Улсын Их Хурал — 30 January 2015
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ өдрийн үдээс хойшхи хуралдаанаар эхлээд Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тэгвэл үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явагдаж байгаа юм. Одоогоор 12 дахь саналыг хурааж байгаа бөгөөд хяналтын камер ажиллуулах эсэх, хүүхдийг харахдаа комьютер тоглоом тоглуулахгүй байх зэрэг заалтууд шүүмжлэл дагуулсан юм.

Тухайлбал, хүүхэд харах үйлчилгээний цэгт камер ажиллуулах заалтыг хассан нь шүүмжлэл сонссон бөгөөд хөдөө малчны хотод таван айл дундаа нэг хүүхэд харах үйлчилгээний тухай цэг байгууллаа гэхэд камер хаанаас олох, тог цахилгаан яах вэ гэдэг асуудал үүсэх учраас хотод байгаа цэгүүдэд камер байж болох түүнийг эцэг эхчүүд өөрсдөө тавьж өгөх байдлаар тусгах ёстой гэсэн санал гарган дэмжлээ.

Хүүхдийг харахдаа комьютер тоглуулахгүй гэдгийг шууд хасч болохгүй гэх саналыг УИХ-ын гишүүн С.Баярцогт гаргаж энэ асуудлыг тусгай журмаар зохицуулах заалтыг орууллаа. Мөн хүүхдэд шийтгэлийн арга хэрэглэхдээ бие махбодид гэмтэл учруулахгүйгээр шийтгэж болох юм гэсэн утга бүхий заалт байсан нь гишүүдийн шүүмжлэлтэй тулгарч хууль санаачлагч их сахилгагүй хүүхдийг чимээгүй суу гэх мэтээр бага зэргийн шийтгэл байх ёстой гэж үзсэн юм.

Тиймээс гишүүд эсэргүүцэж байгаа бол хүүхдийг шийтгэхийг  хориглоно гэсэн заалтыг хэвээр үлдээж ажлын хэсгээс орж ирсэн заалтаа  татаж байгаа юм гэв. Зарчмын зөрүүтэй санал хураалт үргэлжилж байна.

Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.