А.И.Артюниныг Алтангадас одонгоор шагналаа

Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны Их сургуулийн нэгдүгээр проректор Анатолий Иванович Артюниныг Алтангадас одонгоор шагнав. Монгол Улс, ОХУ хоорондын боловсролын салбарын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж түүнийг ийнхүү төрийн одонгоор шагнасан байна. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.

Алтангадас одон гардуулах үеэр П.Цагаан дарга хэлсэн үгэндээ “Эрхүү хот олон жилийн туршид Монголын боловсон хүчнийг бэлтгэх уурхай болсоор ирсэн. Таны шавь Л.Пүрэвбаатар өдгөө УБТЗ-ыг удирдаж байна.

Монгол Улсад төмөр замын өндөр мэргэжил, боловсролтой боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, түүгээр дамжуулан манай улсыг хөгжүүлэхэд оруулж буй таны хувь нэмрийг Монголын төр үнэлж шагналаа. Танд дахин баяр хүргэж эрүүл энх, амжилт бүтээл, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Эрхүү хотын Зам харилцааны Их сургуулийн нэгдүгээр проректор А.И.Артюнин хариу хэлсэн үгэндээ “Их баярлалаа. Надад болон манай сургуульд өндөр хүндэтгэл үзүүлж Монголын төрийн өндөр шагнал хүртээсэнд талархал илэрхийлье. Энэ шагнал бол манай боловсрол, боловсон хүчин бэлтгэх салбарыг өндрөөр үнэлж байгаагийн илрэл юм. Манай боловсон хүчин бэлтгэх салбарт одоо шинэ үе эхэлж байна. Ирэх жил Улаанбаатар төмөр замын дөрвөн ажилтан техникийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаална.

Төмөр замын салбарт боловсон хүчин бэлтгэх, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх болно. Өнөөдөр надад болон манай гэр бүлд маш таатай сайхан үйл явдал тохиож байна. Миний олон үеийн ач нар манай өвөө 2015 оны есдүгээр сарын 28-нд Монголын төрийн одонгоор шагнуулсан гэж дурсах болно” гэлээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.