Сонгууль — 31 March 2015
Сонгууль эхэллээ
Түгээх

Хаврын чуулган эхлэхээс урьдаж гэмээр сонгуулийн үйл явц өрнөж эхэллээ. Хаанаас, хэнээс гэдэг нь мэдэгдэхгүй байгууллагаас “Монголын шилдэг 50 эмэгтэй улстөрч” гэгчийг өөрсдөөс нь ч асуулгүйгээр барахгүй, мэдэгдэхгүй шалгаруулж, өдөр тутмын сонингуудаар нийтэлсэн нь түүнд багтсан хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна.

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газрын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа Сонгуулийн хуулийн төслийн талаар “48:28 хэвээрээ байна байх. 48 нь нэг мандаттай тойргоос сонгогдоно. Ийм хувилбар батлагдах магадлал өндөртэй. МАН жижиг 76 гээд байгаа. Тэр батлагдахгүй биз ээ” гээд шулуухан хэлчихлээ.

Хэдийгээр МАН санал тооллогын машиныг хүлээн зөвшөөрөхгүй, 76 тойрогтой мажоритари системээр явуулахыг санал болгож байгаа ч энэ нь бүтэхгүй бололтой. Хэрэвзээ МАН өөрсдийнх нь саналыг хүлээж авахгүй бол засгаас гарахаараа айлгаад нэмэргүй шүү гэдгийг УИХ-ын дарга “МАН гарсан тохиолдолд одоогийн Засгийн газар цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явахаар бодож, суудлын квот, хувиа тогтоосон юм. МАН-ын сайд нар гарлаа гэхэд 50 хувьд хүрэхгүй.Тиймээс оронд нь шинэ сайд нарыг томилон, Засгийн газрын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах боломжтой” гэдгээрээ хэлчихлээ.

Сонгуулийн өмнөх жил Засгийн газраар оролдохгүй, засгаа авахгүй гэдгээ ч тэр хэлж байна.
Ер нь сонгуулийн бэлтгэлээ улс төрийн хүчнүүд хаа хаанаа базаагаад эхэлжээ.

АН-ын даргын хувиар З.Энхболд ҮЗХ-ны гишүүдээ өчигдрөөс эхлэн хүлээн авч уулзаж байгаа гэнэ. Ингэхдээ сонгуульд сойх горилогчдын талаар ярьж байгаа бөгөөд заримд нь “Чамайг нэр дэвшүүлэхгүй” гэж шулуухан хэлж, дотоод ардчилалтай гишүүд нь ч үүнд нь бухимдан, намын дарга биш дүүрэг, аймгийн намын хороо шийддэг юмаа гээд хаалгыг нь саваад гарч байгаа сурагтай. Намын удирдлагын хувиар, Засгийн газрын харъяа агентлагуудын удирдлагуудад сайн ажиллаж байгаад нь ажлаа иргэдэд танилцуулж, муу ажиллаж байгааг нь эртхэн ажлаа өгөхийг ч сануулаад авчээ.

МАН ч энэ хугацаанд зүгээр байсангүй. Орон нутагт ажиллаж, чихээ онгойтол гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсч, генсек нь ард түмэндээ хайр зарлан Өмнийн говийн нүүрсний машины тоосыг шийдэж чадахгүй бол албан тушаалаа өгөөд зайлаараа гэх нь холгүй намжирдаж сууна.

Гэхдээ МАН дараагийн сонгуульд одоогийн даргаараа толгойлуулж орох сонирхолгүй байгаа аж. Шуудхан хэлчихээгүй байгаа ч хэрэв ийм удирдлагатай орвол шууд л далаараа тавиулна гэж хэзээний хоорондоо ярилцаад эхэлж, фракци, холбоод нь сэм сэмхэн ярилцаад эхэлсэн мэдээлэлтэй байна. Ингэхдээ намын дарга, ерөнхий нарийн бичгийг ч түлхэж, унагаах төлөвлөгөөтэй байгаа дуулдана.

Тэдний тооцоолж байгаагаар ирэх намар гэхэд намын удирдлагаа цэвэрлээд ирэх сонгууль руу дайрах гэнэ. Нам нь ялагдмагц сургуульд явсан залуус нь ч толгойгоо цэнэглээд ирж байгаа сурагтай.

Гэхдээ дараагийн сонгууль хоёр онцлогтой болох бололтой. Эхнийх нь УИХ-ын даргын хэлээд байгаачилан орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах. Харин хоёр дахь нь УИХ, гүйцэтгэх засаглалыг салгасан давхар дээлийг тайлуулах хууль 2016 онд үйлчилж эхэлнэ. Энэ нь УИХ-д нэр дэвших үү, намынхаа сонгуулийн ажилд сайн оролцоод гүйцэтгэх засаглалд суудал авах уу гэх сонголтыг тулгана аа гэсэн үг. Тиймээс өмнөх сонгуулиар төдийлөн ойшоохгүй байсан намын жагсаалтын төлөө багагүй тэмцэл өрнөж мэдэх нь. Хэрэвзээ нам нь ялбал жагсаалтаар УИХ-д орчихно. Ялагдвал гүйцэтгэх засаглал руу явах боломжтой гэсэн үг. 2000 он шиг нэг нам 80-90 хувийн суудал авах боломжгүй юм хойно олонх, олонх суудал авч чадахгүй бол олон суудал авсан нь бусадтайгаа зөвшилцөөд явах болохоор жагсаалтанд дээгүүр бичүүлэх тэнгэрийн умдаг атгасантай дүйцнэ ээ гэсэн үг.
Тиймээс үүний төлөөх өрсөлдөөн хэзээний өрнөөд эхэлсэн төдийгүй зарим нь намын удирдлагатай түнжин хагарч, “би чи”-дээ тулаад эхэлжээ. Ийнхүү 2016 оны сонгуулийн жиг жуг эхэлж, хөдөлгөөн ч ороод эхэллээ. Харин цаашаа хэрхэн өрнөхийг харах л үлджээ.

Л.НАРАНТӨГС

Эх сурвалж: http://www.news.mn/


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.