Уул уурхайн яамнаас 2015 оны эхний хагас жилд хийсэн гол ажлууд
Түгээх

Гацууртын ордыг стратегийн ордод хамаарууллаа

Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж стратегийн ордод хамруулахаар шийдвэрлүүлсэн. Мөн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж УИХ-д хоёр удаа өргөн мэдүүлсэн боловч нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт орууллаа

Стратегийн ордод төр өөрийн эзэмшиж буй хувьцаандаа ногдох ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр авах боломжийг уг хуулийн нэмэлтээр оруулсан. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлогоос авч байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ дээр нэмж тусгай төлбөр авах тухай асуудал юм.

“Урт нэртэй хууль”-ийн дагаж мөрдөх журмыг батлууллаа

“Урт нэртэй хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.

Шинээр батлагдсан хуулийн гол агуулга нь гол, мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглож, ойн сан бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг Ойн тухай хуулийн дагуу 1 мод огтолбол 10-аас доошгүй мод тарих, нөхөн сэргээлт хийхээр зохицуулсан. Мөн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож, “Урт нэртэй хууль” батлагдахаас өмнө усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт хийлгэх журмыг Засгийн газар баталж хэрэгжүүлэхээр заасан. Ингэхдээ нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тухайн аж ахуйн нэгж 100 хувь урьдчилан байршуулж, хэрэгжилтэд нь төр хяналт тавихаар болсон.

Мөн “Журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаархэлэлцүүлж батлуулсан. Уг журам, гэрээнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоох, аль байгууллага ямар асуудлыг хариуцах гэх мэт оролцогч талуудын эрх үүргийг тодорхой тусгасан болно.

Орон нутагт төвлөрөх орлогын хувь, хэмжээ нэмэгдлээ

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрөх болов.

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн

            Газрын тосны тухай хуульд “Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно” гэж заасан боловч бусад уламжлалт бус газрын тос тухайлбал, байгалийн битум, нүүрсний давхаргын метан хийн эрлийн үед өрөмдлөг хийж болох эсэхийг зохицуулалгүй орхигдуулсан байсан. Эрлийн ажил гүйцэтгэхэд

Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгох мөн гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг залруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулж батлууллаа.

            Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орсноор Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас өмнө уламжлалт бус газрын тосны нөөцийн эдийн засгийн үр ашгийн тооцоо боловсруулах нөхцөл бүрдэх бөгөөд уламжлалт бус газрын тосны Засгийн газар болон аж ахуйн нэгжид ногдох хувь хэмжээний талаар хэлэлцээ хийж, харилцан ашигтай нөхцөл тохирох боломжийг бүрдүүллээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдлээ

УИХ-ын энэ оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид  нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Энэхүү конвенц нь уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэм хэмжээг тогтоож өгдөг бөгөөд төр, ажил олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн байдаг.

Төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний үнийг үндэслэн АМНАТ тооцно

Төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгжийн мэдүүлсэн борлуулалтын гэрээний үнийн дүнд үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ ногдуулах боломжийг бүрдүүлсэн. Хэрэв аж ахуйн нэгж борлуулалтын орлогоо буруу мэдээлсэн тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яамнаас зарладаг “Жишиг үнэ”-ээр тооцож ногдуулахаар тусгасан.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг батлууллаа

Шинээр батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар нь төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болсон. Ингэснээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах боломжийг олгож, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.

Экспортод гаргаж буйнүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүллээ

“Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний MNS 6457-2014” стандартыг батлуулсан. Энэхүү стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боллоо.

Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллахаар боллоо

Газрын тосны газар “Богд IV” ба “Онги V” талбайд “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Төслийн хүрээнд нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Мөн бусад ажил, үүргүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 4.55 сая ам.долларыннэмэлт санхүүжилт хийхээр тохирсон байна. Ингээд нийт хөрөнгө оруулалт 32.55 сая ам.доллар болох юм.

Газрын тосны хайгуулд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар газрын тосны хайгуулын “Хар Ус II”, “Увс I”, “Хэрлэнтохой XXVIII” талбайд тус тус Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. Ингэснээр нийтдээ 339  сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон.

Цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрх олгох ажлууд хийгдэж байна.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдсан. Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ажлууд хийгдэж байна.

Монгол, Чехийн хамтарсан “Мон-Чех Ураниум” ХХК-г байгуулан ажиллаж байгаа ба хувьцааны нь 51 хувийг монголын тал хуулийн дагуу эзэмших юм. Мөн Францын хөрөнгө оруулалттай Кожеговь ХХК-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Ингэснээс Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компанийн оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компанийн ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил эхэлж байна.

“Эрдэс баялгийн салбар 2025-II” хэлэлцүүлэг болсон

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү хэлэлцүүлгээр өнгөрсөн жилийнхээ хэлэлцүүлгээс гарсан уриалгын хэрэгжилтийг дүгнэж,  улмаар энэ онд хийж гүйцэтгэх ажлаа уриалга болгон гаргалаа. Энэхүү уриалгад, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үндэсний геологийн албыг олон улсын жишгээр байгуулах, эдийн засгийн тулгуур салбарын хөгжлийн асуудлаар улс төржихгүй байж, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилах, хуулийг дээдлэх зарчим баримтлах талаар уриалгад тусгасан.

Орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээний загвар боловсруулж байна

Манай яамнаас орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээний загварыг олон улсын нэр хүнд бүхий “Хоган Ловеллс” хуулийн фирмтэй хамтран боловсруулж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү ажлын хүрээнд уг загвар гэрээнд зайлшгүй тусгах шаардлагатай орон нутагт тулгарч буй нийтлэг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох үүднээс Улаанбаатар хот болон Өмнөговь, Төв, Дорноговь зэрэг аймагт хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Хэлэлцүүлэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий аймаг, сумдын 150 орчим төлөөлөл, уул уурхайн 60 орчим компани болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.

Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжиж байна

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Уул уурхайн сайдын тушаалаар орон тооны бус Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулж, түүний ажиллах журмыг баталсан.

Эрдэс баялгийн бодлогын зөвлөл нь нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Зөвлөлийн даргаар Уул уурхайн сайд, гишүүдэд яамны газар, хэлтсийн дарга, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын дарга нар болон салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагч, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн төлөөлөл ажиллаж байна.

Бодлогын зөвлөл нь эрдэс баялгийн салбарын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль санаачлагчдын боловсруулсан хуулийн төсөл, салбарын хөгжлийн стратеги, ойрын, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай” хуулийн төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн тесөл, “Эрдэс баялгийн биржийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, Үндэсний геологийн алба байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох санал, зөвлөмж гаргаад байна.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдлээ.

Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсэгт нийт 155.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж өргөтгөснөөр хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэж 32 сая тонн боллоо. Мөн 119,027 тонн цэвэр зэс гаргаж байсан нь 26,000 тонноор нэмэгдэх боломжтой боллоо. Зэсийн баяжмал 516,813 тонн үйлдэрлэж байсан нь 113,000 тонноор өсч, баяжуулах фабрикийн 1082 ажилчин 33 шинэ ажиллах хүчнээр нэмэгдэв. Зэсийн баяжмалын орлого 1.3 их наяд төгрөг байсан бол 240 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 462 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан нь 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.

Уул уурхайн сайдын багцын орлого 79.9 тэрбум төгрөг болов.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Ашигт малтмалын газар нийт 21.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 16.7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 877.8 сая төгрөг, бусад орлого 3.9 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 58.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.Үүнээс газрын тосны орлого 57.0 тэрбум төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна.

Ингээд Уул уурхайн сайдын нийт багцын орлого 79.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

Энэ оны эхний 6 сарын байдлаар нүүрс 11.4 сая тонн, алт 3.6 тн, газрын тос 525.4 мянган тонныг тус тус олборлов. Хайлуур жоншны баяжмал 107.5 мянган тонн, зэсийн баяжмал 592.3 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 2.1 сая тонн, цайрын баяжмал 45.4 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.

Энэ оны эхний хагас жилд зэсийн баяжмал 663.8 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.3 сая тонн, алт 4.0 тонн, нүүрс 6.9 сая тонн, газрын тос 514.5 мянган тонныг тус тус экспортлосон байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд:

  • Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га
  • Сонгон шалгаруулалтаар 6.5 % буюу 10.2 сая га тус тус ногдож байна.

Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. 2015 оны 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгосноос 1141 дугаар авсан аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 103 талбайд орон нутгийн удирдлагаас санал авах мэдэгдэл хүргүүлсэн.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 54 хувийн биелэлттэй байна.

Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанаас улсын төсөвт оруулах орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэнтэй холбоотой.  2010 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүйгээс энэ салбарын үйл ажиллагаа буурч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс багасах хандлагатай болоод байсан юм.

Эхний хагас жилийн байдлаар, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт 20.2 тэрбум төгрөг, цөмийн энергийн тусгай зөвшөөрлийн төлбөрт 0.86 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажил хийгдсэн ордын нөхөн төлбөрт 1.1 тэрбум төгрөг, кадастрын үйлчилгээний төлбөрт 2.7 тэрбум төгрөг нийтдээ 24.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж 2015 оны төлөвлөгөөт зорилт 54 хувийн биелэлттэй байна.

Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийсэн ажлууд

Уул уурхайн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгооор хоёр талын уулзалт яриаг идэвхтэй явуулж ирлээ.

2015 оны эхний хагас жилд Монгол Улсын Уул уурхайн яамны удирдлага Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, БНХАУ-ын элчин сайд Ван Шаолун, Япон Улсын Элчин сайд Шимизү Такэнори, Франц Улсын Элчин сайд Ив Дэлунэ, АНУ-ын Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландин, ХБНГУ-ын Элчин сайд Герхад Тийдеманн, Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С.В.Чепурной, Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Кристофер Чарльз Стюарт, Австрали Улсын Элчин сайд Уильям Патерсон, Солонгос Улсын Элчин сайд У Сунг, Мьянмарын Холбоооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд ноён Вунна Маун Лвин, АНУ-ын Төрийн департаментийн тусгай элч, олон улсын эрчим хүчний зохицуулагч Амос Ж.Хокштейн, ОХУ-ын Свердловск мужийн хууль тогтоох хурлын орлогч дарга А.П.Сухов, Бүгд Найрамдах Киргиз Улсын Их Хурлын гишүүн Досалиев Акуналы тэргүүтэй төлөөлөгчид, Канад Улсын Элчин сайдын яамны хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Н.Фостер нарыг хүлээн авч уулзсан байна.

Уул уурхайн сайд Р.Жигжид ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол болон Монгол-Оросын “Монголросцветмет” компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурав.

Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов 2015 оны 6 дугаар сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төмөр зам, автозамын зэрэг томоохон төслүүдийн талаар мэдээлж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Мөн гадаад орны болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөлтэй нийт 115 удаа уулзалт хийж, Монгол Улсын эдийн засаг, экспортын тулгуур салбар болсон уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, ил тод, өрсөлдөх чадвартай, болгох чиглэлд Засгийн газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 3 дугаар сард Канад Улсад ажлын айлчлал хийв. Ажлын айлчлалын хүрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид Канадын Сангийн сайд ноён Жо Оливер, Гадаад худалдааны сайд ноён Эд Фаст, Канадын Парламентын Нийтийн танхимын гишүүн, уул уурхайн асуудал эрхэлсэн парламентын Төрийн нарийн бичгийн дарга, сайд хатагтай Келли Блок, Канадын парламентын гишүүн ноён Грег Грове, Канадын экспортыг дэмжих байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Карл Бурлок, Уул уурхайн хайгуулч, олборлогчдын холбооны ерөнхийлөгч ноён Род Томас зэрэг Канадын төрийн байгууллагуудын удирдлагатай уулзав.

Ажлын айлчлалын үеэр “Монгол Улсын Уул уурхайн яам, Канадын Байгалийн баялгийн яам хооронд эрдэс баялаг, металлын салбарын тогтвортой хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө” байгуулсан. Энэхүү төлөвлөгөөнд Монгол Улсын кадастрын албыг бэхжүүлэх, уурхайн ордын ангиллыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, уурхайн олборлолт, хаах, нөхөн сэргээх үйл ажиллагааны тэргүүний технологийг нэвтрүүлэх, уул уурхайн салбарын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд техникийн туслалцааг Канадын тал 2017 он хүртлэх хугацаанд үзүүлэхээр тогтов. Ажлын айчлалын хүрээнд Канадын Онтарио мужийн Тимминс хотод үйл ажиллагаа явуулж буй “Гоулдкорп” ХХК-ийн алтны ил уурхайтай танилцав. Энэхүү алтын ил уурхай нь ойн болон усны сангийн бүсэд хотын оршин суугчдаас зөвхөн уурхайн далангаар тусгаарлан зэрэгцэн оршиж, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлж чадсан нь онцлогтой байв.

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн ХБНГУ-ын Берлин хотноо 2015 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “Их Долоо-Коннекс зөвлөлдөх хуралдаан”-нд оролцов. Хуралдаан нь дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох “Их Долоо” улсуудын санаачилгаар хөгжиж буй орнуудыг уул уурхайн салбарт гэрээ хэлцэл хийхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг тодорхойлох зорилготой байв. Германы тал манай улсын тодорхой төслийг загвар төслөөр сонгон зөвлөх үйлчилгээний техникийн туслалцааг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.