Ярилцлага — 30 June 2015
З.Баянсэлэнгэ: Хүлээцтэй хандана
Түгээх

-Хаанаас шидсэн чулуу, хаана очиж бууж байгаа, хэн явуулж байгааг бид мэднэ-

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-МАХН ойрын хугацаанд Бага чуулганаа зарлаж дотоод асуудлаа ярилцахгүй бол гишүүд нь хоёр хуваагдлаа гэх мэдээлэл цацагдаад эхэллээ. Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах ёстой гэдэг шаардлагыг гишүүд нь тавиад эхэлж, танд тодорхой мэдээлэл байна уу?.

-Өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдээр ийм мэдээлэл цацагдаад эхэлсэн. МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, энэ тухай мөн ярьсан. Ер нь бол Бага чуулган хуралдах ёстой, ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах ёстой гэх шаардлага тавьсан нөхдүүд дунд юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй, зарим нь тодорхой асуудал дээр санал зөрөлдсөн, заримынх нь гарын үсгийг дуурайлгаад зурчихсан гээд “но”-той асуудал их бий. Сонгууль угтсан улс төр л яваад байна.

2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл амжилттай оролцсоны дараа эвслийг задлахуйц асуудал яригдаж, тараахыг оролдсон. Ийм нөхцөл байдал өнөөдөр давтагдаж байна.

-Хуурамч гарын үсэг зурсан гэдгийг тодруулах боломж байна уу?

-Гишүүдийн маань итгэл үнэмшлийг өөр зүгт хандуулж, хөөрөгдүүлж байгаад гарын үсгийг хуурамчаар зуруулсан. Өөр бусад шалтгаанаар гарын үсэг зуруулсан тохиолдол ч бий, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулахтай холбоотойгоор. Гэхдээ 81 хүний байр суурийг МАХН-ын мянга, мянган гишүүний байр суурь гэж харж болохгүй. Бага чуулган хуралдана гэдэг намын даргатай холбоотой, хэлэлцэх асуудал нь намын эрх хэмжээнд яригддаг учраас тийм ч амархан болохгүй. Хаанаас шидсэн чулуу, хаана очиж бууж байгаа, хэн явуулж байгааг бид мэднэ. Халуун тогоонд нь ажиллаж байгаагийн хувьд иймэрхүү зүйлд бид хөөрөгдөж гүйхгүй, хүлээцтэй хандана.

-Гүйцэтгэх товчооны хурлаас Ерөнхий нарийн бичгийг огцруулах шаардлага байхгүй гэсэн шийдэлд хүрчээ гэж ойлгож болох уу?

-Ерөнхий нарийн бичгийн даргыг солих асуудал манай намын тулгамдсан асуудал биш. Тулгамдсан асуудал зөндөө бий. Улстөрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт, Өршөөлийн хууль гээд хоёроос гурван жил яригдаж байгаа томоохон хуулиудыг батлах шаардлага бий.

Өөрөөр хэлбэл, энэ намтай холбоотой асуудал бол яаран сандран шийдэх, манай намын 2016 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц, ирээдүйн хувь заяанд нөлөөлөхүйц, тулгамдсан асуудал биш. Энэнд бид нэг их айхтар туйлширч гүйгээд байх асуудал биш. Ойлгомжтой ч асуудал, тоглоомынх нь эздийг ч бид мэдэж байгаа.

-Тоглоомын эзэд нь дотроос уу, гаднаас байна уу?

-Гадна талаас үймүүлж байгаа. Тийм учраас гаднаас ирсэн чулуугаар өөрсдийгөө чулуудаад байж таарахгүй.

-УИХ-аар Н.Алтанхуяг гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн хүсэлттэй холбоотойгоор хэлэлцүүлгийг хойшлуулсан. Хэзээ хэлэлцэх юм бол?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжигдсэн төсөл. Нэгэнтээ байнгын хорооноос хуулийн төслийг олонхиороо дэмжсэн нөхцөлд нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх ёстой. Миний ойлгосноор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь албан бичиг УИХ-д ирүүлсэн учраас хуулийн хэлэлцүүлгийг нэг долоо хоног хойшлуулсан.

УИХ-ын даргын тайлбарлаж байгаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулахад тухайн үед нь нэгтгээд явах бүрэн боломжтой гэдгийг ярьж байгаа. Миний хувьд бол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэстэй нийлүүлэхдээ цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байсан тодорхой албан тушаалын хэргүүдийг бүхэлд нь АТГ-т нэгтгэснээр хуулийн тогтолцоог гажуудуулсан гэж боддог. Тийм учраас Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд тодорхой албан тушаалтнуудын хэргийг шалгаад авлигатай холбоотой асуудлыг харьяаллын дагуу АТГ-д шилжүүлээд явах боломжтой.

Анх АТГ байгуулагдахдаа урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигаас ангид байлгах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Гэтэл өнөөдөр энэ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Тэр үүднээсээ ч авлигаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигал авах, өгөх зуучлах гэсэн тодорхой зүйл заалтаа шалгаад явах бүрэн боломжтой л гэж миний хувьд үзэж байгаа.

-Долоо хоног хэлэлцүүлгээс хойшлуулсан гэхээр энэ долоо хоногт хэлэлцэх боломжтой гэсэн үг үү?

-УИХ энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй учраас хэлэлцэхгүй л гэсэн үг.

-Танай бүлэг АТГ-ын харьяанд байгаа Мөрдөх албыг Прокурорт шилжүлэхийг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа.

Г.ХОРОЛ

Эх сурвалж: http://www.news.mn/


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.