МҮАН-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.

-МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн 2012 оны сонгуульд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр бусад намуудаас юугаараа онцлог болсон бэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Ярилцлага авч байгаад талархаж байна. Юуны өмнө “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” өөрийн гэсэн бяцхан улс төрийн түүхтэй, нэг өдөр бий болчихсон байгууллага биш гэдгээс яриагаа эхэлмээр санагдлаа. Монголын нийгэм нэг л биш ээ, бид буруу болоод байна гэдэг мэдрэмж олон хүмүүст байсан. Чухам юунаас болоод байна вэ гэдэг дээр санаа бодлоо чилээх хүмүүс их байлаа. Гэтэл 2008 оны сонгууль булхайтай болж, таван сайхан залуугийн амь настай тэнцэх стандарт бус үнэн хэрэг дээрээ хууль бус Засгийн газар байгуулагдсан юм.

Энэ цагаас хойш Монголын хоёр том нам өвөр түрийдээ орж МАНАН хэмээх улс төрийн үзэгдэл гаарах болсон. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэрэг дээрээ Оюу Толгойг гадныханд өгөх үү, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль байсан. Элбэгдорж ялж Оюу Толгойн гэрээ хурдтай хийгдсэн. МАНАН-г эсэргүүцэх зохион байгуулалттай улс төрийн хүчин бүрдэх ажил хэцүү ч хийгдэж л байлаа. Чухам ийм бодлоор анх МАХН, МҮАН нийлж Улс төрийн холбоо байгуулж байв. Бид сонгуульд эгнээгээ улам өргөтгөх бодолтой байсан. Н.Энхбаяр даргыг сүр дуулиантай баривчилсан нь хэрэг дээрээ томоохон сөрөг хүчин үүсэхээс айсан, тэдэнд цохилт өгөх гэсэн эрх баригчдын алхам юм. Бид ч нөхцөл байдлыг харж байгаагийн хувьд Улс төрийнхөө холбоонд суурилж Шударга ёс эвсэл байгуулсан.

Манай эвслийн хөтөлбөр асар өргөн, гүнзгий агуулгатай. Ардчиллын хэмээх 20 жилд олсон зүйл байдаг ч алдсан зүйл чамгүй. Хур их хогийг тийм ч амархан зайлуулахгүй. Хамгийн том алдаа бол монголчууд өөр хоорондоо хэмлэлдэн харь хүмүүсийн хоол болж байгаа нь  эмгэнэлтэй. Өс хонзон өвөрлөж бие биеэ үгүйсгэх нь төрийн бүр дээд түвшинд хүрснийг  бүгд харж байгаа. Энэ бол бидний систем, тогтолцоо Монгол үндэстэнд үйлчлэхээ больсны том нотолгоо. Үүнийг бид засахгүй бол хэн засах юм гэсэн бодлыг тээж явна. Товчхондоо бол бид таван хувьсгал гэсэн хөтөлбөртэй. Буу шийдэм  хангинуулах биш, Монголын нийгэмд чанарын өөрчлөлт авчрах Сонгуулийн хувьсгалын тухай яриа юм л даа.
Намууд олигтойхон юм ярьж өрсөлдөөсэй гэж боддог. Бодлогын өрсөлдөөнөөс Монгол хожих учиртай. Харамсалтай нь МАН болон АН энэ талаар дэндүү хоосон байна.

-Улс төрийн холбоонд Бүгд найрамдах нам орж байсан санагдаж байна. Гэвч тус намын дарга Б.Жаргалсайханыг танай эвсэл жийчихсэн учраас Хамуг Монголын хөдөлмөрийн намтай очиж нийлсэн гэх юм. Чухам юу болсон юм бэ?

-МАХН-МҮАН-ын улс төрийн холбоо нь зөвхөн  хоёр намын хүрээнд байгуулсан холбоо юм. Есөн жилийн хугацаагаар байгуулагдсан холбоо. Уг холбоо бусад намуудтай сонгуулийн эвсэл байгуулах ажлын хүрээнд хамтран ажилласан. Одоо ч холбоотой, цаашид ч ажиллана гэсэн бодолтой байна. Харин хамтран сонгуулийн нэгэн эвсэл байгуулж чадаагүйн шалтгаан нь лидер төвтэй эвсэл байгуулах ажлыг нь Энхбаяр даргыг баривчилснаар олигархиуд тасалдуулсан.

-Их хуралдай боллоо. Шударга ёс эвсэл нэр дэвшигчдээ ямар шалгуураар тодруулсан бэ. Мэдээж ялалт авчрах бүрэн итгэлтэй хүмүүсээ сонгосон байх гэж бодож байна?

-Тавьсан шалгуур бол бидэнтэй зүрх, сэтгэлээрээ нийлж нэгэн баг болж ажиллах чадварыг чухалчилсан. Алсын хараагаа ойлгосон, ард түмэндээ ойр байж чадах баг бүрдүүлсэн гэж бодож байна. Бидний дунд төрийн болон улс төрийн зовлонг үзэж, алдаж онож, унаж тусаж явсан том лидерүүд олноор байгаа.  Бидний дунд олны мэдэх Ойдов аварга, Нарангэрэл хуульч, дуучин Жавхлан гээд олон хүн бий.  Би тэдний ярихыг чих тавин сонслоо. Биднээс дутахгүй улс төрчид л байна гэж бодогдсон шүү. Бидний дунд өндөр боловсролтой, ирүүдэйд итгэж болох сайхан залуус байгаа. Ер нь хольцыг нь тааруулах гэж хичээсэн. Эцсийн эцэст Монголоо зөв болгон өөрчлөх том баг бий болсон гэж бодож байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр хүүтэйгээ хамт нэр дэвшихээр болсон байна лээ. Сонгуульд аав, хүү хоёр зэрэг нэр дэвшиж болдог юм болов уу гэсэн асуултыг олон хүн сонирхож байгаа байх. Энэ талаар юу хэлэх вэ?

-Н.Энхбаяр даргатай уулзсан. Өлсгөлөн зарлаад хэвтэж байхдаа элдвийг л тунгаалаа, өөрийг нь яаж доромжилж, яаж бөгсөөр нь хооллох гэж галзууруулсан тухай, яаж хүү нь энэ богинохон хугацаанд танигдахгүй эр хүн болсон тухай олон зүйлийг ярьсан юм. Төрдөө зүтгэсэн хүнд халгаатай байдаг монгол “уламжлал”-ыг ч бодсон  Энхбаяр даргыг элдэвлэсээр шоронд илгээвэл Энхбаярынх  гэдэг айлд Батшугараас өөр эр хүн байхгүй, хэдэн охид, эмэгтэй үлдэх  юм байна лээ. Аавын зовлонг хүү нь мөн адил туулья Монголын төлөө зүтгэе гэж байгаа бол би дэмжиж байна. Энэ утгаар МАХН-аас нэр дэвшүүлснийг ойлгож болно.

-МАХН, МҮАН сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа 70:30 гэсэн харьцаатай оролцсон гэж сонссон…

-Чухам ямар харьцаатай болсныг ер нь сонирхоогүй. Энэ бол чухал биш. Бид ялбал хамтаараа, ялагдвал хамтаараа гэсэн зарчимтай л яваа.

-Та Дархан-Уул аймагт нэр дэвшсэн харагдсан.  Яагаад энэ тойргийг сонгож авсан бэ?

-Хялбархан тойрог биш ээ. Нам, эвслийн ажил зохион байгуулж байгаа Тэрбишдагва, Улаан гээд над мэтийн хүмүүст биеийн амарыг хайх эрх байхгүй.
Нөгөөтэйгүүр Улаанбаатар, Дархан гээд хамгийн том хоёр хотод эвслийн байр суурийг зөв ойлгуулж дэмжлэг авах том үүрэг бидэнд ногдож байгаа юм. Дарханчууд намайг ойлгож хүлээн авах болов уу гэж найдаж байна.

-Энэ сонгуульд МҮАН-ын баримтлах тактик, тусгайлан баримтлах мөрийн хөтөлбөр байгаа болов уу?

-Бидний бүх ажил Эвслийн хүрээнд хийгдэнэ. Сонгуулийн хугацаа богинохон ч сонирхолтой ажиллана гэж бодож байна.

-Сүүлийн үеийн судалгаагаар МАХН-ын рейтинг өндөр гарч байгаа тухай яригдаж байна. Ирэх сонгуулийн ялалтыг шударга ёс эвсэл авч магадгүй гэсэн таамаглал байх шиг байна. Ер нь Ардын нам ялагдах нь ч гэж ярих хүмүүс бий. Та энэ талаар ямар бодолтой яваа вэ?

-Тааж ярих хэрэггүй байхаа. Би хувьдаа МАН болон АН-тай улс төрийн тооцоо бодох ёстой гэж боддог. Миний хувьд Оюу толгойг гадныханд найр тавьж Монголыг өр зээлд унагаасны төлөө, Таван толгойг өөр хоорондоо хувааж идэж байгаагийн төлөө, амлалтаа биелүүлэхгүй ард түмнээ ядууруулсны төлөө, үндэсний уламжлалаа гээж ирээдүйгээ хүн адгуус болгож байгаагийн төлөө, төрт ёсоо гээж улс төрийн хэлмэгдүүлэлт эхлүүлсний төлөө гээд би лав л тооцоо хийх хүсэлтэй байгаа.

– МАХН-МҮАН төрийн эрхийг гартаа авбал өс хонзонгийн төлөө л явна гэсэн зарим хүмүүсийн таамаг үнэн юм байна гэж ойлгож болох уу?

-Монгол үндэстэнд бусдын боол болохгүйн төлөө  тэмцэх сэтгэлийн хат байх ёстой. Түүнийг өс хонзон гэж нэрлэвэл яадгийм л гэж хэлнэ. Хувь хүний хувьд тэр тусмаа монгол хүн монгол хүндээ өс санахыг би зөвшөөрдөггүй. Үүнийг уламжлалт шашин маань зөвшөөрдөггүй. Би сунаж мөргөөд байдаггүй ч шүтлэгтэй, өөрийн гэсэн үнэлэмжтэй хүн.

-Та барууны хөрөнгө оруулалтыг яагаад ингэтлээ эсэргүүцээд байдаг юм бэ?
-“Гадаадын хөрөнгө оруулалт” гэдэг нэр томьёог манайхан бүгдээрээ ярьж мэднэ. Зарим нь бүр тахин шүтдэг. Гэтэл “дотоодын хөрөнгө оруулалт” гэсэн нэр томьёо байна уу. Хэн ярьж байна. Ямар хэвлэл энэ талаар ярьж байна вэ. Огт байхгүй. Өөрийн бие даасан бодлоготой төр шиг төр байсан сан бол ингэхгүй байлаа. Одоо бол гадныхныг шүтнэ, гадаадын хөрөнгө оруулалт, гадны зээл тусламж гэсэн колони орны сэтгэлгээнд автчихаад байгааг би эсэргүүцэж байгаа юм.

-Ер нь энэ улс орныг яавал өөд нь татах бол. Танд ямар төлөвлөгөө байна вэ?

-Ганц нэг үгээр хариулахын аргагүй асуулт байна. Бидэнд үндэсний эрх ашгаар засаглах бүтэн үзэл баримтлал байна, Шинэ Үндсэн хуулийн төсөл байна, Хөтөлбөр байна, Боловсон хүчний баг байна. Ард түмэн хариуцлага үүр гэвэл хийх ажил асар их.

-МАНАН-г хүчирхийлэл, дарангуйллын аргаар дарж устгах тухай МАХН-МҮАН-ынхан ярьдаг гэсэн шүүмжлэл бас болгоомжлол нийгэмд байдаг.  Уг нь дайн дажингүй Монгол Улс маань мөнхөд тайвнаараа байвал сайхан байна. Хүчирхийлэл, дарангуйллыг хүсээд байх хүн байхгүй л болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ гэдгийг улс төрчид ойлгодог. Үүнээс зайлсхийх арга хэмжээ авдаг байх учиртай. Эс бөгөөс Африк нүдэнд харагдаж байна. Цөөн монголчууд өв уламжлалаа, аав, ээжийн сургаалийг дагавал ийм явдал болохгүй. Харин гадны заавар зөвлөгөөгөөр ажилбал хэцүү л болох байх шүү.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт тохиолдсон сүүлийн үеийн үйл явлуудын талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй нь…

-Үе Үеийн Ерөнхийлөгчид нийлэн байж Монгол төрийн “хар хайрцаг” болдог жамтай. Энхбаярын, Очирбатын, Багабандийн, Элбэгдоржийн ард түмнээс авсан итгэл зүтгэл, нэр хүнд  Монгол үндэстэнд үйлчлэх ёстой гэж боддог. Дээрх хүмүүс гадныхантай уулзаж юу ярьж байсныг тэднээс өөр мэдэх хүн байхгүй. Тэд хэлж ярьдаггүй санаагаа, дэлхийд дуурсгасан нэр хүндээ нэгтгэн байж “ хар хайрцаг” бүрдэн жижигхэн Монголын тусгаар тогтнол хадгалагдана.  Хар хайрцагийг эвдлэхийг харийнхан сонирхож байгаа. Энхбаяр гэдэг хүний тухай гэхээсээ илүү Монголоо гэсэн алсын хараа үгүйлэгдэж байгаад харамсаж байна. Гэвч өөдрөг байцгаая.

-Ер нь та энэ үйл явдлуудыг эргээд харахад ямар дүгнэлт өгөх вэ?

-Цэвэр улс төр. Дэлхийд Монголыг гутаасан явдал. Бид бусдыг дуурайж шогтох хэрэггүй. Бид Араб биш. Бид Монгол үндэстэн, монгол соёл иргэншил. Их гүрнүүдийн дунд орших цөөн хүнтэй агуу үндэстний бодлого өөр байх ёстой.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.