Ярилцлага — 30 June 2015
Д.Ганбат: Эрүүгийн болон бусад хуулиудыг шинэчлэн батлавал 8000 хоригдлын ял багасна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-АН, МАН-ын хамтарсан гэрээний хэрэгжилт тааруу байгааг ярих боллоо. Үүнээс үүдээд нэг нам нь нөгөөгөө засгаас хөөх гэж байгаа, нөгөө нь гарахгүй гэх утгатай мессеж олон нийтийн дунд явж байна. Ер нь Шийдлийн Засгийн газар зургаан сарын хугацаанд хамтдаа хэр үр дүнтэй ажилласан гэж харж байна вэ?

-АН, МАН-ын хэн хэн нь олонх болж чадаагүй. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл хүнд байна.

Тиймээс энэ үед ямар ажлууд хийж болох талаар МАН-ынхан 30, 40 жагсаалт гаргаж ирээд ярьж байсан. Мэдээж аль замаар явах нь зөв талаар ярилцаад, намууд хамтраад засаг байгуулаад явсан. Энэ хугацаанд болж бүтэж байгаа бас бүтэхгүй байсан ч зүйл бий. Гэвч хүмүүсийн өнөөдрийн хүлээж байсан үр дүн гарсангүй. АН-ын бүлэг дээр хамтраад хийнэ гэж төлөвлөсөн ажлууд санасан хэмжээнд хүртэл сайн явахгүй байгааг гишүүд ярьсан. Улс орны амьдралтай холбоотой чухал хуулийн төслүүдийг батлах ажил сүүлийн үед муу явж байгаа. Ер нь хамтраад хийнэ гэсэн ажлуудаа хийж гүйцэтгээгүй тухай манай бүлгийн удирдлагууд ч хэлсэн. Цаашлаад энэ бүх асуудал АН-ыг гутаах шинжтэй тал руу явж байгааг ярьж байна. Гэхдээ АН-ыг гутаах асуудал сонин биш. Гол нь хийж байгаа ажлын үр дүн чухал. Нэг хэсэг 2000 төгрөг хүрээд байсан валютын ханш 1800 болж буурсан. Харин одоо эргээд 1950 төгрөг болж өслөө. Тэгэхээр МАН засагт орж ирэхдээ 40 жагсаалт гаргаад, хэд хэдэн чухал ажил хийхээс эхлээд мөрийн хөтөлбөрөө өөрчлөх хэрэгтэй гээд хамтарсан. Харамсалтай нь үр дүн нэг их сайн гарч ирэхгүй байна. Түүнчлэн олон чухал хууль батлагдах шаардлагатай байхад улс орныг авч явж байсан туршлагатай улс төрийн хүчний хувьд асуудалд хариуцлагагүй хандаж байна гэж дүгнэхэд хүргээд байна.

-МАН албан тушаалын томилгоог хамгийн сайн хийсэн гэдгийг танай намын бүлгийн дарга хэлсэн. Тэгэхээр ер нь цаашид хоёр нам хамтраад явсан нь дээр үү эсвэл хангалттай харлаа, одоо мөр мөрөө хөөх цаг болсон гэж бодож байна уу?

-Уг нь улс орон, эдийн засгийн нөхцөл байдлаа бодоод сэтгэлээсээ ажиллаасай гэж бодож байна. Үнэхээр тэр яриад байгаа зүйлүүд нь үнэн сэтгэлээс байна уу эсвэл сонгууль угтаж өнөө маргаашийн ашиг хонжоо хайгаад байгаа юу гэдгээ ялгаж салгах хэрэгтэй. Өнөөдөр парламентад АН, МАН, “Шударга ёс” эвсэл, бие даагчид сууж байна. АН, МАН-ын аль нь ч олонх болж чадаагүй ийм үед хэл амаа ололцоод, ярьж хэлэлцэж байснаа хийгээд явбал Монголын ард түмний эрх ашигт нийцэх юм гэдгийг л энэ тэргүүнд тавих ёстой.

-Гэрээний хэрэгжилтийг дүгнэсний дараа, дараагийн шийдвэр ямар байх нь тодорхой болох байх. Гэхдээ танай намын төвшинд цаашид хамтрах эсэх асуудлыг яриад эхэлсэн шүү дээ?

-Хамтарсан гэрээний хэрэгжилтийг дүгнэж эхэлсэн гэсэн. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад гэрээгээ дүгнэ гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Энэ дагуу гэрээ байгуулсан ажлын хэсгүүд нь гэрээний хэрэгжилтээ дүгнэж байгаа. Дүн яаж гарахыг хэлж мэдэхгүй байна. Үүнээс гадна энэ Засгийн газарт МАН хамтарч байгаа бол МАН-ын бүлэг, МАН нь өөрөө сайн дэмжмээр байна. Энэ бол Монгол Улс, ард түмний төлөө ажил хийх гэж байгаа Засгийн газар гэж ойлгож байгаа. Харин үүнийг далимдуулан зүгээр хэдэн хүнийг ажилтай, цалинтай болгож, улсын төсвөөс шимэгчлэх гэж байгаа бол буруу. Тэгээд ард нь үлдсэн хүмүүс энэ Засгийн газрын араас ус цацах маягтай байна. Хамтраад хийж бүтээж байгаа ч юмгүй, олигтой дэмжсэн зүйлгүй иймэрхүү байдалтай ард түмнийг худал үнэнээр хуураад явж байснаас байдаг байдагтаа очоод ажиллая гэсэн бодолтой хүмүүс энэ Засгийн газарт байгаа юм шиг байна. МАН-ыг хариуцлагатай нам гэж боддог. Мэдээж нам дотор нь янз янзын хүмүүс байх шиг байна. Асуудлын учир олдох байх гэж найдаж байна. Ард түмэн, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах байх.

-Та Эрүүгийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа. Тэгэхээр энэ хуулийн төслийг олон жил ярьж, багагүй хугацаанд боловсруулж УИХ-аар анхны хэлэлцүүлгийг нь өнгөрсөн долоо хоногт хийсэн ч МАН завсарлага авсан. Хуулийн төсөл дээр ажлын хэсгүүд хэр ажиллав?

-Хууль зүйн байнгын хорооны хувьд хийдэг ажлаа хийсэн. Ажлын хэсгүүд сайн ажиллаж, хэлэлцүүлгүүдээ зохион байгуулсан. Мэдээж олон нийт болоод шат шатны байгууллагуудын санал Эрүүгийн хуулийн төсөлд бүрэн тусгагдсан. Энэ Эрүүгийн хууль нь сүүлийн гурван жил яригдаж байгаа бөгөөд тав, зургаан жил төсөл дээр нь ажилласан хууль. Өмнө нь хэд хэдэн удаа өргөн баригдаад, буцааж татаж байсан. Мэдээж хэлэлцэх эсэхээ шийдээд, нэгдүгээр хэлэлцүүлгээ хийгээд явж байна. Тухайн үед ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан гишүүд янз бүрийн санал хэлж байсан. Ажлын дэд хэсэг, ажлын хэсэг, байнгын хороо үүрэгт ажлаа хийсэн гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлмээр байна. Одоо УИХ-ын хийх ажил үлдэж байгаа. Нөгөө талаасаа Эрүүгийн хуулийн төсөл нь сайн, чамбай хууль болсон. Цаашид илүү сайн хууль гарах байх. Гэхдээ өнөөдрийн төвшинд өмнөхөөсөө илүү сайн боловсруулсан хууль болж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй. 2002 онд гарсан энэ хуулийг дэндүү шоронжсон хууль гэж ярьдаг. Мэдээж тухайн үедээ зөв байж, нийгэм дэх үүргээ гүйцэтгэсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Энэ хугацаанд энэ хуульд 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулж, засварлаж байсан.

-Гэхдээ УИХ-ын гишүүд аж ахуйн нэгжтэй холбоотой “хуулийн этгээдэд ял өгөх тухай” гэх асуудлыг анхаарч үзэх талаар онцолж байсан. Тэр дундаа бизнес эрхлэгчдийн хувьд хохиролтой заалтууд орсон гэж шүүмжилж байгаа. Энэ тухайд ажлын хэсгийн ахлагчийн хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Хуулийн этгээдийг яллаж байна гэсэн асуудлыг гишүүд ярьж байгаа. Хуулийн төслөө нухацтай уншаад, сайн ойлгох хэрэгтэй. Харин ч аж ахуй нэгжид ажиллаж байгаа хүмүүсийг хамгаалсан заалт юм. Өмнө нь аж ахуйн нэгжийг ял эдлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан. 2014 онд Эрүүгийн хуульд хийсэн өөрчлөлтөөр аж ахуйн нэгжийг эрүүгийн хариуцлагад татдаг заалтыг оруулсан байсан. Өөрөөр хэлбэл, энэ шинэ зүйл заалт биш. Гэхдээ одоогийн нөхцөлд аж ахуйн нэгж эрхэлж байгаа захирал, нягтлан, тухайн компанид ажиллаж байгаа хүмүүсийг хууль хүчний байгууллагууд хорих, цагдах асуудал гардаг. Харин энэ удаагийн хуульд дээрх зүйл эрс багасах юм. Тухайн компани хариуцлага хүлээгээд, торгууль төлөөд явна. Компанийнхаа өмнөөс дуудагдаад, шоронд суухгүй байх ёстой. Мэдээж торгох заалт ямар байх вэ гэдэг өөр асуудал. Эрх хураах, компанийг буулгах тухай асуудал хоёр тохиолдолд яригдана. Нэгдүгээрт, террор буюу алан хядах үйл ажиллагааг зохион байгуулж, санхүүжүүлсэн. Хоёрдугаарт, экологийн сүйрэл авчирсан энэ хоёр хэрэг дээр татан буулгах юм. Үйл ажиллагааг хязгаарлах тухайд ганц нэг зүйл дээр байгаа. Үүнийг ярилцаж, хасаж, өөрчлөөд явах боломжтой. Мөн торгох заалтыг нь багасгаад, харин ч аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа тухайн хүмүүст ээлтэй заалтууд орсон байгаа. Гэтэл үүнийг зарим гишүүн сайн уншиж ойлгоогүйгээс болоод эсрэг байдлаар ярьж байна. Мэдээж Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар гишүүний яриад байгаа зүйлийг харгалзах хэрэгтэй. Аж ахуйн нэгжийг хариуцлагад татаж болохгүй гэдэг заалт өмнө нь ч байсан. Харин одоо үүнийг илүү зөв зүйтэй болгоод явж байгаа. Асуудал үүссэн тохиолдолд манайх гадагшаа явах эрхийг нь хязгаарладаг. Мөн манай улсыг гадаадын орнуудад Hotel Mongolia буюу Монгол Улс тэр чигээрээ шорон боллоо гэж шүүмжлэх болсон. Үүнээс гадна олон улсад алан хядах үйл ажиллагаатай тэмцэх, мөнгө угаахтай тэмцдэг байгууллага байдаг. Манай улсын хувьд конвенцид нь нэгдсэн. Тиймээс энэ талаар тодорхой заалтуудыг хуулийн төсөлд заавал оруулах ёстой. Үгүй бол манайхаас гадагшаа явуулдаг, гуйвуулдаг мөнгийг бүгдийг нь зогсоодог. Түүнчлэн тухайн улс орнууд конвецид нь элссэн бол заавал Эрүүгийн хуульдаа дээрх заалтыг оруулах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэр дагуу заалтуудыг нь тусгасан. Тухайлбал, алан хядах үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийг татан буулгана гэдэг заалт энэ шаардлагын дагуу орж ирсэн. Энэ нь ч зөв. Ер нь Эрүүгийн хуулийн төсөл дэвшилттэй хууль болсон гэж харж байгаа.

-Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хуулиудын нэг нь яах аргагүй Эрүүгийн хууль. Нөгөө талаасаа энэ хууль батлагдсанаар зарим нэг сөрөг үзэгдэл гарах вий гэсэн болгоомжлол ч бий?

-Харин одоо хэлэлцэхгүй хойш нь тавиад байхаар хүлээлт үүсгээд байна. Манай улсын шоронгууд дүүрсэн. Өмнө нь давтан гэдэг хэргээр 20, 30 мянган төгрөгийн гар утас хулгайлсан жирэмсэн эмэгтэй ч юм уу, насанд хүрээгүй хүүхэд 10 жилийн ял авч байгаа юм. Давтан хэрэг хийсэн гэдгээр нь. Харин үүнийг өөрчилж, хийсэн хэрэгт нь тохирсон ял авах боломж Эрүүгийн хуульд бүгд тусгагдсан. Тухайлбал, машины толь хугалаад авсан бол тухайн хохирлоо барагдуулаад Зөрчлийн хуулиараа шийтгүүлээд явж болно. Хэрэв хэргээ давтан хийгээд, үүнийгээ амьжиргааныхаа эх үүсвэр болгоод явбал тухайн хохирогчийн хохирлыг барагдуулна. Дараа нь хорьж шийтгэнэ. Хорих хугацаа нь гурван сараас таван жил байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хийсэн үйлдэл болгонд ял авна. Тэрнээс өмнө нь хийсэн хэрэг дээрээ давтан гэж хэлүүлээд том ял авахгүй гэсэн үг. Ялыг нь хүндрүүлж өгөхөөс бүр их хүндрүүлэхгүй гэж болно. Гэм буруутан бүр хийсэн хэрэгтээ таарсан ялаа авна гэж ойлгож болно.

-Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 100 саналын томьёоллоор санал хураалгахаар УИХ-ын чуулганд оруулж ирсэн. Гэвч эхнээсээ чухал гэсэн заалтууд нь гишүүдийн дэмжлэг авч чадалгүй унасан шүү дээ?

-Санал хураалтын явцад хэд хэдэн заалт унасан. Ажлын хэсэг сайн ажилласан учраас зарчмын зөрүүтэй 100 санал оруулж ирсэн гэж болно. Зөрчлийн хуулийг бага эрүүгийн хууль гэж үзэж болно. Зөрчлийн хуулиар жижиг гэх асуудлыг шийдээд явах боломжтой. Ер нь саналуудыг дундаас нь унагаад байж болохгүй. Энэ саналуудыг бусад хуулиудтайгаа яв цав тааруулж, хооронд нь уялдаа холбоотой боловсруулсан. Тэгэхээр зарим заалт нь унаад, нөгөө хэсэг нь үлдээд байвал сайн хууль болж чадахгүй гэдгийг нь хэлсэн. Онцлоход энэ хууль дэвшил авчирсан. Яаралтай батлах шаардлагатай. УИХ 133 хууль хэлэлцэх ёстой. Үүнээс гуравхан хууль баталсан гэж шүүмжлүүлээд байгаа. Энэ УИХ-ын хийх гол ажил бол нийгэмд хүлээгдээд буй чухал хуулиудын нэг хэсэг болох Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийг батлах ажил юм. Улс төрөөс гадна үндсэн ажлаа хийх ёстой шүү дээ.

-Хууль батлагдсанаар одоо ял эдэлж байгаа хэдэн хүний ял хөнгөрөх талаар мэргэжлийн байгууллагуудаас хийсэн статистик, судалгаа байна уу?

-Одоо энэ хуулиа баталж авахгүй бол наадам дөхөөд ирэхээр УИХ хууль бөөнддөг гэдэг нэр хүлээдэг. Мөн Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх хууль, Өршөөлийн хууль батлагдвал 8000 хоригдлын ял багасах ёстой. Мөн үүнээс 30-35 хувь нь суллагдах судалгаа гарсан. Хулгай хийж бага ял авсан хүүхэд, эмэгтэйчүүдийн тохиолдлууд байна. Өмнө нь хохирлоо барагдуулсан ч гэсэн ялаа аваад шоронд явдаг. Харин одоогийн хуулийн гол зарчим бол хохирлоо барагдуулах юм.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.