УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр хэлэлцүүлэг хийж байна.
Ирэх жилүүдэд буюу 2016-2017 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдац үргэлжлэн саарч, 4.4-5 хувь болохоор байна. Өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлтөд гол хувь нэмэр оруулж байсан Оюутолгой ордын зэсийн баяжмал, түүнд агуулагдах алтны хэмжээ 2016 оноос эхлэн багасч, 2018 оны сүүл хүртэл буурах аж. Ингэснээр уул уурхайн салбар 2016-2017 онуудад жил дараалан буурах төлөвтэй юм байна. Хэрвээ Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадвал барилга болон худалдаа зэрэг уул уурхайн бус салбарын өсөлтийг дэмжих боломжтой. Гэхдээ эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалт орж ирэх найдлага хомс юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:-2017, 2018 оноос эхэлж Монгол Улс бондын эргэн төлөлтөөр дамжуулж их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийнэ. Тухайлбал, Чингис бондын 500 сая ам.долларын төлбөр, мөн 580 сая ам.долларын эргэн төлөлт хийх ёстой. Тэгэхээр 2017-2018 оны төсвийн төсөөлөлд зээлийн эргэн төлөлтийг хэрхэн тусгав. Мөн Концессоор ажил хийлгэхээр 2018 оноос эргэн төлөлт хийх болно. Эдгээрийг яаж зохицуулахаар тусгав? гэсэн асуултад хариулт хүслээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-2017, 2018 оны хувьд Монгол Улсын хувьд томоохон төлбөр хийгдэнэ, 1 тэрбум гаруй ам.долларыг төлөх шаардлага бий. Тийм учраас валютын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, цаашид авах арга хэмжээ нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг батлуулах шаардлага бий. Ингэхдээ хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, татварын эрх зүйн орчныг олон улсад нийцүүлж, бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэг мөр болгох зэрэг хуулийн төслүүдийг өргөн барина.
Ер нь том хэмжээний төлбөрийг төлөхийн тулд гадаад зах зээл рүү хандах шаардлага үүсэх байх. Ийм учраас зээлжих зэрэглэлийг сайжруулах шаардлага үүсч байгаа” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:-Гэрээгээр ажил гүйцэтгэсэн компанийн төлбөрийг шийд гээд УИХ-аас тогтоол баталсан. Гэтэл өнөөг хүртэл зарим компаниуд өөрсдийн хөрөнгөөр төсвийн ажлыг гүйцэтгэчихээд төлбөрөө авч чадахгүй байна. 2013 оноос хойш явсан асуудлыг яагаад шийдэхгүй байна вэ. Ирэх жилд төсвийн алдагдлыг яаж бууруулах вэ?.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Төсөв хүнд байна, дээр нь маш их хэмжээний дотоод бондын өр үүссэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл цалин, тэтгэврийг цаг хугацаанд нь тавьж, урсгал зардлыг гаргаад явж байна. Ирэх онд төсвийг өмнөх оных шигээ батлах юм бол хямралын байдалд шилжинэ. Ирэх оны төсвийг огт алдагдалгүйгээр батлах шаардлагатай. Алдагдалтай батлахаар дотоод бондын өр нэмэгдэж байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Төрийн албан хаагчид цалингаа аваагүй байхад сайд нь худлаа ярьж байна. Төсвийн алдагдлыг бууруулна, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна гэж байна. Төсвөө алдагдалтай батлаад байгаа юм чинь яаж төсөв сайжрах юм бэ. Төрөөс хамааралтайгаар аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад эхэллээ. Дараагийн арга хэмжээ юу байх вэ, Засгийн газарт бодсон юм байна уу. Данс тооцоо улайчихсан юм биш үү?.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Төсөв хүнд байгаа ч цалин аваагүй төрийн албан хаагч байхгүй.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:-Тэлсэн төсвөө яаж хумих вэ. Эдийн засгийг 2012 оныхтой харьцуулахад 3-4 тэрбум ам.доллараар агшсан байна. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлт 4.4 хувь байх нь ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлт бодитой юу. Төгрөгийн валюттай харилцах ханш хэд вэ, хэрхэн тооцсон бэ. Ирэх жилд ямар томоохон хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцож байна. Гуравт санаа зовоож байгаа зүйл нь 16 хувийн хүүтэй бонд. Арилжааны банкууд дээрх мөнгийг дотоодын бонд гээд гаргачихсан, эргээд зээл гарахгүй үхлийн тойрог болчихоод байна. Банкууд бизнес үйл ажиллагаагаа явуулах гэхээр хөрөнгөгүй, үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Тухайн үеийн эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор төсвийг тэлсэн. Нэг жилийн дотор хумьчихна гэхэд хэцүү. 2015 онд нэлээн зардал хумихаар оруулсан ч 500 гаруй тэрбумаар л танагдсан. Тэгэхээр ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах ёстой, төсвийн төсөөллийг ингэж төсөөлсөн. Тэлсэн төсвийг аваад сурчихсан хүмүүсийн хувьд олгогддог мөнгийг хасна гэхэд хэцүү, эдийн засгаас орох өгөөж нь нэмэгдэхгүй байгаа нөхцөлд зардлыг бууруулахаас аргагүй. Засгийн газрын дотоод бондын хувьд 3.1 их наяд төгрөгөөр яригдана. Үүнээс 1.4 их наяд төгрөгийн дотоод бондын өрийн үлдэгдэлтэйгээр он дамжихаар байна. Цаашдаа гадаад зах зээлээс хямд эх үүсвэр татаж, дотоод зах зээлээ дэмжихээс аргагүй нөхцөл үүсээд байна.
Ингэхгүй бол экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 2016-2018 он хүртэл өсөхгүй бууралт ажиглагдаж байгаа. Евро бүсийн хувьд эдийн засгийн өсөлт гайгүй, Хятад, ОХУ-ын хувьд бууралттай. АНУ бууралттай 2018 оноос сэргэх хандлага ажиглагдана. Үүнээс болж, эрдэс баялгийн үнэ уналтын байдалтай байх прогноз гарсан. Тэгэхээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийхээ биет хэмжээг нэмэгдүүлэхээс аргагүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:-Төмөр зам бүр явахаа байлаа. Яах гэж байна вэ?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Засгийн газар өмнө зарласан тендэрийн хүрээнд Тавантолгойн гэрээний төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. УИХ-аар шийдэгдэнэ гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:– Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх асуудал байхгүй гээд хуралдаагүй. УИХ-аар Тавантолгойн асуудал явахгүй бол төмөр замаа яах юм. Хоёр дахь хувилбар гэж юм байна уу, Засгийн газар дээр энэ асуудлыг ярьсан уу?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Нэг бол төр хувийн хэвшлийн түншлэлийг сонгох байх, эсвэл зээлийн эх үүсвэр сонгож, хөнгөлөлттэй зээлээр шийдэх. Нэмэлт санхүүжилт гарах бололцоо байхгүй.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ
Эх сурвалж: http://www.news.mn/
Pingback: Internalizing External Debt | UCL Emerging Subjects Blog
Pingback: Гадаад өрийг дотоодчлох нь | UCL Emerging Subjects Blog