Улсын Их Хурал — 30 June 2014
Төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Түгээх

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шилэн данс болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёололоор санал хургаалгаж саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Шилэн дансны тухай хуулийн төслийн талаарх арван дөрвөн найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томъёололоор санал хураалган саналыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр байнгын хорооны хурлаас авсан завсарлага дууснаа мэдэгдэж Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д. Дэмбэрэл, Д. Хаянхярваа, Ч. Хүрэлбаатар, Ж. Эрдэнэбат нарын гаргасан Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэх байнгын хорооны санал, дүгнэлтэнд тусгая гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ч. Улаан, Ц.Цолмон, Р. Амаржаргал, Д. Хаянхярваа, Ц. Даваасүрэн нар бондын хөрөнгийг төсөвт оруулан тооцох эрх зүйн орчны зохицуулалтыг бүрдүүлэх, 2013 оны төсөв биелэгдээгүй хариуцлагыг тооцох, хэлэлцүүлэгт ажил хэрэгч хандах, гүйцэтгэлийн хэлэлцүүлэгийг ил тод ярилцаж цаашид зөв үнэлэлт дүгнэлт өгч хэлэлцэх саналуудыг гаргаж төсвийн зарлагын дэд хороонд явуулах дүгнэлтэнд оруулах зүйтэй гэж үзлээ.

Ингээд Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг байнгын хорооны гишүүд дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.