Улсын Их Хурал — 27 February 2015
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар оролцлоо.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийсэн мэдээлэлдээ, тус Байнгын хороо намрын ээлжит ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 11, олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Түүнчлэн яам, агентлаг, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл 3, Байнгын хорооны болон ажлын хэсгийн танилцуулга, төлөвлөгөө, тайлан зэрэг нийтдээ давхардсан тоогоор 40 асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хорооны хуралдаанаас нийт 33 санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 23 саналын томьёолол гаргасан тухай дурдав. Мөн тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо намрын ээлжит чуулганы хугацаанд гурван удаа хуралдаж, 6 асуудал хэлэлцэж шийдвэрлэснийг хэллээ.

Тус Байнгын хороо намрын чуулганы хугацаанд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан юм. Уг хуулиар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхтэй холбогдох тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэхээр зохицуулсан байна. Уг зохицуулалттай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох талаар өөрчлөлторуулжээ.

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр, “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт протокол”, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага”-ын конвенцийн нэмэлт, өөрчлөлт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар конвенц, лон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенц, ”Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах, нэгдэн орох тухай зэрэг 13 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулжээ.

Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай дипломат харилцаа тогтоох тухай, ”Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай зэрэг Улсын Их Хурлын 12 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан байна. Түүнчлэн 12 олон улсын гэрээ, хэлэлцээрийн зөвшилцөх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт хүргүүлжээ.

Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хүрээнд харьяалах салбарын үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцах, хуулийн хэрэгжилтийг шалгахад анхаарч ажиллаж ирснийг байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцлов. Тухайлахад, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг 8 удаа хуралдаж, гадаад харилцааны салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг гаргуулан судлах, санал дүгнэлт боловсруулах ажил гүйцэтгэж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсний зэрэгцээ Байнгын хорооны ажлын алба Дундговь аймаг дахь Зэвсэгт хүчний 278 дугаар ангийн үйл ажиллагаа, зэвсгийн агуулах, зэвсэг-техникийн хадгалалт хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцаж, ангийн удирдлагуудтай уулзаж, санал солилцжээ. Түүнчлэн Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, бүтэц, зохион байгуулалт болон салбарын үйл ажиллагааны талаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын танилцуулгыг сонсож, санал солилцсон байна.

Түүнчлэн авлигын асуудалд анхаарлаа хандуулж, авлигаас, тэр дундаа өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, МУИС, Азийн сан, Эмэгтэй удирдагч сан, Хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол-практикийн хурлыг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 120 гаруй төлөөллийг оролцуулж зохион байгуулсныг онцлов. Энэхүү онол-прктикийн хурлын илтгэлүүд болон хурлаас гаргасан зөвлөмжийг эмхэтгэн хэвлүүлж, аймаг, нийслэл, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн байна.

1 2
Тус байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн зарим асуудлаар нийт 65 судалгаа, лавлагаа, мэдээлэл, танилцуулга бэлтгэжээ. Тухайлахад, “Төрийн цэргийн бодлогын үндэс”, “Батлан хамгаалах бодлогын үндэс” төслүүд, Иргэний болон цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн талаар харьцуулсан судалгаа, БХЯ, ЗХЖШ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргасан байна. Мөн авлигатай тэмцэх талаарх олон улсын туршлага судалж, олон улсын байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаа, гадаадын зарим улсын туршлага, үр дүнгийн талаар “Авлигатай тэмцэх талаар гадаад орны туршлага, зарим тоо баримт” сэдэвт судалгааны ажлыг ном, хэвлэл материалаас орчуулж боловсруулжээ.

Мэдээллийн дараа Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.