Онцлох мэдээ — 30 December 2014
Холливудын зам зурайж, амьд домгууд ойгоо тэмдэглэсэн 2014 он

 

Өнгөрч буй 2014 оны хувьд урлагийн салбарт олон ч онцлох үйл явдал болж өнгөрлөө. Тэр дундаа Холливудад мөрөө гаргасан Б.Амарсайхан, Р.Анхням, Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцсон Т.Батцэцэг, урлагийн бүтээлд Төрийн соёрхол хүртсэн зэрэг онцлох үйл явдлуудыг тоймлон оны онцлох 10 үйл явдлыг тоймлон хүргэе.

1.Холливудад мөрөө гаргасан Амараа

-“Намайг Амараа гэдэг” хэмээн олон танигдсан “Боолын гэрээ”, “Үргээлэг” зэрэг дэлгэцийн олон арван бүтээлээр олонд танигдсан жүжигчин Б.Амарсайхан өнгөрөгч онд уран бүтээлийн арвин олз омогтой байлаа.

amaraa

Тэрбээр, Холливудын алдарт жүжигчидтэй хамтран “Нэфтликс” компанийн бүтээсэн Марко Поло киноны Аригбөхийн дүрийг амилуулах урилгыг хоёрдугаар сард хүлээн авч бүтэн жилийн хугацаанд дүрийнхээ бэлтгэлийг хийсэн юм.

Холливудын олон ангит “Марко Поло” энэ сарын 2-нд нээлтээ хийж, улаан хивсний ёслолд манай жүжигчин гэргийн хамт үндэсний дээд хувцсаар гангаран очсон юм.

Дүрдээ гайхмаар үнэмшилтэй хувирдаг гэх үнэлэлт авсан Амараа мөн энэ онд Үргээлэг гэх бүрэн хэмжээний кинонд дүр бүтээж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Холливудад мөрөө гаргасан түүнийг мэдээллийн сайтууд оны онцлох хүнээр нэрлэжээ.

2.Р.Анхнямын гоо үзэсгэлэн дэлхийг гайхшируулав

anhnyam

-“Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Хайрын эрэлд”, “Цагдаагийн тангараг”, “Гаадаа Мээрин”, “Секс эрх чөлөө” зэрэг кинонуудаараа олонд танигдсан жүжигчин Р.Анхням дараагийн Холливудад мөрөө гаргасан жүжигчин болсон юм.
Францын кино найруулагч Jean-Jacques Annaud өөрийн шинээр бүтээж буй “Wolf Totem” кинонд Монгол эмэгтэй жүжигчин Р.Анхнямыг сонгон авснаа өнгөрөгч хоёрдугаар сард мөн зарласан бөгөөд Хятадын зохиолч Jiang Rong-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа аж.

Кино төслийг China Film Group санхүүжүүлж байгаа бөгөөд 38 сая ам.долларыг бүтээлд төсөвлөсөн билээ. Энэ сарын 14-нд “Чонон сүлд” киноны албан ёсны трейлер цацагдсан юм.

3.Монголчууддаа л “Дэлхийн мисс” Т.Батцэцэг

battsetseg

-Дархан нутгийн унаган бүсгүй Төрбатын Батцэцэг яах аргагүй дэлхийн анхааралд орж чадсан билээ. 2014 оны “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн явсан тэрбээр өмнөх миссүүдээс гоо сайхан, бие хаагаар хавьгүй илүү байж дэлхийн миссийн тэмцээнд монгол бүжгээ сурталчилж хатдын гоо үзэсгэлэнг харуулаад амжсан юм.
Тэрбээр цахим санал асуулга, усны хувцастай гоо бүсгүй, авьяаслаг, спортлог мисст эхний 20-д багтаж байсан ч шилдгүүдийн эгнээнд багтаж чадаагүй юм.

Гэсэн ч 121 орны дэлхийн бүсгүйчүүдээс эхний хоёрт бүжгээ сонирхуулж, мөн монголчуудын хувьд яах аргагүй дэлхийн мисс нь байсан сайхан бүсгүй эх нутагтаа ирээд ч чамгүй олон ажил хийж амжуулж байгаа сурагтай.

4.Шагайн харваа “Юнеско”-ийн үнэт өвөөр бүртгэгдлээ

shagai

-ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотноо арваннэгдүгээр 24-28 ны өдрүүдэд болсон билээ. Энэ удаагийн хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэхээр хэлэлцэж Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан юм.

Монгол өвийг ийнхүү бүртгэн авсанд талархаж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Монгол үндэсний шагайн харваа нь зуун дамжиж монголчууд наадаж ирсэн нүүдлийн соёлын уламжлал бөгөөд байгаль орчинтойгоо уялдаа холбоотой мөн багийн хамт олныг дэмжсэн хүний тэсвэр тэвчээрийг шалгасан эрүүл мэндэд тустай наадгай юм. Ийнхүү бүртгэсэн нь Монгол Улсаас хүн төрөлхтөнд оруулж байгаа үнэт өв юм” хэмээсэн юм.

5.Хонхны дууг төр соёрхлоо

elbeg

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын нийт ард түмнийг ардчилалд уриалан дуудсан цогтой уриа болсон “Хонхны дуу”-нд энэ сарын 10-нд Төрийн соёрхол хүртээлээ. Монголд Ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг тохиолдуулан хүртээж буй Төрийн шагналыг уг дууны үг, аяыг зохиож, өөрөө анхлан дуулсан Сосорбарамын Цогтсайхан агсны гэр бүлийнхэнд гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын сүлд дуу-Сосорбарамын Цогтсайханы үг, ая “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээсүгэй” гэжээ. Төрийн соёрхол хүртээх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ““Хонхны дуу” нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн мөнхийн бүтээл болж, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгаа”-г шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ огцолсон юм.

6. Дуурийнхан уран бүтээлийн арвин олз омогтой байв

duuri

-Өнгөрөгч онд дэлхийд танигдсан маш олон уран бүтээлч төрсөн салбар бол дуурийн салбар юм. 2014 он ч гэлтгүй дуурийн дуулаачид жил бүр дэлхийн том хэмжээний тэмцээнээс тэргүүн байрыг нь авч байсан юм. Тухайлбал, Дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш ЗХУ-ын Ардын жүжигчин Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын 11 дүгээр наадам болсон юм.

Энэхүү уралдаанд манайхаас таван дуучин оролцож УДБЭТ-ын дуучин С.Батчимэг тэргүүлсэн юм. Мөн Г.Свиридовын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын V уралдаанд ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр оролцжээ. Уралдаан нийт гурван үе шаттайгаар болсон бөгөөд тэргүүн байранд ОХУ-ын дуучин орсон бол хоёрдугаар байранд Монгол дуучин Э.Анхбаяр орсон юм.

7.Бэлхүүсний бүжгээр дэлхийн аваргын цом хүртлээ

belhuus

Бүжигчин Н.Баярмаа “Belly dance” бүжгийн төрлөөр ДАШТ-ий FUSHION төрөлд монгол хатны бүжгээр дэлхийн аваргын цом хүртсэн амжилтаараа оны онцлох урлагийн салбарын хүнд нэр дэвшиж байна. Н.Баярмаа “Алтан ураг” хамтлаг, ятгачин н.Мөнх-Эрдэнэ нарын тоглосон аялгуун дор Мандухай цэцэн хатны дүрийг илэрхийлэн бүжжээ.

Ингээд орчин үеийн бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарч, бэлхүүсний бүжгийн дэлхийн аварга болсон бол уламжлалт бүжгээр шилдэг тавд шалгарсан байна. БНХАУ-д болсон бэлхүүсний бүжгийн энэ тэмцээнд дэлхийн 200 орчим бүжигчин оролцсон байна. Бүжигчин бүсгүй “Belly dance” бүжгийн клубын багшаар ажилладаг билээ.

8. “Хурд”-ынхан алтан пянзаа өлгийдөв

hurd

Өнгөрөгч 2014 онд хамтлагийнхаа 20 жилийн ойг тэмдэглэсэн “Хурд” хамтлаг ойн тоглолтынхоо хүрээнд чамгүй олон ажил хийсэн юм. Тоглолтынхоо орлогоор сайн үйлсийн аян хийж, мөн Монголын рок попын түүхэнд анх удаа алтан пянзыг АНУ-ын Лос-Анжелос хотноо хэвлүүлж авчирсан юм.

Мөн сонсогч фэнүүддээ зориулан “Хурд” нэрийн брэнд бүхий гитар, бөмбөрийн цохиур, гарын болон хүзүүний зүүлт, подволк зэргийг бэлдсэн бөгөөд 20 жилийн ойн тоглолтынхоо дараа ӨМӨЗО-ны таван хот болон Америкт аялан тоглож урлагаа дэлхийд сурталчилсан юм. Мөн 20 жилийнхээ ойн хүрээнд баримтат киногоо өлгийдөн авсан билээ.

9. Харангын амьд домгуудын бие даасан тоглолт

haranga

2014 онд ойн баяр нь тохиосон дараагийн хамтлаг бол 25 жил рок попын салбарт уран бүтээлээ туурвисан “Харанга” хамтлаг юм. Тус хамтлагийн уран бүтээлчид ойн баярынхаа хүрээнд тун өвөрмөц байдлаар бэлтгэсэн юм.

Бүтэн жилийн турш “Харанга” хамтлагийн уран бүтээлч бүхэн дангаараа бие даасан тоглолт хийж үзэгчидтэйгээ уулзсан билээ.
Бөмбөрчин, дуучин, гитарчин гээд бүгд л өөрсдийн бие даасан тоглолтоо 2014 оны турш үзэгчдэд өргөн барьсан юм. Тодруулбал, хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн “Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоо өнгөрөгч тавдугаар дугаар сарын 17-18-нд болсон.

Харин хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Морин хуур, Толин хул” хэмээх анхны бие даасан тоглолтоороо, аргил гитарчин Чука “Содон аялгуу” тоглолтоороо үзэгч фенүүддээ бэлэг барьсан юм. Харин хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш “HARANGA & Puje” тоглолтоо өргөн барьсан билээ.

10. “Алтан ураг”-ийн хөгжим Холливудад эгшиглэв

altanurag

Энэ сарын 12-ноос гарч эхэлсэн телевизийн 10 ангит драм “Марко Поло” кинонд монгол жүжигчин Б.Амарсайхан тоглосон бол мөн киноны хөгжмийг монгол хамтлаг тоглосон нь мөн л өнгөрөгч оны урлагийн онцлох нэгэн мэдээ болсон юм.

Энэ талаар анх Алтан ураг хамтлаг өөрсдийн фэйсбүүк хуудсандаа бичсэн юм. Тэрбээр, “”Алтан ураг” хамтлагийн хөгжмийг тус киноны арван ангийн туршид ашиглана. Манай хамтлагийн Европ дахь менежер Ж.Өнөрмаа хамтлагийг төлөөлөн бидний хөгжмийг “Марко Поло” кинонд ашиглуулах гэрээг Холливудын Weinstein Сompany-тай хийсэн юм.

Энэ нь бидний Холливудтай хийсэн хоёр дахь лицензийн гэрээ болж байна. Өмнө нь бидний хөгжмийг Сергей Бодровын найруулсан “Монгол” кинонд гэрээгээр ашигласныг та бүхэн мэднэ. “Марко Поло” кинонд монгол жүжигчид тоглохоос гадна монголын хөөмийчид, язгуур урлагийн хамтлаг оролцоно” хэмээсэн билээ.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. uuneesch ih garah ym zunduushdee, sponsorlood, demjihl dutuu bn.

Leave a Reply

Your email address will not be published.