Засгийн шинэ хувилбар

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр орой хуралдаж, Гүйцэтгэх зөвлөлөөс ирүүлсэн даалгаврыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Засгийн газарт хамтарсан МАН-ын болон бусад нам, эвслийн гэрээний биелэлтийг дүгнэн хэлэлцэхийг УИХ дахь намын бүлэгтээ үүрэг болгосон юм.

Таван цаг гаруй хуралдсан Ардчилсан намын бүлэг өчигдөр, Засгийн газарт хамтрахаар МАН-тай байгуулсан гэрээнд тусгасан ажлуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Бүлгээс МАН хангалтгүй дүн авсан бөгөөд хамтарсан засаг байгуулсны гол зорилго биелэгдээгүй гэж үзжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл, Сонгуулийн хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Гацууртын төсөл, Тавантолгой, Оюутолгойн асуудал шийдэхэд МАН-аас саад болсон хэмээн дүгнэлтээ гаргаж, Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлэхээр болсон байна. Тус намын Гүйцэтгэх зөвлөл нь 31 хүнээс бүрддэг. Тэгэхээр МАН-ыг засагт үлдэх үгүй нь тэрхүү 31 хүний үзэмжээр шийдэгдэхээр болж байгаа юм.

УИХ дахь намын бүлгээсээ гаргасан дүгнэлтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл тун удахгүй хэлэлцэх нь тодорхой болов. Тэндээс МАН-ыг засгаас хөөх нь бүр ч ойлгомжтой болж байна.

Ийнхүү хоёр Энхболдын хоршин тоглолт МАН-ыг засгаас хөөснөөр дуусгавар болж байна. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах комбинацыг тэд маш амжилттай гүйцэлдүүлсэн. Холын шунал, ойрын эрх ашиг нь хоёр Энхболд хошуу холбон саймширах шалтгаан болж байсан нь ердөө долоохон сарын өмнө. Гэвч, З.Энхболдын “уран мэх” МАН-ын даргыг мад тавилаа гэж хэлэхэд бодит байдлаас хол зөрөхгүй байх.

Ардчилсан нам засгаас Ардын намын зургаан сайдыг хөөхөөр тохирсон, тэдний оронд томилох дараагийн сайдуудын нэрсийг аль хэдийнээ тодруулчихсан бололтой. Өөрөөр хэлбэл, МАН-ыг засгаасаа хөөнө гэдгээ Ардчилсан нам аль эрт шийдсэн нь улс төрд болж байгаа үйл явдлын өрнөлөөс тод харагдаж байна. Хэнд, ямар яамыг өгөхөө ч АН-ын фракциуд хуваагаад авчихсан гэх мэдээлэл саарал ордноос жиргэж эхлэв.

Зи даргын боловсруулсан Засгийн шинэ хувилбараар Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэвээр үлдэх гэнэ. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт бас сандал суудалтайгаа үлдэнэ. Нэг үгээр хэлбэл, Ардчилсан намаас томилогдсон сайд нарын томилгоонд төдийлөн өөрчлөлт орохгүй гэсэн үг. Харин МАН-ын зургаан сайд мөн МАХН-аас томилогдсон нэг хоёр сайдыг өөрчлөх АН-ынхан тохирчээ.

Шийдлийн Засгийн газар МАН-д Шадар сайд, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамыг өгсөн. Тэгвэл Ардчилсан намын нөлөө бүхий хүний хэлснээр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын суудлыг ИЗНН-д өгөхөөр тохиролцжээ. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ИЗНН-ын С.Дэмбэрэлтэй уулзаж, БОНХАЖЯ-ыг санал болгосон гэх. Энэ яриаг “Би сайд болохгүй гэж С.Баярцогтыг Гарамгайбаатарын өрөөнд байхад хэлсэн” гэх үгээрээ С.Дэмбэрэл гишүүн баталж орхив. Хэрэв С.Дэмбэрэл сайд болохыг зөвшөөрөхгүй бол Ц.Ганхуягт санал тавихаар Ардчилсан нам дотор яригдаж байгаа аж. Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд МАН-аас урваж, АН-д элссэн Д.Арвин гишүүнийг томилохоор болсон гэх. Д.Арвин гишүүн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад багагүй хувь нэмэр оруулсан, З.Энхболдын гэх “Шонхор”-ын хүн юм.

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд “Шонхор”-ын Г.Баярсайхан очихоор тохирчээ. Харин Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тавихаар АН-ын фракциуд тохиролцоонд хүрсэн байна. Харин Сангийн яамыг МАХН-д, Зам тээврийн яамыг З.Энхболдын ахлах зөвлөх А.Гансүхэд өгөх, мөнМАХН-ын гишүүн Ц.Цолмонгийн оронд Ц.Шаравдоржийг засаг оруулж ирэхээр ярьсан байна.

Засгаас МАН-ыг хөөснөөр тус намын гэх дэд сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нар ч төрхөмдөө буцах нь гарцаагүй юм. Эндээс харахад засагт өөрчлөлт орсон тохиолдолд төрийн алба, яамдуудад зун, намрын турш халаа сэлгээ, томилгоо үргэжилж хөл толгойгүй бужигнаан ахиад өрнөж магадгүй байна. Үнэндээ Ардчилсан намын зүгээс гаргаж байгаа алиалал бүдүүн 72 бүлэг байгуулагдах үед Ц.Нямдоржийн “Ардчилсан нам шиг найдваргүй түнштэй адууны хулгайд явах хэрэггүй” гэдэг үгийг Ардын намынханд сануулж буй биз.

Урьж авчирчихаад, хөөж гаргадаг ёс монголчуудад байдаггүй. Гэвч, эрх мэдэл албан тушаалын төлөө Ардчилсан нам юу ч хийхээс сийхгүй болсноо энэ үйлдлээрээ нотолж орхив. Эцэст нэг асуулт байна. Эрх мэдэл, хувийн эрх ашгийн төлөө эдийн засгаа дампууруулсан ч хамаагүй юу Ардчилсан намынхаан. Арван зургаан оны сонгууль болоход ердөө ганцхан жил үлдсэнийг сануулахад илүүдэх юун.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.