“ИЛ ТОД УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН МЭДЭЭ
Түгээх

Уул уурхайн яам сар бүрийн 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим  асуудлаар мэдээлэл хийе.

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар хэлэлцүүлнэ

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг  энэ сарын 23-ны өдөр УИХ-д өргөн барилаа.

Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтанд ороход бэлэн болсон төсөл юм. Тус ордод 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болгоно.

УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гарсан. Үүний дараагаар тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох шаардлагатай болсон юм. Ингээд Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийсэн. Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувь байхаар тохирсон.Алтны үнээс хамаарч дээрх 3 хувь өөрчлөгдөж болох бөгөөд, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэх юм. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгож 120 саяам.доллараар бууруулж чадсан.

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг шинэчиллээ

2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8,155 тонн, АИ-92 автобензин 21,505 тонн, дизелийн түлш 50,030 тонн, ТС-1 онгоцны түлш 3,660 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж байна.

Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталлаа. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84,720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоов.

Үндэсний аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын

гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газар болон  “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд энэ сарын 13-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.

Тус гэрээ нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний аж ахуйн нэгжтэй байгуулж  буй анхны гэрээ юм.Төслийн хөрөнгө оруулагч болох “Монголын алт” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэс, молибдений баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид төслийг МАК-ийн охин компани болох “Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгагдсан.

Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 тонн молибдений баяжмал үйлдвэрлэнэ. Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар ашиглах юм. Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөг төвлөрүүлэх бөгөөд 1100 орчим монгол иргэн ажлын байртай болно.

Ашигт малтмалын 538 хайгуулын тусгай

зөвшөөрөл олгоод байна

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлснээс хойш 538 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба аймгийн Засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа 562 өргөдөл байна.

Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох4 удаагийн сонгон шалгаруулалт явуулсан байна. Дээрх сонгон шалгаруулалтыг37 талбайд зарласан бөгөөд одоогийнбайдлаар 10талбайд тусгай зөвшөөрөл олгоод байна. Харин 16 талбайд аж ахуйн нэгжүүдээс  санал ирүүлээгүй байна.Энэ сарын 14-ний өдөр 9 талбайд сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авна.

“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ хугацаанд босго үнийг баталгаажуулсан нийт 50 талбайд сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас 42 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс 35 нь өмнөх эзэмшигч нь авч, 7 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэ эзэмшигчид авсан. Нэр бүхий 8 талбайд санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй  тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Энэ оны эхний 9 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 33.1тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 24.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 3.5 тэрбум төгрөг, бусад орлого 5.0 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 132.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.Үүнээс газрын тосны орлого 128.8 тэрбум төгрөг,бусад орлого 3.6 тэрбум төгрөг байна.

Уул уурхайн сайдын багцын орлого нийт 165.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Уул уурхайн сайдын багцын  ирэх оны орлого 272.2 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд Сангийн яамнаас 302.2 тэрбум төгрөгөөр буюу 30.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн УИХ-д өргөн бариад байна. Үүнээс 263.2 тэрбум төгрөг буюу 87.1 хувь нь газрын тосны орлого,  29.2 тэрбум төгрөг буюу 9.7 хувь нь Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс орох орлого байна.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

Энэ оны эхний 9 сарын байдлаар нүүрс 16.6 сая тонн, алт 10.0 тн, газрын тос 868.1 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 166.9 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 946.1 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 4.5 сая тонн, цайрын баяжмал 68.3 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна. Энэ оны эхний 9 сард 1,059.8 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 3.4 сая тонн, алт 7.6 тн, нүүрс 10.5 сая тонн, газрын тос 799.0 мянган тонныг тус тус экспортлосон байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.