Тулга тойрсон улс төрөөс хэзээ ангижрах вэ
Түгээх

Буриадын уран бүтээлчийн урласан, Лондон хотын төвд орших Хайд /Hide park/ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд асан Чингис хааны сонгодог хөшөөг нураахаар бэлтгэж байсныг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ худалдаж авсан билээ. Гадаад өнгө үзэмж нь авангард орчин үеийн, харахад тийм ч сүрдэм биш энэ хөшөө Монголын асар том түүхийн өв, үндэсний бахархал. Дэлхий дахинд аугаа Их хааны минь түүхийн гэрч болон сүндэрлэж байсан хөшөө. Тиймдээ ч хувиараа хөрөнгө гаргаад авч ирсэн Д.Бат-Эрдэнэ гишүүнд магадгүй талархал илэрхийлэх нь зөв болов уу. Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэний хувьд түүхэн эд өлгийн том дурсгалд гурван сая евро хаях нь байх асуудал ч энэ хөшөөг хаана байршуулах вэ гэдэг нь Д.Бат-Эрдэнэ гишүүнийг худалдаж авснаас ч илүү манайхны анхаарлыг татсан бололтой юм.

Өчигдөржин л цахим хуудсаар хэрүүл өрнөлөө. Сүхбаатарын хөшөөг буулгах гэнэ. МАН-ын түүхийг булингартуулах гэсэн АН-ын арчаагүй үйлдлийг дэмжихгүй нь лайк, шэйр гэх мэтээр баахан улстөржив. Бараг л газрын хаанаас ийм гай авч ирчихээд Сүхийг ад үзээд байна вэ, Чингисийн хөшөөг зайлуул, алга болго, хөдөө хээр аваачиж хүүхдээ айлга гэх мэтээр улстөржив. Түүхийн үнэт өвийг олоод иржээ гэдгийг нь магтах бус бараг л дэмий юм авчирч ард түмнийг талцууллаа хэмээн Д.Бат-Эрдэнэ гишүүнийг баалж гарлаа. Ийм л галзуу гэмээр гажиг сэтгэлгээгээр асуудалд хандсан дуулианыг санаатай гаргасан гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт онцолжээ.

Тодруулбал, чуулганы хуралдааны үеэр Чингис хааны хөшөөний хажууд төв талбайд байршуулах асуудлыг судласан ч хоёр Чингис хааны хөшөө нэг дор байх нь зохисгүй гэж үзсэн учраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах талаар судлаж байгаа хэмээн ярьсан аж. Гэтэл үүнийг нь МАН-ын хэсэг залуус санаатай, санамсаргүй байдлаар мушгин гуйвуулж, дарангуйлагч АН-ынхан Их жанжиныг маань нүүлгэх нь гэх мэтээр улс төр болгож орхисон бололтой. Иймэрхүү мушгин гуйвуулах ажилдаа ч тэд гаршсан гэхэд хэтийдэхгүй. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр юм бүхэнд л Сүхбаатар жанжины нэр барьж шоу хийдэг нь бараг л улиг болсон. 2012 оноос эхлэн Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох гэнэ.

Сүхбаатарын хөшөөг нүүлгэх гэж АН-ынхан улайрч байна гэх мэтээр удаа дараа улстөржилт явуулсан. МАН-ын түүхийг бүдгэрүүлэх ажлыг АН амжилттай хийж байна гэх мэтээр бараг л зориудаар ийм мэдээлэл цацдаг хэмээн учир мэдэх нэгэн ярьж байв. АН-ын нэг даргын талаар удаа дараа жиргэж, нэр хүндэд нь халдсан МАН-ын нэг залуугаас энэ үйлдлээ зогсоохыг хүсэхэд найман сая төгрөг нэхсэн яриа ч Төрийн ордонд үдийн цайны хачир болон яригдах болсон. Тиймээс зориудаар сенсаацлах, намаа өрөвдүүлэх тактикийг “өвгөн” намын пиарчин залуус дэндүү гэмээр сайн хийдэг нь илт байгаа юм. Уг нь МАН одоо сөрөг хүчин биш.

Тэд эрх баригч болсон. Энэ улс орны төлөө бодлого гаргаж, түүнийхээ төлөө хэрэлдэж, хэлэлцээд явж байх учиртай. Гэтэл хөшөө, цэцэг, тэтгэврийн хүүгээс халихгүй болсоор удаж байна. Өөрөөр ард түмэнд таалагдах ажил хийгээгүй болоод тэр байх гэхэд хатуудахгүй болов уу. Шалихгүй улс төр хийдэг болчихож. Тулга тойрсон хов живийг өлгөж аваад л мэдэгдэл хийгээд явах суурь хүмүүжил энэ намд уг нь байхгүйсэн.

Сүүлийн үед хийж байгаа энэ мэт улс төрийн тоглолтууд нь эгээ л нэгнээсээ хов сонсчихоод нисч очоод хэрүүл хийдэг авгай хүүхнүүдийн явцгүй зан харагдах болов. Хэтийдсэн дүгнэлт мэт харагдах ч хийж, хэлж ярьж байгаа үйлдлээс нь энэ байдал удаа дараа ажиглагдах болсныг нь нуугаад яахав. Эрчүүд хүүхнүүдээс илүү хов ярьдаг гэсэн үнэн ч юм уу. Намын бүлгийн дарга МАН-тай байгуулсан гэрээгээ эргэж ярина гэж мэдэгдсэний төлөө намын генсек нь хүртэл “харагдаач” гэж ирээд л хэрүүлийн шинжтэй мэдэгдэл хийх нь үнэхээр зохимжгүй чавганцын хэрүүл шиг харагдаад байгаа юм. Улс төрийн том бодлого шийдвэр гаргаж, улс орныг олон жил удирдсан туршлагаа хуваалц гэж хамтарсан баймаар юм.

Нэг маргаантай асуудал үүсчихээр ээждээ эрхэлсэн хүүхэд аятай хэвлэл мэдээлэл дуудаж гомдол мэдүүлж, хов базаад байхаар хэн МАН-ыг тулхтай, буурьтай улс төрийн хүчин гэж харах юм бэ. Оюутолгойн гэрээг олигтой зурчихаагүй бол огцруулах асуудлыг босгоод ирэх эрх нь тэдэнд нээлттэй. МАН-ын оруулсан хуулиудыг батлахгүй байгаа бол сөрөг хүчний байр сууриа хэвээр авч үлдээд УИХ-ын үйл ажиллагааны эсрэг тэмцэж бас болно.

Гэтэл хамтарна аа, гарахгүй, хөөсөн ч гарахгүй хэмээн зөрүүдэлсэн атлаа “МАН-ын түүхийг харлуулаад байна. Манай намыг ялгаад байна” хэмээн мэдээлэл хийж гоншигноод байгаа нь үнэндээ ард түмэнд таалагдсангүй. Хөдөө орон нутагт очсон ч энэ бүх завхрал сүүлийн хоёр жилийн дотор боллоо. АН гарч ирээд л амьдралыг ингэж туйлдууллаа гэж ярихаар хэн итгэх билээ. Ард түмэнд санах ой гэж бий. МАНАН-ийн үед хэрхэн туйлдаж байснаа тэд мартаагүй. Өмнөх өдөр нь дураараа туйлчихаад маргааш нь ирээд бид энхийн цагаан тагтаа гэж яриад эхлэхээр хэн ч итгэхгүй.

Тиймээс өмнөх алдаагаа бид засахын төлөө хичээнэ. Өмнөх алдааг маань АН давтах вий гэдгээс бид сэрэмжлэх гэж хичээж байна гэх мэтээр шударгаар яривал арай өөрөөр ярихаа иргэд мэдэлгүй яахав. Магад дэмий зүйлээр намын нэр хүндийг унагах гэж санаархлаа хэмээн буруутгах хүн бишгүй олон гарах биз. Гэвч сүүлийн үед хийж буй улс төрийн үйлдлүүдээс нь ийм л зүйл ажиглагдаж байна. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэж үг бий. “Нэг хөнжилд” орчихоод ар хударгаар нь муулаад байхаар Ардын нам өөрөө муухай харагдаад байна.

АН-д ч энэ муухай зан байгаа. Хэн хэнийхээ муу муухайг дуудаж, хэрэлдэж уралдаж байснаа гэнэтхэн л нэг өдөр тэврэлдэх муухай араншин чинь сонгогчдыг чинь улам үргээж байна, намууд аа. Цаг зуурын нөхөрлөлдөө ч болов үнэнч байж, муухай улстөрөөс одоо салах цаг нь болсон юм биш үү. Алийн болгон талбайн нэр, хөшөөний байршлаас болж хэрүүл хийхэв. Том харж, том улс төр хийх тийм зангарагтай улс төрийн хүчин болж төлөвших цаг чинь хэзээ вэ. Эсвэл бууж өг, эртхэн.

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Балжир


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.