Улсын Их Хурал — 30 January 2015
Намрын чуулган хугацаандаа завсарлах уу?

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 10-нд завсарлах учиртай. Гэхдээ төлөвлөсөн хугацаандаа асуудлаа хэлэлцэж дуусгахаас хамаарч хуулийн хугацаандаа завсарлах уу, ээлжит бус чуулган зарлах уу гэдэг нь шийдэгдэнэ. УИХ-ын дарга З.Энхболд асуудлаа шахаж хэлэлцэхгүй бол чуулган сар шинээр завсарлахад хүнд байгааг дуулгасан. Гэвч хэлэлцэх асуудлын дараалалд урт нэртэй хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль зэрэг багтаж байгаа юм. Тэгэхээр цаг хугацаанд шахагдаж түүхий хууль батлах уу гэх асуудал гарч ирж байгаа юм. Энэ асуудлаар зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо.

boldУИХ-ын гишүүн Л.Болд: Төлөвлөсөн хугацаанд хуулийн төслүүд батлагдаж амжихгүй байх тохиолдол аль ч парламентад байдаг. Төлөвлөгөө биелүүлэх гэж байгаа мэтээр хууль батлах асуудалд хандаж болохгүй. Чуулган завсарлах хугацаанд хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүд дээрээ ажиллаж, чамбай болгоод оруулж ирж болно. Засгийн газар огцорч, шинэ засаг бүрэлдэх хүртэлх хугацаа УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөллөө. Засгийн газар огцорно гэдэг улстөрийн амьдралд томоохон эргэлт авчирч байгаа юм. Гол нь сайн, зөв талруугаа явах ёстой.

batsuuri-УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Яригдах асуудал бол тэртэй тэргүй ар араасаа овоорч байдаг. Зарим өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэж амжихгүй, цаг хугацааны хувь тодруулах, судалгаа хийх асуудал бий. Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль өргөн барьсан. Энэ хуулийг нэлээд удаан хэлэлцсэний дүнд энэ хуулийг Засгийн газар татаж авч, эмхлэн боловсруулж оруулж ирэхээр боллоо. Тодруулбал, зөвшөөрлийн ангилал тогтоох шаардлагын үүднээс татаж авлаа. Аливаа хуулийг хэлэлцэхдээ тооцоо судалгаатай, нухацтай хандах шаардлагатай гэдгийг харуулж байна. Бүр 2-3 чуулган дамжаад хэлэлцэгдэх хууль ч бий. Аливаа хуулийн ард эдийн засгийн үр дагавар байдаг. Хилийн боомтын тухай хууль баталж, энэ хүрээнд байгууллага байгуулсан ч төд удалгүй энэ байгууллагаа татан буулгалаа. Энэ бүхэн аливаа хуулийг хурдан хугацаанд батлахдаа гол биш, тооцоо судалгаатай, цаашид гарах үр дагаврыг нь тооцож асуудалд хандах шаардлагатай гэдгийг харуулсан.

С.ОТГОН

Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.