Нийслэл — 30 June 2015
Т.Мөнхтунгалаг: С.Баярыг шалгаад хариуг явуулсан
Түгээх

АТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан, энэ оны эхний хагаст авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын хэвлэлийн ажилтан Т.Мөнхтунгалагаас сэтгүүлчдийн асуусан асуултыг хүргэе.

-Ерөнхийлөгч асан П.Очирбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах асуудал юу болсон бэ?

-УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Хос дэнс” ТББ-ын тэргүүн н.Гантамир нарын АТГ-т гаргасан гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын хөрөнгө орлогын мэдүүлэгт шалгалт хийсэн. Хариуг нь өгсөн. Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэр хүндийн асуудал учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.

-Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэгт шалгалт хийх асуудал юу болсон бэ?

-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13-2-т зааснаар УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын ёсзүйн дэд хороо шалгана. Хуулиараа шалгах байгууллага нь манайх биш. Харин хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрчилтэй байж болзошгүй шалтгаанаар УИХ-ын ёсзүйн дэд хороонд мэдэгдсэн.

-Н.Алтанхуяг гишүүний санаачилсан хуулийн төслийн талаар тодруулъя?

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, мөн эдгээрийг даган гарах тогтоолын төслүүд бий. Гишүүн Н.Алтанхуягийн зүгээс өөрөө эдгээр хуулийн төсөлд санал авахаар АТГ-т хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу АТГ-аас тодорхой саналаа хүргүүлсэн. Өөр санал, тайлбар, дүгнэлт хэлэх боломжгүй.

-АТГ-ын твиттер хаягийг хуурамчаар үйлдсэн асуудал байсан. Энэ талаар?

-@NOcorruptionMGL гэж АТГ-ын албан ёсны твиттер хаяг. Үүнээс өөр ямар нэг хаягийг ашигладаггүй гэдгийг хэлье. Өнгөрсөн өдрүүдэд АТГ-ын нэрээр хуурамч аккаунт нээж УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн талаар мэдээлэл тавьсан. Энэ бол хуурамч хаяг гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Улаанбаатар Төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, Санжийн Баяр, ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж нарын хэрэг юу болсон бэ?

-Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг Эрүүгийн хуулийн 266-2-т заасны хүрээнд шалгаж байгаа.

УИХ-ын гишүүн О.Уянгын зүгээс гишүүн С.Баярыг шалгуулах хүсэлт тавьсан. Үүний дагуу шалгалтыг хийгээд УИХ-ын гишүүн О.Уянгад хариуг хүргүүлсэн.

ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж болон түүнтэй холбоотой бусад албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266-2, 273 дугаар зүйлийн 273-2, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150-3 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх хэргийн талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй.

-Одоогоор танайд хэдэн хүн цагдан хоригдож байна вэ?

Таван хүн бий. Г.Дэнзэн, Г.Түмэнхүү, М.Тамир, Д.Батзориг, Г.Мөнхбат гэсэн хүмүүс байна.

-Манай улс авлигын түвшнээр олон улсад хаана жагсч байна вэ?

-2007 оны хоёрдугаар сараас АТГ албан ёсоор ажиллаж эхэлсэн. Тухайн үед манай улсын АТГ 179 орноос 99 дүгээр жагсч байсан. Одоо 80 дугаар жагсч байна.

Б.ЗАЯА

Эх сурвалж: http://www.news.mn/


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.