Засгийн газар — 28 July 2015

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэхээр товлосон нь улстөр дэх температурыг эрс нэмэгдүүлж мэднэ. Угаас гандуухан байгаа улстөрийн уур амьсгалыг намжаахын тулд үүл буудахаас ч илүүтэйг хийхэд хүргэж мэднэ-

Зуны сар үндсэндээ шувтарч байна. Намрын халуун өдрүүд эхлэтэй зэрэгцэн Монголын улстөрийн амьдрал ч буцалж эхлэх нь бололтой.

Хаврын чуулганы хаалт дээр УИХ-ын даргын зарласан ээлжит бус чуулганы тов ийн таамаглахад хүргэв. Ээлжит бус чуулганыг зарлах болсон шалтгаанаа ноён спикер хоёр зүйлээр тодотгосон. Үүнд, нэгдүгээрт, Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг онцгой ач холбогдол бүхий хуулиуд чуулган завсарлахаас өмнө батлагдаж амжсангүй. Эдгээр хуулийг зайлшгүй, яаралтай батлах шаардлагатай байгаа. Нөгөөтэйгүүр АН болоод МАН-ын хамтарсан Шийдлийн Засгийн газарт анх ороход байгуулсан гэрээний биелэлтийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэг дүгнээд хангалтгүй гэж үзсэн.

Үүнээс үүдэн МАН Засгийн газраас гарахад бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс үүнийг шийдэх нь зүйтэй гэдэг утгаар наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулганыг хуралдуулах товыг зарлаад байгаа юм. Харин чуулган хуралдуулах албан ёсны захирамж хараахан гараагүй байна. УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлд ээлжит бус чуулганыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш хувийн саналаар зарлах эрхтэй гэж заасан. УИХ-ын дарга З.Энхболд энэ хуулийн 16.4-т заасны дагуу албан ёсоор ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, үргэлжлэх хугацааг товлон албан ёсоор захирамж гаргасны үндсэн дээр тов тодорно. Харин одоогоор ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай УИХ-ын даргын захирамж гараагүй, хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ УИХ-ын Тамгын газрын зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулах бэлтгэл ажлыг хэдийнээ хангасан гэж мэдэгдээд байгаа юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ээлжит бус чуулганыг наймдугаар сард биш нэгмөсөн есдүгээр сард хуралдуулъя гэсэн санал тавьсан. УИХ-ын дарга энэ асуудлыг хэрхэн хүлээн авсан хийгээд УИХ-ын ээлжит бус чуулган хэзээ хуралдах талаарх чимээ анир алга. Төрийн ордон ажин түжин, УИХ-ын гишүүдийн олонх нь амралтын байдалтай, эзгүй байгаа бол цөөн хэсэг нь гадаад дотоодыг зорихоо түр азнаад ээлжит бус чуулганы тов гарахыг чагнан, хүлээлтийн байдалтай байгаа гэнэ. Улстөр судлаачдын зарим нь УИХ дахь МАН-ын бүлгийнхэн сурсан зангаараа бойкот хийж, чуулганд оролцохгүй гэдийх магадлалтайг дурджээ. Таамаглал үнэн бол чуулган хуралдуулах захирамж гаргалаа ч эдийн засагт амин чухал нөлөө бүхий хуулийг хэлэлцэх гишүүдийн ирц эргэлзээ төрүүлж байгаа юм.

Төрийн ордон ажин түжин, УИХ-ын гишүүдийн олонх нь амралтын байдалтай, эзгүй байгаа бол цөөн хэсэг нь гадаад дотоодыг зорихоо түр азнаад ээлжит бус чуулганы тов гарахыг чагнан, хүлээлтийн байдалтай байгаа гэнэ.

Ээлжит бус чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэхээр товлосон нь улстөр дэх температурыг эрс нэмэгдүүлж мэднэ. Угаас гандуухан байгаа улстөрийн уур амьсгалыг намжаахын тулд үүл буудахаас ч илүүтэйг хийхэд хүргэж мэднэ. Хэдийгээр МАН-ынхан засгаас гарахад татгалзах зүйлгүйгээ мэдэгдсэн ч тийм ч амархан суудлаа тавиад өгчихгүй болов уу. Өгчээ гэхэд орон зайг нь АН-ынхан дангаар эзлэх үү, эс бөгөөс эвслүүдэд хуваах уу гэдэг нь өөрөө асуудал. Шийдлийн Засгийн газрыг ганхуулж ч мэдэх энэ асуудал улс төрийн хүрээнийхэн хийгээд эгэл иргэдийн ч анхаарлыг татаж байна. Дээр нь Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Үүнийг ч бас үлдээж болохгүй асуудал хэмээн УИХ-ын дарга чухалчлахыг үгүйсгэх аргагүй.

Түүнчлэн ирэх сарын 3-ны өдөр хуралдах “Нүүрс” хөтөлбөрийнхнийг шүүх хурал галд цучил нэмэх нь. Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Мөн Монголд албан ёсоор айлчлах зочдын тоо нэгээр тогтохгүй. Монголын хувьд эртний түнш Унгар, Чех улсын өндөр дээд албан тушаалтнууд Монголд айлчлахаа мэдэгджээ. Энэ бүхнээс үүдэн дүгнэвэл ирэх наймдугаар сард Монголын улстөр тун ч халуухан байж мэдэх нь.

Эх сурвалж news.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.