Ц.Шаравдорж: Н.Энхбаярыг ямар нэг аргаар саатуулахыг хичээж байна

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдрийн 13.00 цагийн орчимд АТГ-ын хоёр ажилтан болох н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар МАХН-ын дарга Н.Энхбаярт зарлан дуудах хуудас өгч саатуулахаар завдсан талаар мэдээлсэн. Энэ талаар өнөөдөр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Г.Дугаржав, Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Л.Сэлэнгэ нар хэвлэлийн хурал хийлээ.Энэ үеэр Ц.Шаравдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас саатуулахыг завджээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-МАХН-ын дарга Н.Энхбаярт зохиомол хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа үйлдэл тасрахгүй байна. Өчигдөр 13.00 цагийн орчим АТГ-ын ажилтан болох н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар ирж Н.Энхбаяр даргад зарлан дуудах хуудас өгч гарын үсэг зуруулахаар оролдсон. Зарлан дуудах хуудаст хоёрдугаар сарын 27-ны 15.00 цагт АТГ дээр оч гэсэн байсан. Харамсалтай нь ямар шалтгаанаар ийнхүү зарлан дуудах хуудас өгч байгаагаа тайлбарлахаас татгалзсан. Бид ч ямар шалтгаанаар АТГ Н.Энхбаярыг дуудаж байгаа шалтгааныг тодруулж чадахгүй байна. Шинийн наймны билэгт сайн өдөр Н.Энхбаярын ээжийн 80 насны ой тохиосон. Гэтэл Н.Энхбаярыг ийнхүү саатуулж тэр сайхан өдрийн уур амьсгалыг АТГ-ынхан эвдэж, ямар ч шалтгаангүй хууль бус үйлдэл хийж байгаа нь ойлгомжгүй байна. Н.Энхбаяр урьд нь зохиомол хэргээс болж удаан хоригдож, эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс АТГ-ынхан зарлан дуудах хуудас өгөх нэрийдлээр хүнийг яаж хэлмэгдүүлдэгийг сайн мэднэ.

-Уг нь ямар хэрэгт холбогдуулж байгаагаа тухайн этгээдэд тайлбарлах ёстой биздээ?

-Хуулинд заасны дагуу хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн этгээдэд зарлан дуудах хуудас өгөхдөө ямар шалтгааны улмаар өгч байгаа болон мэдүүлэг авах, байцаалт өгөх алин болохыг заавал тайлбарлах үүрэгтэй. Гэтэл ямар шалтгааны улмаас АТГ-с дуудаж, зарлан дуудах хуудас өгч байгааг тайлбарлахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.

-Н.Энхбаярын өмгөөлөгч хаачсан юм бэ?

-Н.Энхбаяр даргын өмгөөлөгч орон нутагт ажилтай яваа учир иртэл нь зарлан дуудах хуудсыг авах боломжгүй. Зарлан дуудах хуудсанд гарын үсэг зураагүй бөгөөд хүлээж аваагүй. Гэтэл АТГ-ын хоёр ажилтан болох н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар заавал авахыг шаардаж удаа дараа ажлын байранд нь орсон байна.

-Тэгэхээр Н.Энхбаярыг саатуулах гэсэн нь зохион байгуулалттай гэж үзэж байна уу?

-Болж байгаа үйл явцаас харахад бүх юм ойлгомжтой байна. Ардчилалаар халхавч хийсэн дарангуйлал Монголд бий болчихож. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг ингэж хэлмэгдүүлж, хавчин дарлаж байхад энгийн иргэдийг яадаг нь ойлгомжтой. Н.Энхбаяр даргыг эх орондоо ирсэнээс эхлэн хууль хяналтынхан мөрдөн мөшгиж, ямар нэгэн аргаар саатуулахыг хичээж байна. Энэ нь дахин нэг зохиомол хэрэг тохохыг хичээж байгаагийн илрэл гэж харж байгаа юм. Энэ бүхэн эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа нь ч ойлгомжтой. Шударга үнэнийг ямар ч хамаагүй аргаар нухчин дарахыг оролддог болжээ. Хэдхэн хоногийн өмнө Ноён уулаа аварч үлдэхээр тэмцэж байсан жирийн шударга иргэдийн өлсгөлөнг хэрхэн хүчээр буулгасныг ард түмэн мэднэ.

Эх сурвалж: www.polit.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.