Э.Батшугар цэрэгт яваагүй учир нэр дэвшихгүй

УИХ-д нэр дэвших зарим нэг хүмүүсийг нэр дэвших боломжгүй гэлгийг СЕХ-оос гаргаад байгаа.  МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ, ЦЕГ, ШШГЕГ-аас тодорхойлолт авч байж бүртгэхээр болоод байгаа бол мөн түүний хүү Э.Батшугарыг  УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн хуулийн үндэслэлийг СЕХ-ныхон гаргаж ирсэн байна.

Учир юун гэвэл шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд ял шийтгэлгүй, өр төлбөргүй байх зэргээс гадна энэ жил 27 нас хүрээгүй бол заавал цэргийн алба хаасан байж нэр дэвших тухай заалт орсон байгаа юм. Тодруулбал, тус хуулийн 26.4.3-т “Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх”,  26.5.-д  “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 27 нас хүрсэн иргэнд энэ хуулийн 26.4.3 дахь заалт хамаарахгүй” гэжээ.

Энэ нь 2011 оны 12-р сараас өмнө 27 нас хүрсэн хүнд хамаагүй. Харин Э.Батшугар нь энэ жил 25 настай тул заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай болж байгаа юм. Тэрбээр АНУ-д эдийн засгийн чиглэлээр суралцаж, дэлхийн томоохон банкуудын нэг “Голдман Сакс”-д ажиллаж байсан, ямар нэгэн цэрэг армид яваагүй гэсэн үг. Тиймээс тэрээр энэ жилдээ сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа гэж хэлж болох нь.

Одоо цэргийн албаа мөнгө төлөөд дүйцүүлэн хаая гэсэн ч цэрэг татлагын хугацаа дууссан тул боломжгүй болсон зовлон. Уг нь тэрбээр их шийдэмгийгээр “улс төр надаар оролдсон учраас би улс төрд орно” сонгуульд нэрээ дэвшүүлээд байсан ч энэ жилийн хувьд  арай л балчирдах бололтой.   МАХН-ын нэр хүндийг сонгуульд авч явах намын листийн толгой дахь зарим нэг хүмүүс ийнхүү 2012 оны сонгуулиас хасагдаж магадгүй болов. Дараа сонгуульд  даагаа нэхэхэд тэрээр цэрэгт ч явчихсан, цэрэгт яваагүй юм аа гэхэд 27 насыг хороочихсон байх нь ээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.