Нийслэл — 30 June 2014
30 гаруй мянган хүн амыг цэвэр, бохир ус, дулаанаар хангана
Түгээх

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын дэмжих хөтөлбөр”-ийн нэгдүгээр үе шатны төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  Мөн Хотын захиргаанаас төлөөлж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гарын үсэг зурсан юм. Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар болон албаны бусад хүмүүс оролцов.

3 жилийн хугацаатай хэрэгжих энэхүү төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд заагдсан, хөгжлийн хувьд стратегийн ач холбогдол бүхий хэсгүүд болох Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд байгуулагдах юм. Ингэснээр гэр хорооллуудад цэвэр, бохир ус, дулаан хангамж, хатуу хучилттай авто зам, МСҮТ, цэцэрлэг зэрэг нийгэм эдийн засгийн ач холбогдолтой ажлууд хийгдэх бөгөөд тохилог гэр хороолол бий болох бололцоо бүрдэх болно.

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зүгээс олгох хөнгөлөлттэй зээл, арилжааны зээл ба буцалтгүй тусламжийг оруулан тооцсон дүнгээр нийт 82.08 сая aм.доллар, Улаанбаатар хотын захиргаанаас 22.42 сая aм.долларын санхүүжилтийг хийх бөгөөд нийт 104.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Төслийг хэрэгжүүлсэнээр гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий дэд төвүүд бий болох, иргэдэд хүрэх эдийн засгийн болон төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна.

Баянхошуу дэд төв:  

Сонгинохайрхан дүүргийн 7,8,9, 10, 28 дугаар хороог хамарч байна.

Хүн амын тоо: 21,102

Сэлбэ дэд төв:

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо

Одоогийн хүн ам: 10,443

Ажлын байр :

Хөтөлбөрийн хүрээнд нийт 12,000-22,500 ажлын байр бий болно гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.