Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Ногоон намын анхны дарга, үүсгэн байгуулагч Д.Басандорж, Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга Т.Ганбаатар,  Ногоон намын анхны үүсгэн байгуулагч Т.Дашзэвэг, Х.Лхагвасүрэн нар өнөөдөр Ардчилсан намд элсэв.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэднийг Ардчилсан намд элсэж, ногоон эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж, хийж бүтээхийн төлөө нэгдэж байгаад баяр хүргэн, батламжийг нь гардуулав.

“Ногоон намын цагаан толгой” нэр авчихаад байсан П.Бадарч гауй болон Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар 16 жил ажилласан Т.Ганбаатар, үүсгэн байгуулагчид Ардчилсан намд элсэж байгаа нь учиртай аж.

Өнгөрсөн сонгуулиудаар Ногоон намын дэмжигчид Ардчилсан намыг сонгож, дэмжиж, эвсэж ирсэн. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнө Ногоон намын үүсгэн байгуулагчид Ардчилсан намд элсэж байгаадаа баяртай байна. Учир нь тэд сонгуулийн өмнө нэр дэвшихийн төлөө Ардчилсан намд элсээгүй. Харин өнөөгийн Монголын нийгмийг авч явах том улстөрийн хүчинд нэгдэн, ногоон бодлогын төвийг ярих биш, Ардчилсан намын бодлогод шингээж хэрэгжүүлэхээр болж байгаадаа баяртай байгаа гэнэ. Тиймээс сайн өдөр сонгож байж Ардчилсан намд эслчээ.

Ногоон намын дарга асан, үүсгэн байгуулагч Д.Басандорж болон Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч нартай хэдэн хором ярилцав.

Ногоон намын үүсгэн байгуулагч Д.Басандорж:

Ардчилсан нам өнөөгийн Монголын хувь заяаг авч явах нам шүү дээ


-Улстөрийн сонголт хийнэ гэдэг хүн бүрийн хувьд чухал алхам байдаг. Та бүхэн яагаад Ардчилсан намд элсэх болов?

-Бид 1990 оноос Монголд олон нам байгуулахын төлөө, ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэхийн төлөө явж байсан хүмүүс. 1996 онд Ардчилсан холбоо эвслийн үед байгаль орчны асуудалд Ногоон намын хөтөлбөр хэрэгжиж явж байлаа. 2000 онд Ардчиллын төлөө намууд нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад хөдөө амьдардаг Ногоон намын гишүүд үндсэндээ Ардчилсан намд элсээд орчихсон байсан. Түүнээс хойш Ардчилсан намтай бүх шатны сонгуульд эвсэж ирсэн. Өнөөдөр бид тусдаа жижиг нам байгуулаад бодлогоо хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Монголын улстөр бохир болсон байна. Ийм учраас үүнийг цэвэршүүлж, хариуцлагатай ардчиллын төлөө эдийн засгийн хөгжилд хүрэх, экологийн бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа хийж бүтээх ёстой.

Өнөөдөр Монгол орны хувь заяаг авч явах гарцаагүй хувь заяа Ардчилсан намд ноогдож байгаа энэ хариуцлагатай цаг мөчид Ногоон намыг үүсгэн байгуулсан анхны гишүүд Ардчилсан намд нэгдэж байна. Монголын Ногоон намын хувьд 20 гаруй жилийн түүхтэй нам боловч өнөөдрийн удирдлагад байгаа хүмүүс нь ойлгомжгүй, зарим нэг хүмүүсийн гар хөл болох гэсэн бохир улстөр харагдаж байгаа учраас бид Ардчилсан намыг сонгож байгаа юм.

-Та бүхэн сонгуулийн өмнө элсэж байгаа нь зарим хүмүүст сонин байгаа байх?

-Бид сонгуулийн өмнө элсэж байгаа нь ямар нэг албан тушаал биш юм. Ерөөсөө зөв бодлогыг ялалтад хүргэхийн төлөө өөрийнхөө хийж чадах зүйлээр бас дэмжлэг болох зорилготой юм. Ногоон хөгжлийн бодлогыг Ардчилсан намын бодлогод шингээж, тэр бодлогоо хэргэжүүлэхийн төлөө өдрийн сайныг сонгон элсэж байна. Цаашдаа ногоон бодлогыг ярих биш, ногоон хөгжил, ногоон амьдрал, ногоон улстөрийн төлөө хамтдаа ажиллана.

Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч:

Ардчилсан намд цаашдаа ч элсэнэ

-Та Ардчилсан намын гишүүний батлахтай болчихлоо. Ямар учраас тэр вэ?

-Би ардчиллыг дандаа дэмжиж ирсэн. Ардчилал байгаа газар эрх чөлөө байдаг. Хүн төрөлхтний хамгийн эрхэмлэж байдаг зүйл бол эрх чөлөө юм. Үг хэлэхээс авахуулаад бичих, туурвихад ч эрх чөлөө хэрэгтэй. Тийм учраас ардчиллын чиг баримжаатай намд элсэж байна. Ногоон нам сүүлийн үед ойлгомжгүй болсон учраас манай 30-аад хүн Ардчилсан намд элсэж байна. Цаашдаа ч элсэнэ.

-Танд Ардчилсан намын боловсруулсан мөрийн хөтөлбөр ямар санагдав?

-Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд ард түмнээ бүтэн жил сонсож хэлэлцсэн нь их зөв болсон. Өнөөгийн Монголын нийгэмд ямаршуухан бодлого, ямаршуу бүтээн байгуулалт, төлөвлөлт хэрэгтэй байгаа талаар иргэдийнхээ хүсэл зоригийг ойлгож чадсан боломжийн хөтөлбөр юм билээ. Гэхдээ дан ганц нэг талаасаа асуудал шийдэгдэхгүй. Аливаа Засгийн газрын ажил ард түмний амьдрал ямар байгаагаар хэмжигддэг. Тийм учраас иргэн хүн бүгдээрээ хөдөлмөрлөөд, дэмжээд явбал Монгол оронд сайхан газар нутаг, эх орон минь байна, болохгүй юм байхгүй.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.