Онцлох мэдээ — 03 August 2015
Байнгын хорооны дарга Д.Ганбатын ахалсан Ажлын хэсэг хуралдаж байна

Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2015.08.03/ болж байна. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат удирдан явуулж, Ажлын хэсгийн гишүүд болон дэд ажлын хэсгийн гишүүд дээрх хуулиудын төслийн талаар хэлэлцэж, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа юм.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Ганбатаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий болон холбогдох бусад байгууллагуудын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.