Б.Наранхүүг АТГ шалгаагүй гэв

АН-аас Дундговь аймагт нэр дэвшигч “Мон-Уран”-ын Б.Наранхүүг АТГ хайж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан юм. Түүнийг Сингапурт яваа, нэр дэвшигчийн үнэмлэхээ жолоочоороо авахуулсан тухай мэдээ ч сонсогдож байна. Харин Б.Наранхүүтэй өчигдөр утсаар холбогдож дараахь хариултыг авлаа.

-Сайн байна уу. Таныг Сингапур руу оргон зугтсан гэх юм. Үнэн юм уу. Та хаана байгаа вэ?

-Би гадаадад байх нь байгаа. Гэхдээ Сингапурт биш Хонконгод ажлаар явж байна.

-Таныг АТГ-аас хайж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагджээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол өрсөлдөгч намаас хэвлэлээр зорилготой тарааж байгаа мэдээлэл. Түүнээс биш намайг АТГ-аас шалгасан юм байхгүй. Хувийн ажлаар гадаадад явж байна.

-Нэр дэвшигчид бүгдээрээ тойрогтоо ажиллаж байхад та гадаадад юу хийж яваа юм бэ?

-Сонгуулийн үед зургийн аппарат, камераас эхлээд хэрэгтэй их байна. Үүнийг авахаар явж байна.

-Та нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авсан уу, Монголд хэзээ ирэх вэ?

-Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан. Нутагтаа маргааш (өнөөдөр) очно” гэв.

Харин энэ тухай АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас тодруулахад “Б.Наранхүүг шалгаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Надад энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй. Хэрэв хэн нэгнийг шалгаж байгаа тохиолдолд хяналт тавьж байгаа прокурор, мөрдөн байцаагч нар нууцлах эрхтэй” гэсэн юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.