Засгийн газар — 30 June 2014
Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлын явцыг танилцууллаа
Түгээх

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлан ажилласан хагас жилийн хугацаанд ямар ажлууд амжуулсныг өнөөдөр болсон “Бүтээн байгуулалтын цаг”-аар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаныхан мэдээллээ.

3,4-р хороолол шиг хоёр ч хорооллыг дулаанаар хангах шинэ эх үүсвэрийг энэ онд ашиглалтад оруулна. “ДЦС-4” ТӨХК-ийг түшиглэн барьж байгаа энэхүү дэд станцын бүтээн байгуулалтын зэрэгцээ агаарын бохирдол ихтэй бүсэд уурын 5 зуухны ажиллагааг зогсоолоо. Эдгээр уурын зуухнаас дулаан авдаг байсан Баянгол дүүргийн 113-р сургууль, Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн А, Б байр, 124-р цэцэрлэг, 10-р хорооны цогцолборыг төвийн дулааны шугамд холбохоор шийдвэрлэлээ. Энэ онд нийслэлийн 45 мянган өрхөд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух олгохоос 29 мянгыг нь хүргээд байна. Үлдсэн 16 мянган айлд халаалтын улирал эхлэхээс өмнө олгох ба ингэснээр нийслэлийн 170 гаруй мянган өрх сайжруулсан зуухаар бүрэн хангагдана. Агаарын бохирдлын мэдээг иргэдэд нээлттэй хүргэх “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг удахгүй нэвтрүүлнэ. Эхний ээлжинд нийслэлд хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгийн автобусны буудлуудад агаарын чанарын мэдээг LED дэлгэцээр мэдээлнэ гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг чиглэл болох шингэрүүлсэн хийн агуулахын багтаамжийг нэмэгдүүлэхээр үндэсний хорооноос хэд хэдэн ажил хэрэгжүүлж байна. Тодруулбал, шингэрүүлсэн хий борлуулагч компаниудын нөөцийн савны багтаамжийн хэмжээ 2800 мЗ байсныг 5200 мЗ болгож, шингэрүүлсэн хийн ахуйн хэрэглээг нэмэхийн тулд 5000 айлыг хийн плиткаар хангах ажлыг эхлүүлжээ. Төмөр замын нэг вагоны тээврийн зардал 1,1 сая байсныг 600 мянган төгрөг болгон бууруулсан нь хэрэглэгчдэд шингэрүүлсэн хийг хямд өртгөөр хүргэх нөхцөл болно гэлээ. Үүний зэрэгцээ Казакстанаас хямд өртгөөр шингэрүүлсэн хий импортлохоор яриа хэлцэл хийж, биотүлш, сайжруулсан түлш үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байгааг үндэсний хорооныхон мэдээллээ.

Бодлогын түвшинд, эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн, сайжруулсан зуухыг гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр хуульчилсан, агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдолтой үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн стандартыг шинэчилж батлуулсан, удахгүй агаар бохирдуулсны төлбөрийн журам гаргана гэж Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Т.Хасбаатар хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх эдгээр ажилд энэ онд нийт 20,2 тэрбум төгрөг баталснаас 3,9 тэрбумыг нь зарцуулаад байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.