыг шаардан дэмжихийг хүмүүст уриалсан. Гэвч зөвшөөрөлгүйгээр жагсаал зохион байгуулсан гэж МАХН-ын гишүүдийг хуулийн байгууллага торгож, заримыг нь 14 хоногийн хугацаатай хорьсон. Түүнчлэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нараас мэдүүлэг авсан юм. Үүгээр зогсохгүй Н.Энхбаярын толгойлж байсан “Улс төрийн холбоо”-г хэн удирдах вэ гэдэг нь сонирхол татаж буй. Учир нь МҮАН-ын дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, мөн Н.Энхбаярын хүү Н.Батшугар нар тус холбоог удирдахаар ил, далд өрсөлдөж байгаа гэнэ. Н.Энхбаярын эхнэр Цолмон хүү Н.Батшугараараа “Улс төрийн холбоо”-г удирдуулахаар зүтгүүлж байгаа хэдий ч түүнийг улс төр мэддэггүй гэдэг шалтгаанаар бусад нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ лээ. Ямартай ч Н.Энхбаяр байхгүй хойгуур М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар “Улс төрийн холбоо”-г тэргүүлэх чин хүсэлдээ автан яваа бололтой. Түүнчлэн өчигдөр МАХН-ын бага чуулган болов. Тус хуралдаанд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог болон 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. Тэд ирэх сонгуульд ямар бодлого, стратеги төлөвлөгөөтэйгөөр оролцох талаараа ярилцжээ. Учир нь “МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан ч бид ирэх сонгуульд хүчтэй өрсөлдөгч байна” гэж мэдэгдсэн болохоор сонгуулийн бэлтгэл ажилдаа хэдийнэ оров.

Ц.НЯМДОРЖ ОГЦРОХ ЭСЭХ НЬ АН-ААС ХАМААРНА

УИХ-ын гишүүд өнгөрсөн баасан гарагт шөнөжингөө хуралдлаа. Тэд шөнөжин хуралдах болсон шалтгаан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой. Түүнийг Ардын намын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Д.Загджав, Ч.Улаан нарын гишүүн огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Тэдний хүсэлтийг хэлэлцэх нь битгий хэл тоохгүй байсан Ардын намын удирдлагууд чуулганы хуралдааныг шөнөжин хуралдах нөхцөл байдал үүсгэсэн ч байж мэднэ. Ямартай ч хэлэлцэх хуулийн хугацаа нь дуусчихсан байхад УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Нэг сайдын асуудлаас илүү Сонгуулийн тухай хуулиа хэрхэн явуулах талаар хэлэлцэх нь чухал байна” гэж байсан. Энэ хооронд Ц.Нямдорж сайдыг огцруулах бичиг өгсөн гишүүд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд, намынхаа даргатай уулзаж, “Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хурдан хэлэлцэх хэрэгтэй. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан хүнийг хүч хэрэглэн баривчилж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд нь унтаж байсан гэсэн хариулт өгсөн нь үнэхээр байж болох уу. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй” хэмээсэн. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн таатайгаар хүлээн аван, дэмжихээ мэдэгдсэн юм. Өнгөрсөн баасан гарагт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ц.Нямдорж сайд “Хууль зүй, дотоод хэргийн сайд нь баривчлах үйл ажиллагаанд оролцдоггүй. Гишүүдийн яриад байгаа сэжигтнийг баривчлах үйл ажиллагаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу болдог. Уг ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, өөр хэн нэгэн сайд оролцох ямар ч эрхгүй” гэв. Мөн тэрбээр “Н.Энхбаярыг баривчлах үеэр унтаж байсан” гэх үгээ “Хэвлэлийнхэн буруу ойлгосон байна. Би унтаж босоод гэснийг унтаж байсан гэж ойлгож” хэмээн булзааруулаад авсан. Ямартай ч Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс Ардчилсан намын найман гишүүн дэмжиж, бусад нь дэмжээгүй учир Ц.Нямдоржийг огцруулахгүй гэж шийдсэн. Харин чуулганы хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Энэ асуудлаа ирэх долоо хоногийн даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцье. Шөнө дөлөөр асуудлыг хэлэлцэх нь хаа хаанаа хар төрүүлнэ. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга асуудлаа оруулж ирэх гэж нэлээд цаг алдлаа. Тийм учраас Ардчилсан намын бүлгийн гишүүдээс уучлал гуйх ёстой” хэмээн чуулганы хуралдааныг орхин гарсан юм. Ийнхүү өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг дахин ярих юм.

Ц.ЭНХЦЭЦЭГ

“Улс төрийн тойм” сонин

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.