Түгээх

Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих асуудал ид хүчээ авч байна. Үүнтэй холбоотойгоор Европын холбооны улсууд парламент дахь эмэгтэйчүүдийн  хатуу квотыг тулгаж байгаа нь олон улсын дэмжлэгийг авч байгаа.

Энэ асуудалд манай улс ч нэгдэж, 2015 он гэхэд парламентынхаа 30 хувиас дээш хэсгийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ хэмээн Мянганы сорилтын сангийн өмнө үүрэг хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын Сонгуулийн тухай хуулиндаа парламентын сонгуульд оролцогч нам, эвслийн нэр дэвшигчдийн 20-иос дээш хэсэг нь эмэгтэйчүүд байна хэмээн хуульчилсан билээ.

Уг хуулийн заалтын дагуу 2012 оны УИХ-ын сонгуульд оролцогч нам, эвслүүд нэр дэвшигчдээ зарлаж, 76 нэр дэвшигчийн 20 хувь буюу 16 эмэгтэйг парламентын сонгуульд нэр дэвшүүлж байгаа. Эндээс харахад, 2012 оны сонгуульд урьдчилсан байдлаар 1000 гаруй нэр дэвшигч өрсөлдөхөөс 120 орчим нь эмэгтэйчүүд байх юм.

Энэ нь өмнөх сонгуулийн үеэрх эмэгтэйчүүдийн оролцоог бодвол өндөр үзүүлэлт хэдий ч хувилан үзвэл, нийт нэр дэвшигчдийн 10 гаруй хувийг  эзлэх аж.

Дээрх тоон үзүүлэлт олон улсын өмнө бидний өгсөн амлалт биелэх магадлал ямар хэмжээнд байгааг нэг талаар харуулах болов уу.

Монголчууд ардчилсан замаар явсан 20 гаруй жилийн түүхэнд нийт АИХ-ын нэг, УИХ болон орон нутгийн тав, Ерөнхийлөгчийн таван удаагийн сонгууль явуулсан. Харин сонгууль бүрт эмэгтэйчүүдийн оролцоо ямар байсныг зөвхөн УИХ-ын сонгуулийн дүнгээс харвал:

1992 оны сонгуулиар УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд тэд УИХ-ын 76 суудлын 70-ыг нь, авч байсан үед хүйсийн төлөөллийн хувьд гурван эмэгтэй сонгогдсон нь нийт гишүүдийн 3.94 хувийг эзэлж байв.

Харин 1996 онд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал /65.30%/ авснаар Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болж, МАХН /МАН/ түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар хүйсийн төлөөллийн хувьд долоон эмэгтэй гишүүн байсан нь нийт гишүүдийн 9.2 хувийг эзэлж өмнөхөөсөө үзүүлэлт дээшилж байлаа.

Тэгвэл 2000 оны сонгуулиар МАХН 72 суудал /94.70%/ авч үнэмлэхүй олонхи болсон тэр цагт найман эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 10.5 хувийг эзэлсэн байна.

2004 оны сонгуулиар МАХН 36 суудал /47.3%/, Ардчилсан Нам, Эх Орон Намын “Эх орон-Ардчилал” эвсэл 36 суудал /47.3%/, БНН 1 суудал /1.30%/ авч, Ардчилсан Намын гурван гишүүн бие даан нэр дэвшин сонгогджээ. Харин тэдгээр гишүүдийн тав  буюу 6.7 хувь нь эмэгтэйчүүд байв.

2008 оны сонгуулиар МАХН 45 суудал /59.21%/, Ардчилсан Нам 28 суудал /36.84%/, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” нэг суудал /1.30%, ИЗН нэг суудал /1.30%/ авч, нэг бие даагч сонгогджээ. Энэ үед хүйсийн төлөөллийн хувьд гурван эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 3.94 хувийг эзэлж байна.

Эмэгтэйчүүдийн эзлэх хувь өсөж байгаад буурсан үзүүлэлт энэхүү 2012 оны сонгуулийн үр дүнгээр ямар хэмжээнд хүрэхийг харахад нэг сарын хугацаа үлдлээ.

С.Энхзаяа


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.