Засгийн газар — 07 August 2015
Ээлжит бус чуулган гол зорилгоо биелүүллээ

Одоо АН улам хүчтэй сөрөг хүчинтэй тулах нь мэдээж-

 

Доогуураа зодолдоод, дээгүүрээ тэврэлдээд байж болохгүй гэсээр байгаад Ардчилсан нам “Гэрээ биелэгдээгүй” гэсэн үнэмшил багатай шалтгаанаар Ардын намыг хатавчнаасаа хөөж орхилоо. Тодруулбал, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан АН-ын зорилго амжилттай биелэв. Хаваржингаа улс төрийг донсолгосон МАН-ын зургаан сайдыг хөөх тогтоолын төслийг Ерөнхий сайд хүчээр өргөн барьж, үүнийгээ чуулганы хуралдаанд тайлбарлахдаа “Монголд үйлчилж байгаа хууль эрх зүйн хүрээнд энэ асуудал өрнөж байна. Улс төрийн тогтворгүй байдал бий болгоод байгаа хууль эрх зүйн орчинг өөрчлөх шаардлагатай байгаа”-г байгааг улстөрчдөд анхааруулав. Үүнийг ч өчигдрийн сайдуудыг чөлөөлөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Батчимэг анхааруулж, Үндсэн хуулийн өөрчлөлт юу болж байгааг УИХ-ын дарга, ажлын хэсгийнхнээс асууж сураглав. Парламентад суудалтай бүх намуудтай хамтарч засаг байгуулсан АН-ынхан зөвхөн МАН-ын гэрээ, МАН-ын зургаан сайдын ажлыг дүгнэхээсээ илүү намын бодлого, намын байр суурийг хэлэлцсэнийг нь “Үгэнд ороогүй хүүхдэдээ шанаа өгсөн”-тэй адилхан үйл явдал боллоо гэж дүгнэх нэгэн ч байна. Өөрөөр хэлбэл, АН нэгэнт одоо ар, өврөөс нь “хутгалж” чадах хүчтэй дайсантай боллоо гэсэн үг. Угаасаа ч эрт орой ийм зан АН-аас гарах нь тодорхой, анхнаасаа бүдүүн 73-ын бүлэг байгуулах хэрэггүй гэсэн Ц.Нямдоржийн үгийг МАН сонсох ёстой байв. Парламентад ийнхүү хүчтэй сөрөг хүчин дахин мэндэлж, Ардын намын зургаан сайдыг явуулахын тулд “зовлонгийн түргэн нь” хэмээн яарч суусан Ардчилсан намынхан Ж.Батсуурь гишүүний хэлснээр бүр ч том зовлон, бэрхшээлтэйгээ нүүр тулж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Угаасаа ч эрт орой ийм зан АН-аас гарах нь тодорхой, анхнаасаа бүдүүн 73-ын бүлэг байгуулах хэрэггүй гэсэн Ц.Нямдоржийн үгийг МАН сонсох ёстой байв. Мэдээж сөрөг хүчин байлаа гээд бүгдийг сөрнө гэсэн үг биш гэдгийг МАН улс орноо боддог бол болгоож явах нь чухал. Чуулганы хуралдаанд бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэн “Улс орныг эдийн засгийн нэн амаргүй нөхцөл байдал хүлээж байна. Ийм нөхцөлд Засгийн газрын дараагийн бүрэлдэхүүнийг нэн яаралтай томилохыг МАН-аас эрх баригчдад анхааруулан сануулж байна. Бид цаашдаа Засгийн газрын зөв бодлогод ташуур, буруу үйлдэлд хазаар болж ажиллана” гэсэн үгэндээ хүрч чадвал АН-ын гэрээс хөөгдсөн нь тэдэнд ашигтайгаар эргэж ч магадгүй. Монголчууд дээрэлхүү, түрэмгий хүмүүст төдийлөн таатай ханддаггүй зантай. Энэ утгаараа өнөөдөр АН-ын хатавчнаас хөөгдсөн МАН сөрөг хүчин гээд бүгдийг сөрөөд зогсоод байхгүй л бол ирэх сонгуулиар хойморт гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар Ардын намыг засгаас хөөсөн Ардчилсан намд одоо дахиад улс төр хийх боломж үлдээгүй. Нэг үгээр хэлбэл, дөрөвдүгээр ээлжийнхнийг хоолонд оруулах улс төрийн тоглолт тэдэнд байж болохгүй юм. Арван хоёр оны сонгуульд амласнаа, ядаж өдрөөс өдөрт өсч байгаа долларын ханшийг 2000 давуулчихгүйхэн шиг тогтоож, эрдэс баялгаа эргэлтэд оруулна гэсэн амлалтаа биелүүлэхээс өөр арга байхгүй. Алдаа, амжилтаа өөрөө үүрээд явна гэсэн АН-ын бодлого нам талаасаа ч, ирэх сонгуулиа бодсон ч буруу хэцүү шийдвэр. Харин улс төрийн тогтворгүй байдал үүсч, ахиад сандал суудлаа булаацалдаад эхэлбэл жинхнээсээ тус нам амиа хорлосонтой адилхан болох биз. Гэвч, сонгууль болоход жил ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Эдийн засгаа тогтворжуулж чадахгүй бол ард түмэн АН-аас ам асуух, Ардын нам алдаан дээр нь тоглох цаг ирнэ гэдгийг эцэст нь сануулчихъя, эрх баригчдад.

Эх сурвалж news.mn

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.