Эрхүү хот дахь Байгалын Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт тус сургуулийн “Хүндэт профессор” цол олгосныг гардуулах ёслол 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мөн сургуульд болов. Г.Занданшатар энэ сургуулийг Эрхүүгийн Улс ард аж ахуйн дээд сургууль нэртэй байхад нь 20 жилийн өмнө эдийн засагч мэргэжлээр төгссөн юм.

Хүндэт профессор цол олгох ёслол дээр тус сургуулийн ректор М.А.Винокуров хэлсэн үгэндээ “Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалаас эхлэн есөн Сангийн сайд, 800 гаруй эдийн засагч мэргэжилтэнг бэлтгэж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулснаараа бахархдаг”-аа дурдаад Г.Занданшатар тэдний сургуулийн “Хүндэт профессор” цол хүртсэн анхны Гадаад харилцааны сайд болохыг тэмдэглэв. Энэ арга хэмжээний үед Байгалын Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль цаашид дипломат албаны ажилтан бэлтгэх салбараа нээснийг оролцогчид ихэд билэгшээв.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай Эрхүү  мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцев уулзах үед Эрхүү хотын их дээд сургуулиудад Монгол Улсаас жил бүр 10 оюутан Орос Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг байсныг энэ оноос эхлэн 50 оюутан суралцуулах болгон нэмэгдүүлэх, мөн жил бүр 10 магистрант, 3 докторант суралцуулахаар шийдсэн нь Гадаад харилцааны сайдын ОХУ-ын Эрхүү мужид хийж буй айлчлалыг улам үр дүнтэй болгож байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.