Ц.Шаравдорж: Г.Дугаржав халамцуу ирж хүмүүстэй маргалдсанаас биш намын даргатай заамдалцаагүй
Түгээх

МАХН-ын Ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой МАХН-д үүсээд буй зарим анхаарал татсан асуудлаар ярилцлаа.

-МАХН-д үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэж нийгэмд янз янзын мэдээлэл цацагдаж байна. Хамгийн сүүлд гэхэд л МАХН-ын нарийн бичгийн дарга нар архидан согтуурч ажлынхаа байранд намын даргатайгаа муудалцсан гэсэн мэдээлэл байна. Та намын нарийн бичгийн даргын хувьд тэнд байсан байлгүй. Маргаан яг юунаас үүссэн юм бэ?

-Би МАХН-ын гал тогоонд байдаг. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярын ажлын албаны даргын хувьд үргэлж дэргэд нь байдаг юм. Намын аппаратын хажууд байдаг хүний хувьд тодорхой мэдээлэл хэлж чадна.Мэдээллийн сайтуудаар тийм мэдээлэл гарсанд би хувьдаа маш их харамсч байгаа. Тодорхой хүний захиалгаар өдсөн, нөгөө талаас намын нэр хүнд, намын удирдлага МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр хүндэд ноцтой халдсан үйл ажиллагаа явагдсанд харамсч байна

Ер нь асуудалд манай хэвлэлийнхэн бодитойгоор хандаасай гэж хүсмээр байна. Болсон явдлыг би хэлье. МАХН-ын дарга Н.Энхбаяр тодорхой шалтгаанаар БНСУ-д амьдарч байгаад Монголд ирээд нэлээд тогтвор суурьшилтай ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Энэ хугацаанд намынхаа үйл ажиллагааг тогтворжуулах, намаа идэвхжүүлэх, улс төрийн хүчин ямар ажил хийх талаар бүх талаас нь анхаарч, намынхаа аппарат түүний дотор намын нарийн бичгийн дарга нарт өндөр шаардлага тавьдаг. Энэ бол зүй ёсны шаардлага. Бидэнд бүгдэд нь өндөр шаардлага тавьдаг. Нэгэнт л ажил хариуцаж байгаа бол түүнийгээ чанартай хий гэдэг шаардлагыг би хувьдаа маш зөв зүйтэй зүйл гэж хардаг юм. Тэр шаардлагын дагуу ажилдаа үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.

Нарийн бичгийн дарга нарыг тэр нь тэр, энэ нь энэ гэхгүйгээр л адилхан шаардлага тавьсан. Бидний адил Г.Дугаржавт адилхан шаардлага тавилаа гэж бодож байга. МАХН-ын хэвлэл мэдээллийн алба зохих төвшинд ажиллахгүй байна. Энэ улс төр яаж өрнөж байгааг та нөхөд харж байгаа. Энэ бүх зүйлд МАХН-ын үйл ажиллагааг үнэн зөвөөр нь сурталчлан таниулах, бусад хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах талаар хангалтгүй ажиллаж байна гэж бидний нүүрэн дээр хэлж байсан. Ажлыг хийх шиг хий. Хийж чадахгүй бол ажлаа өгсөн нь дээр гэдэг чинь зүй ёсны шаардлага байхгүй юу. Бусад нарийн бичгийн дарга нарт ч энэ үгээр дамжуулж хатуу шаардлага тавьсан хэрэг. Тэр үед Г.Дугаржавт маань тэр шаардлагыг хүлээж авах чадвар дутагдсан уу, эсвэл тийм халирамхай юм уу. Урьд нь үг сонсч сураагүй юу тэр өдөр нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн хурлаас гараад явчихсан. Түүнээс хойш даргатайгаа уулзаагүй. Эцэст нь ийм асуудал гарсанд харамсч байна.

-Тэгэхээр архи, дарс уусан асуудал байхгүй гэсэн үг үү. Ер нь залуучуудаа шантаажилдаг, мөнгө нэхдэг асуудал байгаа болоод  л ийм яриа гарсан юм биш үү?

-Тийм асуудал байхгүй ээ. Мөнгө авдаг, өгдөг зүйл гэж юу байх вэ. Намын удирдах ажил хийх гэж байгаа бол ажиллах ёстой гэдэг шаардлагыг залуу гэхгүй бүгдэд нь тавьдаг. Г.Дугаржав нэлээд согтуу намын байранд очиж, намынхаа бусад нөхөдтэй муудалцсан байна билээ. Би өөрийн нүдээр үзээгүй. Намаас хөөсөн, намын даргатай заамдалцсан зүйл байхгүй. Энэ бол оргүй худлаа мэдээлэл. Би баталгаатай хэлж чадна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зүйлс худлаа гэдгийг хэлье. Сүүлийн үед Н.Энхбаяр даргыг ирснээс хойш би байнга хамт байгаа. Намын нарийн бичгийн дарга нар болон намын гишүүдэд тавьж байгаа шаардлага, хэлсэн үгийг би бүгдийг нь мэднэ.

-Намын даргын эзэмшлийн байранд түрээсээр суудаг асуудал байна уу. Уг нь тэр байр чинь намын даргынх нь өмч учраас өөрийн байгуулсан намаа үнэгүй байлгаж болохгүй гэж үү?

-МАХН-ын даргын байранд түрээсээр ажилладаг гэдгийг би үнэндээ ойлгохгүй байгаа юм. Яагаад нэг хүний болон нэг хэсэг хүний өмчид үнэгүй сууна гэж. МАХН байрлаж байгаа л юм бол төлбөрөө төлөөд амьдрах ёстой. Захиалгаар ийм мэдээлэл гарч байгааг бид мэдэж байгаа. Хэн гэдгийг нь, хаанаас гарч байгааг ч мэдэж байна. Улс төрийн маш хүнд нөхцөлд МАХН байна. Бусад улс төрийн хүчнүүд дайрч, довтолж байгаа. Өнөөдөр ч гэсэн тодорхой хүмүүсийг хэлмэгдүүлж эхэллээ. Цаашдаа ч олон удаа гарна. Нам нь ийм хүнд нөхцөлд байхад ийм үг яриа ярьж, улам гутаахын төлөө хэл амаа билүүдэж байна гэдэг бол дээд зэргийн ёсзүйгүй асуудал.

-Ер нь танай намын залуус жаахан ойворгон байна уу даа. Нэг намд үзэл бодлоороо нэгдэж орсон атлаа албан тушаалаар дарамталж бие биеэ заамдана. Өмнө нь Б.Тулга, О.Баасанхүү нарын маргаан хэвлэлээр гарч байсан. Одоо намын нарийн бичгийн дарга нарын асуудал гарлаа?

-Улс төрийн нэг хүчин гэдгээрээ төлөвшил зайлшгүй байх ёстой. Манай намын нарийн бичгийн дарга нар дотор хамгийн ахмад нь би. Бусад нь дандаа залуучууд. Манай залуучууд эв эетэй, нэгэн үзүүрт сэтгэлээр намынхаа төлөө ажилладаг. Залуучуудын ажилд алдах онох, дутуу дулимаг зүйл байлгүй яах вэ. Тэр тохиолдолд ахмад гишүүд бид болон намын дарга хэлж яриад, зөвлөж заагаад явдаг. Миний хувьд залуучууддаа өөрийнхөө мэдэх чадах бүх зүйлийг хэлж өгдөг. Тэднийхээ үгийг сонсдог. Болохоо больчихсон хүмүүсийн цуглуулга гэж үнэлэх үндэслэл байхгүй.

Дөрвөн хаалга нээгдэхэд бэлэн байна, алийг вэ гэдэг нь бидний сонголт

-Угшил нэгт улс төрийн хоёр хүчний ахмадууд өргөх бичиг барьсны маргааш намын Ерөнхий нарийн бичгийн даргыг баривчиллаа. Нэг талдаа авлигын асуудал байгаа ч нөгөө талдаа сануулга гэж хардах улс төрийн шалтгаан байгааг та мэдэж байгаа?

-МАХН хуучин нэрээр нэг бүхэл байх үеийн МАХН-ын ахмад гишүүд өргөх бичиг өргөн барьсан нь үнэн. 41 ахмад гишүүн байна билээ. Өргөн барих бичгээ МАН-ын дарга М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарт гардуулж өгсөн. Намын ахмад гишүүд намын байранд ирэхэд би хажууд нь байсан. Ер нь тэр бичиг их гэгээлэг. Агуулга нь их цагаан бичиг. Хоёр нам нэгдэж сонгуульд оролцох нь улс эх орны төлөө тууштай ажиллах эхлэл болно. Намын ахмад гишүүд улс орныхоо хувь заяаг бодсон. Тусгаар тогтнол аюулгүй байдал аюулд орлоо. Улс орны амьдрал, иргэдийн амьжиргаа улам дордож байна. Энэ улс орон ямар зам руу яваад байна вэ. Эндээс гарахын тулд улс төрийн угшил нэгтэй хоёр хүчин зайлшгүй ирэх сонгуульд хамтарч орох ёстой гэж тэд хүссэн. МАХН-ын дарга Н.Энхбаяр хүлээж аваад маш дэлгэрэнгүй тодорхой хариулт өгсөн шүү дээ. Зүй ёсны асуудал тавьж байна. Бид цаашдаа анхаарах ёстой, хэлэлцэнэ ээ гэдэг хариу өгсөн

Энэ өргөх бичиг зарим улс төрийн хүчнүүд болон улстөрчдөд таалагдаагүй. Тэд түгшиж, айж байгаа. Ирэх сонгуульд МАХН, МАН нэгдэж орвол тэдний ялагдал, бидний ялалт болчих гээд байгаа юм. Ганцхан хоёр намын гишүүд ч биш, ард түмэн ч гэсэн энэ хоёр намыг хамтраасай гэж боддог нь тодорхой байдаг. Тэр бичгийг өргөн барьсны дараа улс төрийн янз бүрийн акц болно гэдэг нь цаанаа захиалгатай, зохион байгуулалттай байсныг үгүйсгэхгүй. Сэжиг таамаг гарч ирж байгаа нь үнэн. Үнэн зайлшгүй ялна гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа улс төрийн нөхцөл байдал яаж өрнөхийг хэлэхэд эрт байна. МАХН бол өөрийн үнэт зүйлстэй нам. Таван үнэт зүйлс бий. Монгол хүн, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, шударга ёс, эв нэгдэл гээд үнэт зүйлсээ тодорхойлчихсон. Энэ үнэт зүйлсээ байнга барьж, үүнийгээ бодит ажил болгохын төлөө явна. Тийм учраас бидний эвсэх нам энэ бүхнийг бодолцох ёстой. МАХН-ын бодлого үйл ажиллагааг дэмждэг ямар ч улс төрийн хүчинтэй нэгдэж ажиллахад бэлэн байгаа.

-АН-ыг орхих бодол яагаад төрөх болов. Хэрвээ МАН-тай эвссэн тохиолдолд АН-ыг орхиж л таараа?

-Бид тэднийг орхих талаар яриагүй. Тэр бол дараагийн асуудал. Цаг үе бидэнд харуулна. Ер нь ахмадуудтай уулзах уулзалтын үеэр дөрвөн хаалга байгаа гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн. Ирэх сонгуулиар дангаараа сонгуульд орох, эсвэл МАН-тай эвсэх, гурав дахь хаалга нь АН-тай эвсэлд орох. Хамгийн сүүлийн хаалга нь бие даагчид болон бусад жижиг намуудтай хамтарч орох тухай ярьсан. Ахмад гишүүд та бүхэн зөвхөн нэг хаалгыг нь заагаад байна. МАН-тай хамтарч ажиллах асуудлыг анхаарна аа л гэж хэлсэн. Түүнээс биш АН-ыг орхих тухай асуудал биш. Бид өнөөдөр хамтарч ажиллаад, Засгийн газраа бүрдүүлээд явж байна. Бид улс төрийн энэ дөрвөн хаалганы алийг нь ч нээж орж мэднэ. Яагаад гэвэл, улс төр цаашид яаж өрнөхийг таах аргагүй. Бидний мөрийн хөтөлбөр, тавьж байгаа зорилт хэрэгжихийн тулд ямар улс төрийн хүчинтэй хамтарч ажиллах вэ гэдгийг тооцох ёстой. Зөв үйл ажиллагаатай, зөв үгтэй ямар ч улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа намын дарга хэлсэн шүү дээ. Ер нь МАН-тай эвсэх асуудал дан ганц манайхаас шалтгаалахгүй. МАН яаж хандахаас ихээхэн шалтгаална гэдгийг ч Н.Энхбаяр дарга ахмадуудад хэлсэн шүү дээ.

-Тэр дөрвөн хаалганы аль нь боломжтой хувилбар гэж харж байна?

-Одоо хэлэхэд эрт байна. Дээр хэлсэнчлэн, манай намын үнэт зүйлсийг хүндэтгэсэн, улс орны нийтлэг эрх ашиг, ард түмний язгуур эрх ашгийг дээдэлсэн аль ч улс төрийн хүчинтэй бид хамтарч ажиллах боломжтой. Нөгөө талаас манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр биелэх боломжийг хангасан улс төрийн хүчнийг бид хүндэтгэж хандана.

-Өнгөрсөн гурван жилийн хуга­цаанд та бүхэн нэг хаал­гыг нь нээчихсэн шүү дээ. АН-тай эвсээд Засгийн газар байгуулаад мөрийн хөтөл­бөрөө хэрэгжүүлэх гэж үзсэн. Тэгэхээр энэ хаалганаас үр дүн гараагүй гэсэн үг үү?

-Энэ бол 2016 онд бидний өмнө байгаа хаалганууд. Тэд дандаа нээлттэй байгаа хаалга биш шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд хамтарч ажиллаж, Засгийн газраа бүрдүүлсэн. Тэр ч утгаараа АН-д хүндэтгэлтэй байна.Бид түүхийн тодорхой хугацаанд хамтарч ажиллаж үзлээ. Гэхдээ АН-тай эвсэх хаалга үргэлж мөнх нээлттэй байдаг хаалга биш. Улс төр гэдэг бол улс төр. Сонгуулийн тодорхой хугацаанд хамтарч ажиллах нь тэр цаг үеийн улс төрийн нөхцөл байдлаас л ургаж гардаг зүйл. Дөрвөн хаалга дөрвүүлээ нээгдэхэд бэлэн байгаа. Хэнтэй вэ гэдэг нь бидний сонголт.

-МАХН-ын гишүүд сүү­лийн үед ээлжит бус сон­гууль явуулах тухай санал гаргах боллоо. Энэ намын байр суурь уу, эсвэл хувь гишүүдийнх үү. Ер нь хууль тогтоох байгууллагын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Би УИХ-д нэлээд олон жил ажилласан. УИХ-ын үйл ажиллагааг гадарлана. Энэ бол маш хариуцлагатай төрийн институци. УИХ-ын гишүүн байна гэдэг маш том үүрэг хариуцлага. Өнөөгийн УИХ-д ганц би ч биш ард түмэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэтэрхий маргалдаж, талцдаг, улс төрийн амбийц хэт газар авсан учраас өмнөө тавьсан зорилтоо биелүүлж чадахгүй байна. Хурдан хугацаанд ярилцаад шийдчих асуудлыг шийдэхгүй юм. Хоног хугацаа их алддаг. Хэт улстөржилт, хэт амбийц хор болохоос ард түмэнд ашигтай зүйл биш. МАХН бол бодлогоо тодорхойлсон. Хоёр зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, бид Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөө байгаа. Энэ Засгийн газарт шийдэх маш олон ажил байна. Огцруулж, дахин томилж, Засгийн газраас гарч орж байх хугацаа алга. Нийгэм, эдийн засгийн маш олон чухал асуудал байна. Хоног хугацаа хожиж Засгийн газар шийдэх шаардлагатай учраас бид тогтвортой байдлыг хангаж ажиллана. Нөгөө талаар УИХ ийм байдлаар яваад байвал хугацаанаасаа өмнө тарж, сонгогчиддоо боломж олгож, ажил хийх хүмүүсийг сонгох боломжийг өгөх ёстой. Нэг хоногийн өмнө ч гэсэн ард түмэн зөв сонголт хийг. Хууль эрхзүйн хувьд нээлттэй асуудал. Нэгэнт л шаардлага гарсан бол хийх л ёстой. Энд нэг их асуудал үүсэхгүй болов уу. Манай хувь гишүүдийн асуудал биш. Энэ бол намын байр суурь. Бодлого болгоод тодорхойлчихсон.

-Тэгэхээр Засгийн газраас танайх гарахгүй гэсэн үг үү. Өршөөлийн хуулиар шантаажилсан улс төрийн хариуд Засгийн газрыг огцруулна гэж намын дарга ярьсан гэх юм билээ?

-Хүн болгон л манай намыг буруутгах юм. Бид Өршөөлийн хуулиар шантааж хийгээгүй. Зүй зохистой гараасай л гэж бодсон юм. Гэтэл янз бүрийн шалтгаанаар хойш урагш болгож, зориуд улстөржүүлээд нэг хүнд зориулсан байдлаар нийгэмд ойлгуулсан. Хий хардалт сэрдэлт их байсан. Өршөөлийн хуулиар Засгийн газрыг барьцаалах асуудал намд алга.

-Өнөөдөр /өнгөрсөн баасан гараг/ намын нарийн бичгийн дарга нар ямар шалтгаанаар уулзаж байна вэ?

-Цаг үеийн л асуудал. Сүүлийн үед нэлээд эрчтэй ажиллахыг чухалчилж байна. Байнга л хурал хийдэг. Нам дээр байнга цуглаж уулздаг. Өнөөдөр яах вэ Төрийн ордонд намын нэг гишүүнийхээ өрөөнд хуралдаж байгаа учраас л хэвлэлийнхний анхаарлыг татаад байх шиг байна. Бодлого тодорхойлох, зөвлөх асуудал их байгаа.

Ерөнхий нарийн бичгийн даргаас бүр чөлөөлөх үү, түр хариуцах хүн тавих уу гэдгээ шийднэ

-Намын нэг гишүүний асуудлыг асуухгүй өнгөрч боломгүй юм. Г.Шийлэгдамба даргад өмгөөлөгч олдсон уу. Хамгийн сүүлд авсан мэдээлэл юу байна вэ?

-Баригдсанаас нь хойш зургаан цагийн хугацаанд бид холбоо барьж чадаагүй. Ер нь нэлээд шоконд орсон байдалтай байна гэсэн мэдээллийг өмгөөлөгчөөр нь дамжуулж авсан. Өмгөөлөгч олдсон. Тэр хүний үйлдлийг дүгнэж ярих нь зохисгүй. Хамгийн сүүлийн авсан мэдээллээр Г.Шийлэгдамба маань намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Засгийн газрын гишүүнээс огцрох өргөдлөө өгсөн байгаа. МАХН-ын даргад ирүүлсэн өргөдлийг хүлээж авсан. Зориуд зохион байгуулсан гүйцэтгэх ажиллагааны золиос боллоо. Би үнэнээ олох ёстой. Энэ үнэнийг олтол намайг Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлж өгөөч гэсэн. Энэ асуудлаа шийдэж, шударга үнэнийг олох цаг хугацаа надад байгаа гэж өргөдөлдөө дурьдсан байна билээ.

-Үйлдэл дээрээ баригдсан гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл байна уу. АТГ-аас өнөөдрийг хүртэл мэдээлэл хийсэнгүй?

-Үйлдэл дээрээ баригдсан гэж тайлбарлаж байгаа юм билээ. Тухайн хүний зан байдлаас харахаар үйлдэл дээрээ баригдах гэхээр санаанд буухгүй байгаа юм. Г.Шийлэгдамбатай хуучин ажиллаж байсан, нэлээд танил хүн нь орж ирээд гарсны дараа гэнэтхэн л АТГ-ын хүмүүс бөөнөөрөө ороод ирсэн гэсэн. Ердөө л гурван минутын дараа орж ирсэн байгаа юм. Яаж ч бодсон газар дээрээ баригдсан гэж санаанд буухгүй байгаа. Зориуд тавьсан өгөөш гэж харж байна. Хуульч хүний хувьд болсон процессоос ийм дүгнэлт хийсэн.

-Баригдсаны дараа албан тушаал асуух муухай л юм. Гэхдээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаас бүр огцруулах уу, эсвэл түр орлох хүн тавих уу. Хэн очих бол?

-Албан тушаалыг нь яриад сууж байгаа надад ч муухай л байна. Өргөдлөө өгсөн учраас орны хүнийг тавина. Түр орлон гүйцэтгэгч тавих уу, эсвэл бүр хариуцуулах уу гэдгээ намын дүрмээр шийднэ. Намын ажил хэвийн явах ёстой учраас ойрын хугацаанд энэ асуудлыг шийднэ.

-МҮАН-аас сална гэсэн яриа нэг хэсэг гарсан ч нам гүм боллоо. Намын бүлгийн даргад хэнийг тавих вэ. Ярьсан зүйл байна уу?

Намын бүлгийн ажил хэвийн явагдаж байгаа. Бүлгийн даргын асуудлыг ойрын үед ярина. Хаанаас тавихаа ярилцана. Би хувьдаа МАХН-аас энэ удаад бүлгийн даргаа авах ёстой гэж үзэж байгаа.

Эх сурвалж: www.mminfo.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Долигоноход хэм хэмжээнээс гадна эвийг нь олох,үнэмшилтэй байх гэж нэг чухал юм байдаг,даргыг ирсэнээс хойш би байнга хамт байгаа гэдэг чинь нэг гэрт хамтран амьдарч байгаа гэсэн үг үү?үнэн бол уу?инээдтэй бөгөөд ичгэвтэр юм.

Leave a Reply

Your email address will not be published.