Улсын Их Хурал — 30 July 2014
Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойн байрын хуралд УИХ-ын даргын хэлсэн үг
Түгээх

ГАЛДАН БОШИГТ ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 370 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт Ховдчууд аа!

УИХ-ын эрхэм гишүүд ээ!

Хүндэт зочид төлөөлөгчид өө!

Юуны өмнө та бүхэнд Ховд хотод ёслол төгөлдөр зохион байгуулж буй XYII зууны үеийн Монголын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч  Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, Баруун бүсийн их хурд наадмын баярын мэндийг хүргэе.

Монголчууд дэлхий дахины улс төрийн амьдралд гүнзгий ул мөрөө үлдээсэн ард түмэн билээ. Бидний монголчууд төр улсаа үүсгэн байгуулж, хамгаалан тэмцсээр 2220 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ түүхэн хугацаанд Монголын төрийн тусгаар тогтнол, шашин, соёлын хөгжилд гавъяат үйлс бүтээсэн төрийн зүтгэлтнүүд цөөнгүй төрсний нэг нь Зүүнгарын Галдан бошигт хаан (1644-1697) даруй мөн.

Галдан бошигт хааны өсөж бойжиж үйл ажиллагаагаа явуулж байсан XYII зууны үе бол Монгол орны улс төрийн амьдралд туйлын ээдрээтэй он жилүүд байлаа. Учир нь тухайн үед Төв Азид Манж Чин улсын түрэмгийлэгчдийн аюул занал нүүрлэж, Монгол орны төрийн тусгаар тогтнолд ноцтой саад тотгор учруулж байв. Иймд Монголчуудын тусгаар тогтнолд нүүрлэн буй тэр аюулыг Галдан бошигт зүгээр харж сууж түвдсэнгүй. Тэрбээр чухамхүү эл ноцтой аюулыг хэрхэн зайлуулах, Монголын тусгаар тогтнолыг хэрхэн хамгаалах талаар арга ухаан сүвэгчилж эхэлжээ.

Галдан бошигт 1671 онд Түвдээс Зүүнгарт буцаж ирснийхээ дараа Ойрад монголын олон аймгийг нэгтгэх тэмцэлд эрслэн босож, улмаар 1676 онд Зүүнгарын хаант улсыг байгуулжээ. Галдан бошигт хаан Зүүнгарын хаант улсыг байгуулсныхаа дараа хааны төв засаглал, улс төрийн нэгдлийг бэхжүүлж, засаг захиргааны шинэчлэлт хийх, мал аж ахуй, газар тариалан, гар урлал, худалдааг хөгжүүлэх талаар ихээхэн санаачилгатай ажилласан байна. Тухайлбал, Зүүнгарын хаант улсад шинээр бий болсон нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-д нэмэлт болгон хоёр удаа цааз гарган мөрдүүлсэн, зоос цутган гүйлгээнд гаргасан, Ховд, Улаангом, Кульжинск зэрэг хэд хэдэн хотын эх суурийг тавьсан зэрэг нь үүний гэрч болно.

Тэрбээр мөн шашны томоохон зүтгэлтний хувьд Зүүнгарын хаант улсад шарын шашныг дэлгэрүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцож, сүм хийд байгуулан, сахил санваар хүртээж явжээ. Энэ бүхэн нь түүнийг Зүүнгарын хаант улсын “шинэтгэгч хаан”, “хууль тогтоогч хаан” хэмээн нэрийдэхэд хүргэжээ.

Монголын түүх судлалын суурь бүтээлүүдэд цохон тэмдэглэснээр Галдан бошигт хааны үйл ажиллагааны нэгэн онцлог тал нь Манжийн түрэмгийллийн эсрэг эрс шийдвэртэй шургуу тэмцсэнд оршино. Тэгээд ч эдүгээ Манжийн түрэмгийллийн эсрэг нийт монголчуудын тусгаар тогтнолыг хамгаалан амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл хатан зориг барин тэмцсэн Галдан бошигт хааны баатарлаг гавъяа үеийн үед баларшгүй юм. Түүний “Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн гэрээслэл нь эх оронч монгол хүн бүрийн зүрхний лугшилт хэвээр байх болно гэдгийг ойн энэ өдөр онцгойлон захиж хэлье.

Монгол түмний минь буян заяа өөдөө байж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. modun haani ugiig galdan boshigtiinh bolgood baina daa ih hurliin dargaa medleg bolovsroloo deeshluul

Leave a Reply

Your email address will not be published.