Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн өнгийг шинжвэл, өмнөх парламентын сонгуулийн нэр дэвшигчтэй харьцуулахад “мөнгөлөг агаад өнгөлөг” залуус нэлээд хүч үзэх нь ээ. Тэр тусмаа 90 жилийн түүхтэй эрх баригч намын хувьд ийм олон залуусаар нэр дэвшигчдээ бүрдүүлжээ. Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Ш.Отгонбилэг агсны хүү, Бага хурлын гишүүн О.Содбилэг, “МАК” группийн ерөнхийлөгч Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр, Сангийн дэд сайд, “Хас”-ын Ч.Ганхуяг, Ерөнхий сайдын зөвлөх Б.Амарсанаа, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал, Монгол Улсын аварга Д.Сумьяабазар, “Монголын үнэн” сонины эрхлэгч, яруу найрагч Ж.Мөнхбат гээд нэгэн үеийн залуус анх удаа УИХ-д нэр дэвшлээ. Гэвч Монголын улс төрд шинэ цус сэлбэх, боловсрол мэдлэгтэй залуусаар ирэх парламентыг бүрдүүлэх нь гэж найдсан ч, харамсалтай нь тийм биш бололтой. УИХ-д сууж, төр барилцах хэмжээний болсон залуу улс төрч эдэн дотор нэг л харагдахгүй байна. “Хас”-ын Ч.Ганхуяг, Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр нар эдгээр залуус дотроо мэдлэг боловсролтой, бага сага ажлын туршлагатай гэдгээрээ арай илүү байж мэдэх юм. Гэсэн ч парламентад сууж, хууль батлалцах хэмжээний биш юм. Нөгөө хэдээс нь ч авах юм алга.
Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, “МАК” -ын Нямтайширын хүү Н.Номтойбаяр гээд хөрөнгө мөнгөтэй, айлын эрх танхил хөвгүүдэд төр барилцах туршлага энэ тэр гэж юу байхав. Тагнуулын байгууллагад зургаан жил мөрдөн байцаагч хийсэн Н.Номтойбаяр бол бүр ч “А”-ч үгүй. Яахав хөрөнгө мөнгөтэй учраас намдаа тэрбум төгрөгийн хандив энэ тэр өгч байгаад л шууд дэд сайдын суудалд суучхаж байгаа юм. Хэдэн сар дэд сайдын албан тушаал хашсан нэр нь түүний намтар хийгээд сонгуулийн сурталчилгаанд нь хэрэг болох биз. Энэ залууд Дорнодчууд дэмжлэг хүлээлгэж, санал өгнө гэдэг хэцүү л дээ.
О.Содбилэгийн хувьд бас л цагаанаараа цаас даа. Ш.Отгонбилэг агсны хүү гэдгээр нь түүнийг олон нийт сүүлийн үед гадарладаг болоод байгаа. О.Содбилэгийн PR ч энэ чиглэл рүү аль эртнээс яваад эхэлчихсэн. Ирэх сонгуульд О.Содбилэг аавынхаа нэрийг “бариад” л орох юм шиг байгаа юм. Түүнээс мань эрд хийж гийгүүлсэн ажил, туршлага гэж юу байхав. Н.Номтойбаярыгаа бодвол гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн байх давуу талтай.
Г.Тэнгэрийн хувьд намын залуучуудын байгууллагад хэдэн жил ажиллаж, намдаа үнэн ч “гүйсэн” нэгэн юм байна. Тиймдээ ч дуулгавартай гэдгээрээ Гадаад харилцааны дэд сайдын суудлыг өгсөн гэдэг. Японд боловсрол эзэмшсэн, хэл устай гэдгээрээ намын сайн боловсон хүчинд тооцогддог юм байх. Мэдээж улс төрийн туршлагаар маруухан. Түүний хувьд энэ тэр гээд гоочлоод, бас онцлох зүйлгүй.
Яруу найрагч Ж.Мөнхбатын хувьд бол цуутай “сайн эр”-үүдийн нэг. Хэдэн жилийн өмнө МАСЗХ (НАМЗХ)-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Ж.Мөнхбат казиногийн хэрэгт холбогдож, эгээтэй л “аав”-ын хаалга татчихаагүй. Ах нарынх нь буянаар бас гадагшаа оргон зайлаагүй бол ч мань эр эвгүйтэж байсан үе бий. Ж.Мөнхбатыг яруу найрагч, “Болор цом” наадмын эзэн гэдгээр олон нийт түүнийг мэддэг. Г.Тэнгэртэй ижилхэн намын залуучуудын байгууллагаар дамжиж албан тушаалд горилж яваа нэгэн. Сэтгүүлч мэргэжилтэй. Төрийн албанд битгий хэл мэргэжлээрээ ч ажиллаж байгаагүй нэгэн юм байна. Сүүлд “Монголын үнэн” сонины эрхлэгчээр очсоныг эс тооцвол шүү дээ. Товчхондоо бол нөгөө гоё ярьдаг ах нарыгаа шантаажилдаг зангиатангуудын нэг гэх үү дээ.
Д.Сумьяабазар аваргыг бол ард түмэн мэднэ дээ. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирлаар ажилладаг. Сонгинохайрхан дүүргийн НИТХ-д сонгогдон ажиллаж, мэр сэр улс төр гадарладаг болоод байгаа юм. Гэвч УИХ-д суусан Б.Бат-Эрдэнэ, Кёкүшүзан Д.Батбаяр нарын өмнөх хэдэн бөхчүүд нь “ширээний бөглөөс” болсноос үзэхэд бөхчүүдэд итгэл үзүүлнэ гэдэг хэцүү л дээ.
Ер нь тэгээд “ногооноороо” залуус УИХ-д суучхаад Памперстай жаал (Б.Батбаатарыг ингэж гоочилдог байв) энэ тэрээрээ дуудуулж байсан нь бий. Эдгээр залуус ч улс төрийн туршлага энэ тэрээрээ “А”-ч үгүй “ногооноороо” залуус гэж хэлэхээс өөр аргагүй юм.
Цаг үе хэрэгтэй хүмүүсээ гаргаж ирнэ, гэхдээ эд нар лав биш шүү.
olloo.mn