МАН-ын бүлэг ажлаа тайлагналаа
Түгээх

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа тайлагналаа. Намрын чуулганы хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг нь 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллажээ.

Мөн бүлгээс тавьсан шаардлагыг УИХ хүлээж авсанаар Шинэчлэлийн Засгийн газар огцорсон. Засгийн газар огцорсон нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эрх баригчдын явуулсан бодлого алдаатай, хууль зөрчсөн үйлдлээс нь улс орон хямралд орж, ард түмний амьдрал хүндэрсэн нь хариуцлага тооцох үндэслэл болсон гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Тухайлбал, 2012 онд болсон УИХ-ын сонгуулийн дараа МАН Засгийн газрыг хүлээлгэж өгөхөд эдийн засгийн өсөлт 14.5 хувьтай байсан бол хоёр жилийн дараа 7.8 хувь болж хоёр дахин буурсан, валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар байсан бол 1.3 тэрбум ам.доллар болж мөн л хоёр дахин буурсан. Валютын төгрөгтэй харилцах ханш чангарсаар 1888 төгрөгт хүрсэн, чанаргүй зээлийн хэмжээ хоёр дахин өссөн байна.

ЭЗ-ийн үзүүлэлтүүд Хэмжих нэгж 2012.07 2014.12. Харьцуулалт
1 Эдийн Засгийн өсөлт хувь 14.5 7.8 2 дахин буурсан
2 Гадаад валютын нөөц тэрбум ам.доллар 2.6 1.3 2 дахин буурсан
3 Гадаад валютын ханш

/ам.доллар/

төгрөг 1338 1888 40 хувиар өссөн
4 Инфляци хувь 9.7 11.0 1.3 пунктээр нэмэгдсэн
5 Улсын өр                                    /Засгийн газрын өр/ тэрбум төгрөг 4864,7 14218,9 3 дахин нэмэгдсэн
6 Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл тэрбум төгрөг 51.8 269.5 5,2 дахин нэмэгдсэн
7 Банкны системийн чанаргүй зээл тэрбум төгрөг 307.80 625.7 2 дахин нэмэгдсэн
8 Гадаадын шууд хөрөнгө оруулалт тэрбум төгрөг 4620.1 567.9 8 дахин буурсан
9 Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр тэрбум төгрөг 37,0 500,4 13,5 дахин нэмэгдсэн
10 МУ-ын өрсөлдөх чадвар Байр 93 107 14 байраар ухарсан

Эх сурвалж: Сангийн яам, Монголбанк, Үндэсний статистикийн хороо

Ийм байдлаар цааш явбал улс орны эдийн засаг улам хүндрэх байсан. Улмаар Засгийн газрыг шинээр байгуулах үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газарт хамтран ажиллах урилгыг ирүүлж, МАН Бага хурлаараа хэлэлцэн, хэд хэдэн болзол тавьж хамтрагч болсон.. Тухайлбал, эдийн засгийн уналтыг саармагжуулж, тогтворжуулах, ажлын байруудыг хадгалах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дарга нарын тансаг хэрэглээг танах, нэг төсөвтэй болох, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлэх, парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2015 онд багтаан хуульд заасан журмын дагуу хамтран шийдвэрлэх. Нэг мандат, нэг тойрог системээр сонгуулийг зохион байгуулах зэрэг хэд, хэдэн асуудал багтжээ. Тиймээс чуулган завсарласан энэ хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллахдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал, сонгуулийн можаритор тогтолцоо зэрэг асуудлын хүрээнд иргэдийн санал бодлыг сонсох аж.

Засгийн газарт хамтрахдаа тавьсан болзлууд нь хэрэгжсэн үү?

Хэвлэлийн хуралд оролцсон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарт сэтгүүлчид дээрх асуултыг тавихад хэд, хэдэн асуудлыг намрын чуулганы хугацаанд шийдвэрлэсэн тухай хариулт өглөө. Тухайлбал, УИХ Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд төсвийн ажил үйлчилгээ гүйцэтгээд мөнгөө авч чадаагүй 100 шахам аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Хувийн хэвшлийг бодлогоор дэмжих, ажлын байрыг нь хадгалж үлдээх тодорхой санаачилгууд гаргасан. Мөн Тавантолгойн төслийг цаг хугацаа алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах ажилтай  холбогдуулан МАН-ын бүлгээс 1072 ширхэг хувьцааны асуудлыг давхар шийдвэрлэх санаачилгыг гаргасан гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдээлэв.

Нэг төсөвтэй болгожээ

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Чингис бонд, Самурай бонд зэргийг улсын төсөвт багтаадаггүй, зарцуулалтыг нь хянах бололцоо хумигдмал байсан. Тэгвэл 2015 оны төсвийг батлах хүрээнд энэ алдааг засч, нэг тогоонд багтаасан. Мөн Чингис, Самурай бондын зарцуулалтыг шалгахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган Хөгжлийн банкинд шалгалт оруулаад байгаа аж. Хэмнэлтийн бодлогыг санал болгосноор Засгийн газрын зарим тусгай сангуудыг татан буулгаж, чиг үүргийн давхардлыг  яам, агентлагт нь хариуцуулахаар болсон. Ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэх нь улам дараа болох тул одоогийн төвшинд нь хадгалах ёстой гэсэн байр суурь барьж, төсвийн тодотголыг баталсан тухай тэд онцоллоо.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санаачилга гаргав

Нийгмийн хамгааллын салбарт МАН өнгөрсөн хугацаанд анхаарал хандуулан ажилласан. Цаашид ч анхаарч ажиллана. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй гишүүд ахмадуудын тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах санаачлага гаргасан. Гэхдээ энэ санал нь УИХ-аас дэмжлэг авч чадалгүй унасан юм.

Тэд ахмад настны тэтгэврийн зээлийн хүү  жилийн 18  хувь байгааг 9 болгон бууруулах санаачилга гаргасан. Хэдийгээр санал нь УИХ-аар дэмжлэг хүлээгээгүй ч дахин зүтгүүлэх аж.

Мөн бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Эхний ээлжинд тэтгэврийг тодорхой хувиар нэмэхээр болсон. Хөдөлмөрийн сайдтай хамтран Ажилгүйдлийг бууруулах төрийн бодлого боловсруулж удахгүй хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангана гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэв.

Эхчүүд, хүүхдийн мөнгийг хэвээр үлдээв

Засгийн газар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн 1, 2 зэргийн одонд олгодог урамшуулал, хүүхдийн мөнгө, жирэмсэн болон  нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд олгодог урамшууллын мөнгийг багасгах санал гаргасан юм. Тус бүлэг эдийн засгийн хямралтай үед төрөөс олгодог тэтгэмжийг танах шаардлагагүй хэмээн үзсэнээр дээрх урамшуулал, тэтгэмжийн мөнгийг хэвээр үлдээсэн гэлээ.

Хувьчлалыг зогсоожээ

Төрийн өмчийг хувьчлах асуудлыг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд нийгмийн салбарын зарим байгууллагыг хувьчлахаар жагсаалтад багтаасныг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байр сууриа хамгаалсан байна. Ингэснээр МУИС, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Боловсролын их сургууль, Улсын клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлгүүд, Халдвар, хавдар гэх мэт клиник эмнэлгүүд багтсан. Хэрэв эмнэлгүүдийг хувьчилбал үнэгүй хийгддэг байсан эмчилгээ, хагалгааны зардал асар өндөр болж, ард түмний нуруун дээр ирэх ачаа нэмэгдэнэ. Тиймээс МАН-ын бүлэг нийгмийн салбарын хувьчлалыг дэмжээгүй юм байна.

Ард иргэдийн санал бодлыг сонсоно

Хаврын чуулган хүртэлх хугацаанд ямар ажлыг хийх талаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв. УИХ-ын хаврын чуулган хүртэлх  хугацаанд МАН-ын бүлгийн гишүүд тойрог болон орон нутагт ажиллана. Ингэхдээ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, улс орон, ард түмний эрх ашигтай холбоотой Үндсэн хууль, сонгуулийн хууль болон улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудлаар ард иргэдийн санал бодлыг сонсож ажиллах юм байна. Тухайлбал, УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдээ боловсронгуй болгох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, өөрчлөлт оруулахдаа ямар асуудлыг шийдвэл зохистой, сумын Засаг даргыг ард түмнээс сонгодог болох уу, жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог одоогийн хуулийг өөрчлөх ёстой юу гэх мэт олон асуудлыг ард түмнээсээ асууж МАН-ын бүлэг шийдвэрлэх юм байна. Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө, гэмт хэргийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдийн саналыг сонсоно.

Үүний зэрэгцээ Засгийн газар ажлаа хэр хийж байна, яаж шахаж шаардаж ажиллах вэ, ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллана. Сонгуулийн тогтолцооны хүрээнд МАН 100 хувь можаритор буюу иргэд хэнийг өөрсдийн элч, төлөөлөгч болгохоо шууд шийддэг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө байгаа, мөн сонгуулийн “хар машин-ы тооллогыг хэвээр хадгалах уу, эсвэл өөрчлөх үү гэх мэт асуудлыг иргэдээс асууж шийдвэрлэнэ гэлээ.

Г.ДАРЬ

Эх сурвалж: http://www.news.mn/


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. yoyoy arai gej turd shurgalan . tusuv husch ul zalgalaaa . shvvvv . novsh gej

Leave a Reply

Your email address will not be published.