Сэтгэхүйгээ эхлээд цэвэрлэе

Тохижилт үйлчилгээний нэгэн ажилтан “Гудамжинд хэвтэж байгаа хогийг ч яахав амархан цэвэрлэдэг юм. Харин тэр хогийг хаяж байгаа хүмүүсийн сэтгэхүйд байгаа хогийг цэвэрлэх үнэхээр хэцүү” хэмээн ярьсныг олон ч залуус нүүр номоо гоёх цэцэн үгсийн жагсаалтад оруулжээ. Үнэхээр л ганган машин уначихаад цонхоороо хог хаядаг, гудамжинд нус цэрээ хаядаг, хээр хөдөө хог хаячихаар хэн намайг харах юм гэсэн нүүдэлчин ахуйн сэтгэлгээнээсээ өнөө хэр бид салж чадахгүй явж байгаа.

Хотынхоо төвд хогийн сав тавьчихаар хэн нэг нь гэрийнхээ хашаанд тавьчихдаг асуудлыг өнөө хэр л шийдэж чадаагүй. Гэрийнх нь хашаа л цэвэрхэн байвал гудамжинд хогоо гаргаж хаях нь гэмт хэрэг биш гэсэн нийгмийн сэтгэхүй арилаагүй хэвээр. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны гудамжны дундуур та алхаад үзээрэй.

Айлуудынх нь хашаа бүртийх ч хоггүй цэмцгэр атлаа гадуур нь урсах цэнгэг устай гол тэр чигээрээ хогондоо дарагдчихсан байна лээ. Дүүрэг болгон хүний нүдэнд өртдөг төв замынхаа л зүлэг ногоог арчилж, хог хаягдлаа цэвэрлэнэ үү гэхээс буйдхан газрын гэр хорооллын гудамж талбайн яг л 26 дугаар хорооны дүр төрхтэй XXI зуунтай хөл нийлүүлж явна, бид. Энэ бүхнийг бид хогийн сав тавьж, хэдэн ногоон уут тараах төдийхнөөр цэгцэлж чадахгүй нь тодорхой болчихоод байгаа юм.

ТҮК-ийн ажилтан эгчийн хэлсэнчлэн сэтгэхүйнд нь байгаа хир буртаг, хогийг цэвэрлэх ажлыг төр өнөөдрөөс эхлээд хийх цаг нь болжээ. Ардчилсан улсад шүлсээ хаях эрх чөлөө байдаг хэмээн “сүгсэлзэх” залуусаа багаас нь хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх гэгээрүүлэх ажлыг л хийж байж үр дүнд хүрэх юм байна. Тэгвэл салбар яам ч соён гэгээрүүлэх ажилд ханцуй шамлан орсон таатай мэдээ дуулдлаа. Хоггүй цэвэр орчин аян эхлүүлж, энэ хүрээнд аж ахуйн нэгж бүрийг урамшуулах, хоггүй, дүүрэг хороог шалгаруулах уралдаан зарлажээ. Энэ л хүлээгдэж байсан ажил. Хийж чадвал үр дүнгээ өгөх учиртай.

Магад зарим уншигч социализмын үеэ санагалзлаа хэмээн буруутгаж мэдэх. Гэвч нийтийн амжилтаас нэг нь хойш татахгүй л бол тэргүүлж, урагшилж байсан тэр үеийн сэтгэхүй буруу байгаагүйг бидний аав ээж үгээрээ үйлдлээрээ нотолдог. Тэр ч утгаараа цэвэр орчныг уриалсан энэхүү уралдаан нүдээ олох учиртай юм. Нэгэн түүх ярья. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Баяр Хөвсгөл аймагт нутгийн эмч нартай уулзаж суужээ. Хөдөө талд болсон уулзалтын үеэр нэгэн эмч бүсгүй санамсаргүй барьж байсан ундааныхаа савыг газар орхиод босоод явчихаж.

Гэтэл С.Баяр сайд алхаж очсоноо өнөөх савыг нь аваад машиндаа хийчихсэн гэнэ лээ. Үүнийг харсан эмч бүсгүй нүүр хийх газаргүй болтлоо ичиж, тэр цагаас хойш нэг ч удаа хогоо ил задгай, эзгүй хээр хаяагүй хэмээн хуучилж байсан юм. Зөв хүний үйлдэл зөвөөр үйлчилдэг гэдгийг нотлох энгийн нэг жишээ бол энэ. Гудамжинд хэн нэгэн хог хаявал “Та юмаа унагачихлаа” гээд аваад өгчихөж байя. Үгүй ядахдаа л дахиад тэр хүн ийм үйлдэл хийхгүй байлгүй. Сэтгэхүйдээ л багахан өөрчлөлт хийхэд л шийдэгдэх жижигхэн асуудал өнөөдөр бидний толгойн өвчин болчихоод байна. Солонгос зэрэг хөгжилтэй улсад барьж явсан хогоо хогийн сав олдохгүй бол гудамжинд орхих нь байдаг л үзэгдэл юм билээ.

Тэглээ гээд хэн ч түүнийг буруутгахгүй. Гагцхүү аль нэг газрын үүдэнд уусан ундааныхаа савыг босгоод л тавьчихна. Харин тухайн байгууллагын цэвэрлэгч гарч ирээд, эсвэл тусгай хогийн сав үүрсэн тохижилтын ажилчид өнөөх хогийг нь аваад явчихдаг. Манайд салхи шороо ихтэй цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй учраас энэ туршлага хэрэгжихгүй ч байж магад. Тэглээ гээд бид шантрах хэрэггүй юм. Өөрчлөлт бүхэн тодорхой цаг хугацааг дагуулдаг. Тиймдээ ч хэзээ нэг өдөр тохижилтын ажилтан нь шүүрч барьж зогсдог бус автомат сав үүрээд хогоо цэвэрлэдэг, албан байгууллага бүрийн үүдэнд хогийн сав дүнхийж байдаг тийм сайхан хот бий болох нь дамжиггүй. Тэр орчинг бүрдэх хүртэл сэтгэхүйгээ эхлээд цэвэрлэе.

Мянга түм гял цал хоттой болоод ч хонхны баяр, хүүхдийн баярын дараа хот хогондоо живдэг байвал урамгүй биз дээ. Залуусаа эхлээд өөрчлөлтийг өөрсдөөсөө хийцгээе. Гудамжинд яваа нэгэндээ шаардлага тавьж, гаднаа хогийн сав тавиагүй байгууллагыг шүүмжилдэг, зөвөөр элэглэж шоглосон ч яадаг юм. Цахим ертөнц хөгжсөн өнөө цагт нийгмийн сэтгэлзүйд яаж ч нөлөөлж болно.

Б.Өнөртогтох

Эх сурвалж: http://www.mminfo.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.