ХҮН хүнийг дэмжинэ

Монголын улс төрийн хамгийн отгон хүчин болох Хөдөлмөрийн үндэсний нам шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш олон нийтийн дэмжлэгийг багагүй хүлээх болсон билээ. Хүн төвтэй тус намд элсэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд өнөөдөр тус намын батлахыг 20 залуу “өвөртлөв”. Тодруулбал, аливаа улс орны хөгжлийг авч явдаг гэгддэг инженер, технологийн салбарын төлөөлөгчид ХҮН намыг сонгож, Монгол Улсыг хөгжүүлэх, улс төрийн соёлыг тогтоох, мөн улс орныхоо хөгжилд залуучуудын хувь намар, дуу хоолойг хүргэхэд нь хамтрахаар болов.

Хөдөлмөрийн үндэсний намаас дэвшүүлсэн “Монгол зорилго”-ыг биелүүлэхэд шинжлэх ухааны ололот дээр сууриласан хөгжлийн бодлого загвар маш чухал. Энэ загварыг боловсруулахад инженер, эдийн засагч, залуучуудын оролцоо хэрэгтэй. Тиймээс Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ш.Шагдаржав, Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсах нар ХҮН-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хөдөлмөр хүнийг бий болгосон гэлцдэг. Тиймээс Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, монголчуудын амьдарлын төвшинг сайжруулах, хүн төвтэй үзлийг улс төрд нутагшуулах зорилготойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард нам болсноо зарлаж, Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн ХҮН-ын элсэх хүсэлтээ олон мянган хүн өгөөд байгааг намын дарга С.Боргил энэ үеэр дуулгав. Тэрбээр “ Хүнээ дээдэлж, Монгол орноо чинээлэг, амар тайван хөгжингүй улс болгохын төлөө манай нам ажиллана. Өнөөдрийн та бүхний хийсэн нэг зөв алхам ирээдүйн мянган зөв үйлдлийн эхлэл мөн. Бид хамтдаа монгол хүнийг бүтээнэ” гэж хэлсэн юм.

Энэ үеэр ХҮН-ын дарга С.Боргилоос цөөн асуултад хариулт авлаа.

-Өнөөдөр танай нам 20 хүнээр бүл нэмлээ. Улс төрийн шинэ хүчний хувьд муугүй амжилт. Дөрөвдүгээр сард нам байгуулснаа зарлаж, Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн танай намд одоогоор хичнээн хүн гишүүнээр элсэв?

-Монгол хүнийг хөгжүүлэх, монгол хүнийг эх орондоо бардам, баян тансаг, сайхан амьдруулах нь манай намын гол зорилго. Энэ зорилгыг биелүүлэхэд инежнерүүд, эдийн засагч, хуульчид, эмч багш нарын дэмжлэг хэрэгтэй. Одоогоор манай намд 1500 хүн элсээд байна. 10 мянга гаруй хүн ХҮН-д элсэх өргөдлөө өгсөн байгаа. Тиймээс орон нутагт намын үүрийг байгуулах ажлыг идэвжхүүлэхээр болсон. Дэмжигчдийн тоо бол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа.

-Монголд улс төрийн шинэ хүчнийг хүлээж авах орон зай байгаа юу?

-Байгаа. Одоо засгийн эрхийг барьж буй парламентад суудалтай намууд улс орныг өөрчилнө, сайжруулна гэдэгт монголчуудын итгэл алдарч байна. Ардчилсан нам, Ардын намынхан сүүлийн арван хоёр жил өвөр түрийдээ орлоо. Цус холилдож, өнгөнөөс өөрөөр ялгарах юмгүй болсон намуудад ард түмэн итгэж чадахаа байсан. Улс орны эдийн засаг сүйрч, намуудын дотор байгаа бүлэглэлүүдийн тэмцлийн золиос нь болж байна. Энэ бүхнийг чимээгүй хараад сууж болно. Гэвч Монгол Улс ардчилсан улс. Залуучууд бид өнөөдөр эх орноо өөрчилж, улс төрд сахилга хариуцлага, соёлыг тогтоохгүй бол улстөрд олон жил бугшсан идээ бэр болохоо байсныг иргэдийн цөхрөлөөс харж болно. Тиймээс улс төрд шинэ өнгө, залуу хүч, шударга үзэл хэрэгтэй. Энэ үүднээс улс төрийн шинэ хүчнийг хүмүүс хүлээж байгаа нь илт байна.

-Ирэх 2016 оны сонгууль эхэллээ гэж харах хүн байна?

-Уучлаарай, бидний зорилго бол арван зургаан оны сонгууль биш. Бид холын зорилготойгоор энэ намыг байгуулсан. 2050 он гэхэд Монгол ядуу буурай биш, баян тансаг улс байхын төлөө бид зүтгэнэ. Тиймдээ ч “Монгол зорилго”-ыггол цөмөө болгосон хэрэг. Түүнээс өнөө, маргаашийн эрх мэдэл, нэг хоёр жилийн дараах сонгуулийг харсан жижиг улстөр хийхгүй.

-Улс төрийн бусад хүчнүүдтэй харьцуулахад шинэ хүчин туршлага дутах тал байж магадгүй?

-Миний хувьд улс төрийн туршлага бага байх тусмаа сайн. Ер нь туршлагыг амьдралын явцаас олж хуримтлуулдаг. Эхээс төрөхдөө туршлагатай төрдөг юм биш. Нөгөө талаар улс төрийн туршлага гэж юу вэ гэдэг их өрөөсгөл шүү дээ. Олон улс улс төрд дархлагдсан, эрх мэдлээс салж үзээгүй, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хэлэх үү? Энэ өнцөгөөс харвал улс төрийн туршлагагүй байх тусмаа сайн.


 

Хөдөлмөрийн үндэсний намд шинээр элсч байгаа Б.Баяр-Эрдэнээс сэтгэгдлийг нь сонирхсон юм.

bayarerdene

-Хөдөлмөрийн үндэсний намд элсэх болсон зорилго юу вэ?

-ХҮН намын хүн төвтэй үзэл таалагдсан. Хүнээ хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжихгүй нь ойлгомжтой. Хүнээ хөгжүүлнэ гэдэг аливаа улс орны том зорилго. Хөдөлмөрийн үндэсний нам залуучуудынхаа дуу хоолойг нийгэмд хүргэх, залуусаа сонсох, тэднийг дэмжих гээд олон зорилго тавьсан. Энэ бүхэн залуу хүн надад таалагдсан. Бусад намын хувьд залуучуудаа дэмжихээс илүү улс төрд олон жил болсон ахмадууд нь зайгүй тавихгүй байх нь хэвийн үзэгдэл болсон. Хэдийгээр бид нас залуу ч хийх бүтээх эрч хүч арвин байна. Энэ бүхнээ улс орондоо зориулъя гэсэн юм. Нөгөө талаасаа Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд хариуцлага, сахилга, ёс зүй, соёл, эв нэгдэл, мэдлэгийг бий болгоно гэсэн зорилгыг нь дэмжихийг хүссэн юм.

Б.ХОНГОР

Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.