Онцлох мэдээ — 31 March 2015
Хураагдсан машинууд хэний өмч болох вэ?
Түгээх

Дарга нарын тансаг хэрэглээг хязгаарлаж, хот дотор албан хэрэгцээний том оврын жийп унахыг хориглох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Шатахуун их зарцуулдаг, том оврын автомашиныг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглахыг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин унаж, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай машин ашиглах шаардлага тавьсан юм. Тэрхүү шаардлагыг гуравдугаар сарын 17-ны дотор биелүүлж, төсөвт байгууллагууд болон төрийн өмчит компаниудад ашиглаж буй жип машиныг хураах үүргийг Төрийн өмчийн хороонд өгсөн билээ. Гуравдугаар сар дуусч байгаа ч эл үүргийн биелэлт хангалтгүй байгаа ажээ. Энэ бол харамсалтай хэрэг. Гайхуулаад байдаг эх оронч үзэл энэ мэт багахан үйлээс ч үнэртдэг баймаар санагдана. Өнөөдрийн байдлаар Төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврынх юм байна. Байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолоор тогтоосон нормоос давсан хэрэг юм. Өнөгрсөн онд л гэхэд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй нийт автомашины гараашийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд 16.3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд таван тэрбум, жолоочийн цалинд 25 тэрбум гэхчилэн нийтдээ 50 тэрбум төгрөгийг унаа машины тансаглалд зарцуулжээ. “Үргүй” гэж тодотгож болох эдгээр зардлыг бууруулахын тулд Засгийн газраас гаргасан шийдвэр хэрхэн биелж байна вэ?

ЯАМ, АГЕНТЛАГУУДААС 40 АВТОМАШИН ХУРААЖ АВЧЭЭ

100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг том оврын жип автомашиныг буцаан татаж, төвлөрүүлэх Төрийн өмчийн хорооны даргын шийдвэрийг бүх яам, агентлаг, их, дээд сургуулиудад хүргүүлснээр яам, агентлагуудаас л гэхэд 40 автомашин хурааж аваад байгаа ажээ. Одоогийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдан авах ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газар дээрх шийдвэрийн дагуу автомашинуудаа хэл ам, хэрүүл тэмцэлгүйгээр буцаажээ. Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жапамбаа сайн дураараа жипээ хураалгаж, жижиг тэрэг унах болсныг жиргээчид хэсэг шуугисан. Энэ мэт эх оронч санаачилга дутмаг, бугшмал үзэлтнүүд цөөнгүй байгаагаас дээр нэр дурдсанаас бусад яам, агентлагууд авто машинаа төвлөрүүлээгүй өнөөг хүрчээ.

Тансаг тэргээ эвтэйхэн аваад үлдчих гэсэн хүмүүс элдэв арга сэдсэн нь ч бий. Сангийн яам “Патрол” маркийн машинаа “ХАА-ийн давхар даатгал” ХК-д балансаас балансад, Зам тээврийн яам болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам автомашинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлсэн зэрэг зөрчил эхнээсээ илэрчээ.

УБИС-ИЙН ЗАХИРЛЫН МАШИНЫГ АЛБАДАН ХУРААЛАА

c323271661b7f3e90ea503267524e32cbig

Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/-ийн захирал Д.Мөнхжаргал гэгч нөхөр улсын төсвийн хөрөнгөөр тансаг машин худалдан авсан төдийгүй түүнээсээ салахгүйг хичээх болжээ. Д.Мөнхжаргал өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оюутны сургалтын төлбөрөөс 172 сая төгрөгөөр 2013 онд үйлдвэрлэсэн L570 маркийн машин худалдан авсан байна. Их дээд сургуулийн захирал том оврын машин унах эрхгүйн дээр зөвшөөрөлгүйгээр худалдан авсан нь Засгийн газрын 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа хэрэг юм байна.

Эрх бүхий байгууллагын хүргүүлсэн шийдвэрийг биелүүлэхгүй, төрийн байгууллага дуудахад биечлэн уулзахгүй бүтэн нэг сар болсон тул Төрийн өмчийн хорооноос Замын цагдаагийн газарт мэдэгдсэний үндсэн дээр 95-51 УБА улсын дугаартай автомашиныг албадан хурааж авчээ. Төрийн өмчийн хороо, Замын цагдаагийн газрын мэргэжилтнүүд ажлаа гүйцэтгэх явцад захирал Д.Мөнхжаргал өөрөө байгаагүй төдийгүй удирдлага доорхи ажилтнууд нь сургуулийнхаа гражийн үүдэнд машинуудаа байрлуулчихаад зам чөлөөлж өгөхгүй, машиныг гаргахгүй, өгөхгүй зэргээр саад учруулж байсан гэнэ. “Ичиг, ичиг, ичиг” болж байгаа ганц жишээ энэ биш.

ХУРААСНАА ХЭРХЭХ ВЭ?

Яг одоогийн байдлаар ТӨХ нийт 57 том болон дунд оврын шатахуун их зарцуулдаг автомашинуудыг хураан аваад байгаа ажээ. Уг нь бол мянга гаруй машин байгаа, тэдгээрийн 50 хувийг хураалаа гэхэд 500-д дөхнө. Тэр олон хурааж авсан машинаа хэрхэх вэ. Мэдээж улсын төсвөөс хөрөнгө мөнгө зарж авсан машиныг буцааж худалдан хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь мэдээж. Хураасан машинуудыг худалдах, худалдан авах ажиллагаа хэр ил тод байх бол гэдэг нь гол асуудал юм. Хэрвээ төрийн асар их хөрөнгөөр худалдан авч ашиглаж байсан жип машины наймаа хэдхэн эрх бүхий хүмүүсийн хүрээнд хөшигний ард, ханцуй доторх наймаа маягаар өнгөрвөл одоо ашиглаж байгаагаасаа илүү хортой. Цөөн тооны мэдэл бүхий хүмүүсийн олз болгоод өнгөрөөхгүйн тулд хураасан машинуудын наймааг ил тод, дуудлага худалдаа байдлаар зохион байгуулах нь зөв болов уу.

Урьд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн санаачилгаар төрийн төмөр хөлгүүдийг “цаазлах” ажиллагаа нэгэнтээ өрнөж л байсан. Харин үр дүнг нь санаж байгаа хүн алга. Энэ удаа ч хэдийг хурааж, хэчнээн төгрөгөөр худалдан борлуулж, ямархуу үр дүнтэй ажил өрнүүлсэн нь мэдэгдэхгүйгээр өнгөрөх аваас хий сүржигнэлээс ялгаагүй болох билээ.

Д.ЦЭЭНЭ

Эх сурвалж:http://www.news.mn/


Түгээх

Холбоотой мэдээ

(3) Сэтгэгдэл

  1. Энэ мэдээлэл МУБИС-ийн бодит байдлыг буруу ойлгуулж байна даа. Багш бид хөдөө орон нутагт дадлагын оюутнуудаа эргэж тойроход том оврын унааны шаардлага гардаг.

  2. Хөдөө орон нутгийн салбар сургуулиуддаа хүрч ажиллахын тулд албандаа машин аваа л биз. Хэдэн тэрбумаар идэж ууж байгаа нөхдийг бичиж, илрүүлээсэй. ТӨХ-ы энэ тогтоол чинь аль дээр үеийнх. Одоо энэ засгийн газар юм хийж чадахгүй энэ мэтийг илрүүлсэн дүр эсгэж их ажил хийж байгаа мэт харагдаж байна. 100-н хэдэн сая-ын машин байтугай улс орныг газар шороо, баялагтай нь идэж буй дээрэмчдэд эрхэм сэтгүүлчид анхаарлаа хандуулах хэрэгтэй дээ.

  3. hotiin ali ch gazar mashin tavih zaigui bdag biz dee arai albaar haasan um bhgui bhaa um bolgoniig uls turjuulj haraar harahaa bolimoor um

Leave a Reply

Your email address will not be published.