Монгол Ардын нам — 03 April 2015
МАН-ын залуус баян, ядуугаараа хуваагджээ

Ардчилсан намыг бодвол аливаа хэрүүлээ тогоон дотроо шийдэж чаддаг хэмээн сайрхдаг Ардын намын залуусын дундах хагарал ил цагаандаа гарчээ.

Өнгөн дээрээ Монголын залуусын эв нэгдэл, нөхөрлөл, дуу хоолойг нэгтгэсэн байгууллага хэмээн гоёор тодорхойлдог ч НАМЗХ бол олон хүний хувьд эрх мэдэлд хүрэх нэг гишгүүр болсоор ирсэн.

Тиймээс ч энэ холбооны ерөнхийлөгчөөр хэнийг томилох вэ? гэсэн асуудал МАН-ын залуусыг талцуулж, мөнгөтэй, боловсролтойгоороо ялгаран, хоёр хуваагдаад байгаа гэх.

НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан бөгөөд 2012 оны сонгуулийн дараа боловсролоо дээшлүүлэх зорилготойгоор Харвардад сурахаар явсан юм. Түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажиллах болсон.

Гэвч ирэх сард Л.Оюун-Эрдэнэ сургуулиа төгсөөд Монголдоо ирэх болсонтой холбоотойгоор Н.Номтойбаярын талынхан НАМЗХ-г гартаа авахаар улайрцгаах болсон нь тус холбоог хоёр хуваахад хүргээд байна.

Н.Номтойбаярыг дэмжиж байгаа хүмүүсийн олонх нь МАН-ын нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд. Өөрөөр хэлбэл, МАН-ын “өв залгамжлагчид”.  Бэлтэй аавын бэнчинтэй хүүхдүүд мөнгөөрөө “зодож”, НАМЗХ-г атгахаар улайрсан нь Удирдах зөвлөлд байгаа зарим залуусыг гэдэнг хөдөлгөсөн бололтой.

Намынхаа шинэ байрны  бүтээн байгуулалтад тэрбум төгрөг хандивлаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдаар, улмаар УИХ-ын гишүүн болсон Н.Номтойбаяр ийнхүү арван зургаан оны сонгуулийн өмнө дараагийн эрх мэдэлд хүрэх шатаа ахиулахаар зүтгэж эхэлсэн бололтой.

Түүний талд дандаа мөнгөтэй аавынхаа нэр нөлөөгөөр улс төрд орсон нөхдүүд зогсч байгаа нь Ардын намын ах нартаа ч таалагдахгүй байгаа гэх.

Л.Оюун-Эрдэнийг бор зүрхээрээ улс төрд зүтгэж яваа найзууд нь дэмжиж, НАМЗХ-ны ерөнхийлөгчийг сонгох асуудлыг түүнийг Харвардаас ирсэн хойно шийдэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа аж.

Ардын намд У.Хүрэлсүхийн фракц нэлээд нөлөөтэй гэдэг. Тиймээс У.Хүрэлсүхийн хуьд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа бол харин С.Батболд Н.Номтойбаярыг дэмжиж буй гэх мэдээлэл зүүн ордноос нисч байна. Тэднийг худ ураг бололцож магадгүй гэсэн явган яриа ч гарч байгаа юм.

Н.Номтойбаярын хувьд, хутга шөвөгний асуудлаас болоод нэг хэсэг “мунзуй” хочит Нямдорж гэгчтэй хэвлэлээр “байлдсан”.  Энгийн амьдрал гэж юу болохыг мэдэхгүй түүнд НАМЗХ-ны жирийн гишүүд тун ч дургүй байгаа. Л.Оюун-Эрдэнийг явснаас хойш энэ холбоо чухам юу хийгээд байгаа нь мэдэгдэхээ больсон гээд Н.Номтойбаярыг эсэргүүцэх олон шалтгаан байгаа гэх. Ямар ч байсан өнгөн дээрээ жигтэйхэн найзууд мэт харагдах МАН-ын залуус эрх мэдлээс болж ийнхүү намдаа хуваах уу гэдэг асуудал ч тавигдаж буй юм.

Ингээд Н.Номтойбаярыг хэн дэмжиж, Л.Оюун-Эрдэнийн талд хэн байгааг сонирхуулъя.

1. Н.Номтойбаяр    УИХ-ын гишүүн, МАК компанийн захирал

2. О.Содбилэг        УИХ-ын гишүүн, Петровис ХК-ийн хувь эзэмшигч

3. Н.Төмөрхүү        Зам тээврийн сайд, Өндөр буянт ХХК-ын захирал

4. Г.Тэмүүлэн         Уул уурхайн дэд сайд

5. О.Алтансүх         МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

6. Н.Цэрэнбат        UFC группын дэд Ерөнхийлөгч

7. П.Баярхүү         Жүжигчин

8. Б.Азжаргал         Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг дарга

9. Э.Бат-Амгалан    “Чингис хаан”нисэх буудлын менежер

10. П.Батхүлэг        Говь-Сүмбэр аймгийн ИТХ төлөөлөгч

11.З.Мэндсайхан    Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, С.Бямбацогтын туслах асан

12. С.Нямдаваа      “Эко Констракшн”компанийн захирал

13. А.Сэрээтэр       Нийслэлийн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

14. Ч.Гантулга        Ард даатгал компанийн менежер

15. Э.Золбоо         МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн хүү

16. Г.Түвдэндорж   “Торгоны зам”компаний менежер

17. Б.Мөнгөнчимэг “МИАТ”ХК-ын Хөгжлийн бодлогын газрын дарга.

Харин түүнийг НАМЗХ-ны тэргүүн болгохын эсрэг байр суурьтай буюу хуралд ирээгүй хүмүүс бол:

1. Л.Оюун-Эрдэнэ      НАМЗХ-ны Ерөнхийлөгч

2. Б.Бат-Эрдэнэ         НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга – Шадар сайдын зөвлөх

3. Д.Амарбаясгалан    НИТХ-ын төлөөлөгч

4. Б.Баярмагнай        НИТХ-ын төлөөлөгч

5. Б.Асралт                НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч

6. Ё.Нямжав               Шадар сайдын зөвлөх

7. Д.Бат-Энх             БХБЯ Төрийн нарийн бичгийн дарга асан

8. Д.Гантулга            НАМОХ-ны Ерөнхийлөгч

9. Д.Дэмбэрэл           Нийгмийн ухааны багш

10. Г.Дамдинням       ШУТИС-ийн проректор асан

11. Х.Дамдинсүхэн    SM компанийн захирал

12. Л.Нямбаяр          Монгол Шуудан ТӨК-ийн дэд захирал асан

13. Л.Соронзонболд  Худалдаа Хөгжлийн банкны дэд захирал

14. Н.Учрал              Шадар сайдын зөвлөх

15. Х.Хатанбаатар    Оюун ухааны академийн захирал

16. Н.Энхбаатар       Шадар сайдын зөвлөх

17. Б.Цогтгэрэл         УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх

18. З.Төмөртөөмөө      НАМЗХ PR хорооны дарга

19. Б.Пүрэвсүрэн      Мэтгэлцээн клубын захирал

20. Б.Пүрэвдагва      Thanks MAN клубын тэргүүн

21. Ч.Мэндбаяр         Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар гэнэ.

Б.ХОНГОР

Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.