Гуравдугаар ээлжийнхэн хэн бэ?

Хангалтгүй ажилласан хэмээн хамтран ажиллах гэрээндээ цэг тавьж, МАН-ын зургаан сайдыг огцруулсан Ардчилсан нам одоо гуравдугаар ээлжийн хоолонд хэнийг оруулахаа шийдэх ёстой.

Чуулганы хуралдаанд Ө.Энхтүвшингийн хэлснээр МАН-ын сайдуудыг явуулах шийдвэрээ хоёр ч сарын өмнө гаргачихсан Ардчилсан намын хувьд хэнийг сайд болгохоо аль эрт зөвшилцчихсөн баймаар. Ардын намныхныг огцруулаад, дараагийн хүмүүсээ өргөн барих болов уу гэсэн хүлээлт ч улс төрийн хүрээнийхэнд байсан биз. Гэвч саарал ордон дотор өрнөж байгаа үйл явдал, хов живийг сонсоход Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцорсон гишүүдийнхээ оронд оруулж ирэх сайд нарынхаа нэрсийг ирэх даваа гаригт УИХ-д өргөн барих аж. Тэгэхээр ирэх амралтын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр нийслэлчүүд даншиг наадам үзэж баясах зуур АН-ынхан хороо найруулцгаах бололтой юм.

Өнгөрөгч даваа гаригт АН-ын бүлэг хуралдахдаа, зургаан сайдыг явуулах, харин оронд нь орж ирэх зургааг хэн шийдэх вэ гэдэг дээр зөвшилцөж, Ерөнхий сайд хүнээ мэдэж оруулж ирэхээр болсон гэх мэдээлэл цацагдсан. Өнгөн дээрээ Ч.Сайханбилэгт буулт хийсэн мэт мэдээллийг АН-ын зүгээс тарааж байгаа ч цаанаа бол намын даргынхаа үзэмжээр сайд нараа тодруулахаар болсон гэх.

Үнэндээ сүүлийн өдрүүдэд хэн сайд болох вэ гэсэн санаатай болон санамсаргүй мэдээлэл хэвлэлээр багагүй цацагдаж байгаа. Хэн нэгийгээ “гэрэлд цохиулах” эсвэл өөрийн далд хүслээ хэвлэлээр мэдээ болгон тараах сонирхолтой гишүүд тус намд олон. Ялангуяа бүлэг дотроосоо томилогоо хийхээр болсон нь зарим гишүүдийн хөл хий оруулаад байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын зургаан сайдын суудлаас Ардчилсан нам гурван суудлаа авч, “Шударга ёс” эвсэлд хоёрыг, бие даагчдад нэгийг өгөхөөр болсон гэх. ИЗНН-г харин хоосон үлдээжээ.

Хэдийгээр АН сая “Гэрээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн шалтгаанаар МАН-ыг засгаасаа хөнгөхөөн хөөж орхисон ч өмнөхөөсөө илүү хүчтэй сөрөг, дайсагналтай хүчнийг өдлүүлчих шиг болсон. Унасан хүн ууртай гэгчээр Ардын нам сөрөг хүчний зүгээс сөрсөн бодлого тулгах нь лав. Учир нь МАН-д 26 кноп бий. Тиймээс Ардчилсан нам өөрийн 35 кнопоо хатуу гараар барих, үүн дээр “Шударга ёс” эвсэл болоод бие даагчдын кнопыг багцлахын тулд тэдэнд сайдын суудал, эрх мэдэл амалж байгаа бололтой. Тэгэхээр “сөрөг хүчин” гэж өөрсдийгөө өргөмжилдөг байсан бие даагчид АН-ын шидсэн бялууг үмхэх нь тодорхой болж байна.

Тавантолгойн өмнө тас хөндлөн хэвтсэн Л.Эрдэнэчимэгийн их зүтгэлийг мялааж, Зам тээврийн яамыг шагнал болгон өгч байгаа гэсэн яриа ч дуулдаж байна. Тийм бол харамсалтай. Явж явж Зам тээврийн салбарыг мэргэжлийн бус, тэс хөндлөн энэ хүн удирдах дээрээ тулбал үнэхээр хайран байна. Арай ч тиймдээ хүрээгүй байлгүй гэж найдья.

Өнгөрсөн долоо хоногт болсон Бүлгийн хуралдааны дараа “Сайдуудын эсрэг санал өгсөн хүнд хариуцлага тооцно” гэж З.Энхболд бүлгийнхнээ айлгасан гэх мэдээлэл цацагдсан. Энэ яриа үнэн эсэхийг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаан харуулах биз. Түүний хувьд сонгуулиар барьцаалж, үгэнд ордоггүй гишүүдээ “дуулгавартай жаалууд” болгон хувиргаж байгаа нь харин худал биш билээ. Үүнтэй холбоотойгоор “Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад оролцсон гишүүдийг эсрэгээрээ урамшуулж, сайдын суудлаар мялаасан биз дээ” гэж Р.Бурмаатай барьцах нэгэн байна.

Ч.Сайханбилэг хэдийгээр Ерөнхий сайд мөн боловч намын даргын тамгыг атгаж буйн хувьд З.Энхболдтой сайдуудаа зөвшилцөхөөс өөр аргагүй. АН дотроос жиргэж байгаа мэдээг сонсоход З.Энхболд АН-д оногдсон гурван суудлын хоёрыг нь авч, өөрийн хүнээ тавина гэдгээ хатуухан хэлсэн гэх. Чухам иймээс л өмнө нь сайд явсан С.Ламбаад сайдын суудлыг өгнө гэсэн мэдээлэл цацагдсан байх. Гэхдээ бүлгийн хуралдаанаар төрхөмдөө буцсан зургаан сайдын оронд томилох сайдууд заавал УИХ-ын гишүүн байх ёстой гэдэг дээр тохирсон гэх мэдээлэл бас бий. Хэрэв энэ яриагаараа явбал С.Ламбаа Шийдлийн засагт орж ирэх нь эргэлзээтэй болж байна. Ямар ч байсан АН-д ногдсон гурван суудлын хоёр нь “Шонхор” гэхээсээ Зи-д оногдож байх шиг.

Хэвлэлд гарсан “бор шувуу”-гаар бол Д.Арвин, А.Бакей, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг гээд сайд болчих сонирхол АН-ын олон гишүүнд байгаа бололтой. Эр хүний цээжинд эмээлтэй, хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүний цээжинд эр хүн эмээл, хазаартайгаа багтдаг гэгчээр сайд болно гээд итгэчихсэн үү, Д.Арвин, Г.Баярсайхан нарын гишүүд өчигдрийн чуулганд харцаа ширүүлж, МАН руу дайрч харагдсан. Хэн, хэнд нь хэлэх үг, том санаа байсан биз, хэн мэдэхэв.

Бие даагчдаас Ц.Даваасүрэн, С.Ганбаатар хоёрт санал тавьсан боловч Ц.Даваасүрэнгийн хувьд Сангийн яамыг авна хэмээн “томорсон” гэх. Мэдээж, хамгийн гол яам, хөрөнгө мөнгөө юу гэж бие даагчдад, тэр тусмаа “төсвийн 10 хувь” гэх хочтой Ц.Даваасүрэнд өгөх билээ гэж АН-ынхан эгдүүцэж байгаа сурагтай. Харин С.Ганбаатарт Хөдөлмөрийн сайд болох санал тавьсан нь үнэн, гишүүн ч өчигдөр С.Чинзориг сайдыг чуулганы хуралдаанд магтсаныг тус яаманд очно гэдгээ далд маягаар илэрхийлсэн үг гэж харах хүмүүс байгаа юм.

“Шударга ёс” эвсэлд оногдсон хоёр суудлын нэг Н.Энхбаярын хүүд очих нь гарцаагүй биз. Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Бат-Шугарыг Шадар сайд болгоно гэж МАХН тохиролцжээ. Харин үлдсэн нэг нь М.Энхсайханы намд оногдож байгаа сураг байна.

З.Энхболдын халаасанд орсон хоёр яам бол Зам тээвэр болон Барилга хот байгуулалт. Сангийн яамыг хэнд өгөхөө харин Ч.Сайханбилэг өөрөө мэдэх бололтой. Тавантолгойн өмнө тас хөндлөн хэвтэж, З.Энхболд, Х.Баттулга нарын том эрх ашгийг хамгаалж чадсан Л.Эрдэнэчимэгийн их зүтгэлийг мялааж, Зам тээврийн яамыг шагнал болгон өгч байгаа гэсэн яриа ч дуулдаж байна. Үнэндээ З.Энхболдын үгээр хөдөлсөн түүнийг Зам тээврийн сайд болчихлоо гэхэд үгүй гэх газаргүй. Энэ яамыг олон ч жил МоАХ өмчилсөн, өөрийн өв хөрөнгө мэт бодчихсон ч байгаа байлгүй. Гэхдээ харамсалтай байна. Явж явж хамгийн чухал Зам тээврийн салбарыг мэргэжлийн бус, тэс хөндлөн энэ хүн удирдах дээрээ тулбал үнэхээр хайран байна. Арай ч тиймдээ хүрээгүй байлгүй гэж найдья.

Алтангадас, Шонхор, МҮДН, Нэг ардчилал, МоАХ гээд амбиц ихтэй фракциудаа сонсохгүйгээр З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр хоорондоо тохиролцоод сандал, суудлаа хуваачихаж чадахгүй биз.Болох ч үгүй биз.

Ямартай ч ирэх амралтын өдрүүдэд гуравдугаар ээлжийн хоолонд хэнийг оруулах вэ гэсэн гол тохиролцоо АН дээр өрнөнө. Хэнд бялуу хүртээх нь АН-ын дур, даргын мэдэх хэрэг гэлээ ч улс орны гол эрх ашгаа бас давхар бодолцож хүнээ сонгоорой доо гэж захъя.

Эх сурвалж News.mn

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.