Засгийн газар — 03 August 2015
З.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгнө

УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байгаа талаараа “Төрийн албан хаагчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд долдугаар сарын 28-нд захирамж гаргаж, Засгийн газрын гишүүдийг огцруулах, чөлөөлөх, томилох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Засгийн газрын тэргүүн УИХ-д өргөн мэдүүлээгүй байхад ээлжит бус чуулган зарлан сайд нарыг огцруулах гэж байгаа нь хууль зөрчсөн гэж тэд үзжээ. “Төрийн албан хаагчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Я.Эрдэнэсайхан “Засгийн газрын гишүүдээ огцруулах, чөлөөлөх, солих асуудлыг Ерөнхий сайд УИХ-д өргөн барих ёстой. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтын үеэр зургаан сайдаа өргөн барихгүй гэдгээ мэдэгдсэн. Ерөнхий сайд зургаан сайдаа огцруулах санал өргөн бариагүй байхад УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, зургаан сайдыг огцруулах гэж байгаа нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчиж байна. УИХ-ын тухай хуульд УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулна гэж заасан. Гэтэл одоогоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаагүй. Нөгөө талаар УИХ-ын дарга Ерөнхий сайдын бүрэн эрхэд ноцтой халдаж байна. Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайд болохоос АН-ынх биш” гэлээ. Дашрамд дурдахад, Үндсэн хуулийн Цэц амарсан учраас тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй байгаа бөгөөд наймдугаар сарын 20-ноос хүсэлт хүлээн авах аж. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц шалгаад УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж үзвэл энэ ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал хууль бус болох юм байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.