Найман хувийн зээл зогсвол…

Эдийн засаг хямралд ороод, хүнээр бол аль хэдийнэ гэдэс нь хямарч, гүйлгэж эхэлчихээд байгаа. Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам хайхаар “Эзэн-100” хөтөлбөр зарлаад байгаа ч  үр дүн нь хараахан мэдрэгдээгүй л байна. Харин муу талаараа бол хангалттай мэдрэгдэж байгаа.

Юу гэвээс, ам.долларын ханш 1900 рүү аажуухан дөхсөөр л байна. Уг нь төр засгийнхан ам.долларын “далавч”-ийг тасдаж, газарт буулгаж ирэх юм ярьж байсан ч эсрэгээрээ улам л өндөр “нисч” байна.  Эдийн засаг хямарч, уул уурхай зогсонги байдалд орж, хөрөнгө оруулагчид Монголоос “дүрвэсэн” энэ үед ганц гялтайж байгаа салбар нь барилга.  Иргэдийг хамгийн их ажлын байраар хангаж, цалин мөнгө олгож байгаа гэдэг утгаар нь авч үзвэл гялтайж байгаа гэдэг нь илүүтэй мэдрэгдэнэ.

Харин барилгын салбарыг тэжээж байгаа цөөн хэдэн хүчин зүйлийн нэг нь найман хувийн зээл юм. Зөвхөн барилгын салбарт гэлтгүй орон сууцтай болохоор зүтгэж байгаа бага, дунд орлоготой иргэдийн хүсэл, зорилгыг “тэжээж” байгаа ганц зүйл нь найман хувийн зээл гээд хэлчихэд буруудахгүй байх. Өнөөдөр Монголын эдийн засгийн хамгийн том эргэлт болж байгаа зүйл нь ч найман хувийн зээл гээд хэлчихвэл буруудахгүй болов уу.

Гэтэл ойрын өдрүүдэд арилжааны банкууд найман хувийн зээлээ хумиж эхэлсэн, бүр зарим нь зогсоож байгаа талаархи мэдээлэл гарсан нь зарим хүний зүрхийг муутгах шахаж байна. “ХААН” банк гэхэд өнгөрсөн мягмар гарагаас  эхлэн  орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгохоо зогсоосон бөгөөд хэзээнээс дахин олгож эхлэх нь тодорхойгүй байгаа аж.

Харин “ХАС” банкны хувьд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа. Гэхдээ ийм зээл авах иргэдийн хүсэлт их байгаа учир зээл хэвийн үеэс удаж гарна хэмээн мэдээлж байгаа юм. Тэгвэл хамгийн томд тооцогдох “Голомт” банк найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өөрийн банкны харилцагчдад түлхүү олгож байгаа аж.

Харин “Төрийн банк”-ны хувьд  найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа ч   ийм зээл авах иргэдийн хүсэлт их байгаа учир  хэвийн үеэс удаж гарч байгаа гэнэ. Бусад жижиг, сажиг банкуудын хувьд үндсэндээ найман хувийн хүүтэй зээлээ зогсоогоод байгаа мэдээлэл байна.  Ерөнхийдөө найман хувийн зээл олгох асуудал нэг үеэ бодвол хумигдаж эхэллээ. Нэг талаас эдийн засгийн хямрал нөлөөлж байгаа байх.

Нөгөө талаас иргэдийн эрэлт ч нэг үеэ бодвол буурч байгаа.  Мэдээж байр авчих чадалтай, бэлэн мөнгөтэй нөхдүүд нь аль хэдийнэ 2, 3, цаашлаад 10, 20 байртай болчихоо биз. Зээл авчих, урьдчилгаагаа төлчих боломжтой хүмүүс нь ч гэсэн чадлаараа жижиг, том байр авчихсан байгаа.

Одоо зөвхөн бага орлоготойд тооцогдох хүмүүс л байр мөрөөдөж суугаа гэхэд болно. Гэхдээ бас дунд болоод бага орлоготой иргэдийн дунд нэг хэсэг бүлэг байна. Дунд орлоготой гэхээр биш, бага гэхээр бас биш, нэг тийм бүлэг иргэд байгаа. Тэд бол Засгийн газраас зарлаж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд баригдах хямд үнэтэй орон сууцыг хүлээж байна. Энэ утгаараа эрэлт буурч, нийлүүлэлт бага зэрэг өсч байгаа юм.

Тиймдээ ч орон сууцны үнэ энэ хавар болоод зун бага ч болов буурлаа. Буурах ч юу байх вэ дээ, хэтэрхий том болчихоод байсан хөөс нь арай багассан хэрэг. Яг үнэндээ хагарчихаагүй л байна шүү дээ. Харин найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогсвол хөөс хагарч магадгүй юм. Гэхдээ хөөс хагарахаас ч илүү зүйл болж магадгүй. Өнөөдөр Монголын эдийн засгийг ганц эргэлдүүлж, томоохон зээл гаргаж ирж байгаа салбар нь барилга.

Хэрвээ найман хувийн хүүтэй зээл зогсвол иргэд байр авч чадахаа болино. Одоо байгаа багахан эрэлт бүр нам болно.  Хэн ч хотын захад баригдаж байгаа орон сууцыг ам.метрийг нь  1.8 сая төгрөгөөр авахгүй шүү дээ. Тийм бэлэн мөнгө ч байхгүй. Тэгэхээр эрэлтийн “мотор” шууд зогсоно.

Ингээд ирэхээр байрны үнэ хямдарч, жинхэнэ утгаараа “хөөс” нь хагарч таарна.  Хэрвээ байрны үнийн “хөөс” хагараад, ам.метрийн үнэ нь шалдаа буугаад ирвэл дунд болон түүнээс арай бага орлоготой, одоохондоо байранд орж чадаагүй байгаа, банкны өндөр хүүг дийлчих боломжтой цөөн тооны иргэдэд боломж гарч ирэх юм. Харин нийтийн хувьд бол ашиггүй.

Өнөөдөр найман хувийн зээл авахыг бодож байгаа иргэдээс илүүтэй байрныхаа урьдчилгааг төлчихөөд, орон сууцандаа ороод, гэрчилгээгээ гарахаар зээлээ авах гээд хүлээж байгаа олон хүн бий.  Тэр хүмүүст найман хувийн зээл зогсоно гэдэг мэдээлэл хүнд тусах нь мэдээж.

Бүр зогсчихвол шууд дампуурахаас өөр аргагүй шүү дээ.  Барилгын компаниудад бүр ч ашиггүй. Найман хувийн зээлээр орон сууц авч байгаа иргэдээс орж ирэх мөнгө барилгын салбарынхны хөрөнгө оруулалтын ихэнхийг хийж байгаа гэхэд болно. Яах вэ, бусад орлогоороо орон сууцныхаа санхүүжилтийг хийгээд, барилга барьж байгаа мэр сэр том компаниуд бий.

Гэхдээ ихэнх нь иргэдийн авч байгаа зээлээр л хөрөнгө оруулалтаа нөхөж байна шүү дээ.  Тийм болохоор зээл зогсчихвол хөрөнгө оруулалт байхгүй болж, олон барилгын компани хүнд байдалд орно. Тэр хэрээрээ иргэд ажилгүй болно. Ингээд л хүндэрсэн эдийн засгийн “бие” улам муудах нь гарцаагүй юм. Тиймээс байрны үнэ өндөр байсан ч хамаагүй найман хувийн зээлийг зогсоож болохгүй гэсэн нөхцөл байдалд тулчихаад байна.

Өчигдөр өрнөж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Найман хувийн хүүтэй зээл олголт зогсоогүй байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Энэ  зээлийг үргэжлүүлэхийг Монголбанк дэмжиж байгаа. Монголбанкны Мөнгөний зөвлөл ярилцаж байгаад дундаж давхрагынханд зориулсан  ипотекийн зээлийн хүүг хэвээр үлдээхээр шийдсэн.

Ипотекийн зээлийг дэмжсэнээр  эдийн засагт нөлөөлж байгаа уул уурхайн хамаарлыг 90 хувиас 70 хувь болгон бууруулах хүргэх гэсэн зорилготой.  Монголбанкны зүгээс найман хувийн  хүүг цаашдаа чанаржуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бид хэрэглээний зээлийг хумиж ипотекийн зээлийг дэмжинэ.

Учир нь ипотекийн зээл хамгийн найдвартай байдаг” хэмээн ярьж, зүрхний үйл ажиллагаа нь муудаж байсан хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулав бололтой. Тэгэхээр  Монголбанк эдийн засгийг аврахын төлөө бүх хүчээ дайчлах нь байна.  Хэдийгээр Төв банкнаас бодлогын хүүгээ нэмсэн ч энэ мэтээр зөв алхам хийх бололтой.

Тэртэй тэргүй аяараа буух орон сууцны үнэ одоохондоо өндөр л байг. Найман хувийн зээл харин одоо зогсох юм бол эдийн засгийн хямрал дээд цэгтээ тулах байлгүй дээ.  Одоо бол бидэнд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги л дээр болчихоод байна шүү дээ.

Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.