Засгийн газар — 26 August 2015
Авлигачдыг өршөөх нь шударга уу?

Орон, гарсан сайд нарын томилгоог хуулийн хугацаанд буюу ирэх есдүгээр сарын 6-нд багтаах хуулийн шаардлага байгааг сануулсан албан тоотыг УИХ-ын дарга Ерөнхий сайдад хүргүүлэхтэй зэрэгцэн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг улс төрийн тоглолтдоо шилжлээ. Эрх баригч хүчинтэй хийх эвслийн бүлгийн гол наймаа Өршөөлийн хууль болж байна.

Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн мэдэгдлээр бол УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёсгүй. Хүлээж авсан тохиолдолд Өршөөлийн хууль баталсны хэрэг гарахгүй. Мөн Ерөнхийлөгчийн хориг дээрх хуульд бүхлээр тавигдсан гэж мушгиж байна.

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тодруулбал, уг хуулийн 4.1 дүгээр зүйл, долоодугаар зүйл дээр хэсэгчилсэн байдлаар тавигдсан юм. Өөрөөр хэлбэл, санамсар болгоомжгүйгээсээ болж анх удаа хэрэгт холбогдож, ял эдэлж байгаа жирийн иргэдийг өршөөлд хамруулах эрхийг боогдуулаагүй. Мөн ялаа хөнгөрүүлэх заалтад нь хориг тавиагүй. Харин залилангийн хэрэг болон авлига албан тушаалын хэрэг, албан тушаалаа урвуулан ашигласан, хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, бусдын эд хөрөнгийг залилан онц их хэмжээний хохирол учруулсан заалтуудад хэсэгчилсэн хориг тавьсан билээ. Үүнийгээ ч Ерөнхийлөгч тодорхой тайлбарласан.

Хэрвээ хуульд ийн хэсэгчлэн хориг тавиагүй бол бусдыг залилан онц хэмжээний их хохирол учруулсан 116 хэрэг, авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа 40 гаруй хэрэг хэрэгсэхгүй болж, залилуулсных нь хохь, авлига авсных нь зол болж буух байлаа. Зөвхөн авлигын хэрэгтэй холбоотой хохирлын хэмжээ 150 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Жил бүрийн намар сургууль, цэцэрлэгийн асуудал босч, эцэс сүүлдээ азын сугалаагаар сургах хүүхдээ тодруулахдаа тулсан. Авлигачдын халаасыг 150 тэрбум төгрөгөөр түнтийлгээгүй бол азын сугалааны оронд цэцэрлэгүүд баригдчих байсан. Гэтэл нийгэмд шударга ёсыг тогтоохоо амласан эвслийн бүлэг Өршөөлийн хуулийг УИХ-аар хүлээж авахгүй байхыг шаардах нь ард түмнийг л доромжилсон үйлдэл.

2012 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн Шударга ёс эвсэлд 10 гаруй хувийн дэмжлэг үзүүлэхдээ хуулиар “хулгай” хий гэж сонгоогүй юм шүү. Шударга ёс амласан болохоор итгэл үзүүлсэн. Гэтэл одоо сонгосны гай л гарах нь.

Үнэндээ З.Баянсэлэнгэ гишүүний хэлсэнчлэн УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах юм бол Өршөөлийн хуулийг баталсны хэрэг гарахгүй гэдэг нь албан тушаалд очсон нь төсвийн мөнгөнөөс тэрбум, тэрбумаар нь “ханцуйлж”, арыг нь УИХ дааж хууль баталдаг жишиг тогтооё гэснээс өөрцгүй. Энэ бол эмгэнэл.

Албан тушаалтнууд нь төсвөөсөө хулгай хийдэг, хууль тогтоогчид нь хулгайг нь өршөөлөөр цайруулдаг болчихвол яаж улс орон хөгжих юм, яаж шударга ёсыг тогтоох юм.

Хуульд зааснаар УИХ-ын гуравны нэг буюу 26-аас дээш гишүүн хоригийг хүлээн авсан нөхцөлд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байх хаалт тавигдана. Кноп тоолбол бие даагч гишүүд , ИЗНН, мөн эрх баригч намаас таван гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаа албан ёсоор мэдэгдсэн бол сөрөг хүчний хувьд байр сууриа нэгтгээгүй байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний тодотгосноор сөрөг хүчнээс бүлгийн дарга С.Бямбацогт нь авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулж болохгүй гэж цөөнх болсон байна билээ. Бусад нь чуулганы хуралдаанд оролцоогүй. Тиймээс 26 кноп хоригийг хүлээн авах талд дарна гэж хэлэхэд эртдэх ч эсрэг үйлдэл хийвэл МАН-ч бас Н.Энхбаярын халаасанд багтжээ л гэж дүгнэхээс аргагүй.

Уг нь Ц.Нямдорж гишүүний хэлсэн үг бий дээ, их мөрөн шалбаагтай нийлдэггүй юм аа гэж… Одоо харин харах л үлдлээ.

эх сурвалж news.mn

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.