О.Баасанхүү: Пропорцианаль нь сайн
Түгээх

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлагдах чухал хуулийн төсөл бол Сонгуулийн нэгдсэн хууль юм. Уг хууль хэрхэн батлагдахаас шалтгаалж 2016 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулах уу, дан ганц тойргоос сонгох уу гэдэг сонголт тодорхой болно. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал яригдаад эхэллээ. Нэг хэсэг нь 48 тойргоос, 28 нь намын листээр сонгогддог хувилбар нь буруу юм байна. Бүгд тойргоос сонгогдох ёстой гэх. Нөгөө хэсэг нь өмнөх ололтоосоо ухарч болохгүй, 48:28 хувилбараа улам сайжруулах ёстой гэх. Та ямар байр суурьтай байна вэ?

-Дөрвөн жил тутамд сонгуулийн хуулийг өөрчлөх болж байгааг хараад би их гайхаж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр сонгогдсон 76 гишүүн 2012 оны УИХ-ын сонгуульд ялсныхаа дараа “Бид хамгийн сайн хуулиар сонгогдлоо” гэж ярьчихаад одоо болохоор хуулиа өөрчилье гэж буй нь логикийн хувьд буруу. Ер нь пропорцианаль тогтолцоог оруулж ирсэн нь тухайн үед МАНАН-гийн төр бий болоод толгойд байсан олигархуудыг хэн ч сонгохгүй болж байдал бишдэнгүүт хийсэн нуувч юм шүү дээ. Ерөнхий сайд асан Сү.Батболдыг, З.Энхболдыг, Н.Алтанхуягийг хэн ч сонгохгүй байсан байхгүй юу, тухайн үед. Тэгэнгүүт тэд жагсаалтын ард нуугдсан.

-Та намын нэрээр сонгогдсон шүү дээ?

-Аливаа хууль нийтэд тэгш үйлчилдэг гэдэг утгаараа тодорхой хэмжээгээр мөнгө төгрөг муутай шинэ залуу би мэт УИХ-ын гишүүд орж ирсэн л дээ. Одоо можаритор буюу тойргоор сонгогддог хувиа ихэсгэе гэж байгаа бол судалгаатай л байх ёстой.

-Таны хувьд аль хувилбар нь хамгийн зөв гэж үзэж байгаа вэ. Пропорцианаль нь давамгайлах ёстой юу, можаритор нь давамгай байх нь зөв болж байна уу. МАН-аас бусад нь пропорцианаль тогтолцоо руу шилжихийг дэмжээд байх шиг?

-Олон улсын жишгийг харах хэрэгтэй. Түүгээр бол можаритор биш пропорцианаль руу явж байна. Хоёрдугаарт, пропорцианалын үндсэн санаа нь нам үзэл баримтлалтай байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр МАХН-аас өөр үзэл баримтлалтай нам алга. МАНАН-гийн төр нь зүүний, барууны гэж аль нь ч мэдэгдэхээргүй болсон. Үзэл баримтлалгүй намыг иргэд сонгохгүй. Тийм учраас бие даагчдыг сонгоё гэж яриад байна. Тийм сонголт хийж магадгүй болонгуут МАН-ынхан пропорцианаль тогтолцооноос айгаад хувь хүнд найдаад байна л даа. Үзэл баримтлалтай болчих юм бол хүмүүс сонголтоо хийнэ. Шударга ёс, эрх чөлөө, ардчилал хүний эрхийг дээдэлсэн зүүний үзлийг сонгох уу, хувийн өмчид суурилсан засаглалыг дэмжсэн барууны үзлийг сонгох уу гээд сонголтоо хийгээд явдаг. Уг нь мөнгө төгрөг, хэн нэг бизнесмэний хяналтад орохгүй гэдэг утгаараа пропорцианаль тогтолцоо нь илүү сайн. Харамсалтай нь, олигархиуд тэрийг хүсэхгүй байх магадлалтай байна.

Г.ДАРЬ

Эх сурвалж: http://www.news.mn/


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.