Б.Цогтгэрэл: Үндсэн хуулийг цэгцлэх ёстой

Сонгуулийн дараа цэгцтэй ажиллаж чадах төртэй болж чадахгүй бол сонгууль хийхийн утга учир байхгүй-

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлээс дараах тодруулгыг хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа юу. Бодлогын нам болж төлөвших ёстой гэж үзэж?

Улс төрийн намуудын тухай хуулийг цаг алдалгүй хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, хугацаа алдаж орж ирлээ. Яагаад гэвэл энэ хууль Сонгуулийн хууль болоод бусад хуульдаа нөлөөлнө.

Өөрчлөлтийн хувьд нам бодлогын нам болж төлөвших ёстой гэсэнтэй санал нэгдэж байгаа. Одоо масс нам голлож байна. Массын тогтолцоо нь аль болох хүний хүчин зүйлээс хамааралтай, маш олон гишүүнчлэлтэй болдог. Бодлого ярих ерөөсөө хамаагүй. Нам нь гишүүдээ барьцаалдаг, гишүүн нь намаа барьцаалдаг. Гишүүддээ барьцаалагдсан нам үндэсний хэмжээнд бий болсон сүлжээгээ байнга тэжээх шаардлагатай. Ингэхийн тулд асар их мөнгө хэрэгтэй болдог. Төрийн албанд өөрийнхөө боловсон хүчнийг байршуулаад тодорхой эрх мэдэлд хүргээд, тэр эрх мэдлээрээ дамжуулж намаа санхүүжүүлэх ажлыг хийдэг. Тийм учраас массын намууд бодлогын нам болж өөрчлөгдөх нь чухал.

-Масс намын тогтолцоо хэдий үед бий болсон бэ. Энэ тогтолцоог халахын тулд яах ёстой вэ. Мөн 31 хүн нийлээд нам байгуулж болно гэдгийг та дэмжих үү?

-Зөвлөлт Холбоот улсын Коммунист намын тогтолцооны бүтцийг 1920-иод оны үед одоогийн МАН авч, тэрийг нь 1990-ээд онд байгуулагдсан ардчиллын төлөөх намууд нь дуурайгаад орон даяар массыг хамарсан үндэсний сүлжээ бий болгосон. Тэр ямар учиртай сүлжээ байсан бэ гэхээр тогтсон тогтолцоо дэглэмийн үзэл суртлаа хамгаалах сүлжээ. Мэдээллийн технологи хөгжөөгүй байсан учраас сүлжээгээр дамжуулж төрийн бодлого болоод намынхаа үзэл суртлыг хүргэх зорилготой байсан. Өнөөдөр энэ олон телевиз, интернэт хөгжсөн үед тийм том сүлжээний шаардлага байхгүй. Тэгэхээр намуудын санхүүжилтийг ил тод болгох ёстой. Намуудын санхүүжилт ил тод болбол бодлогын намуудыг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой. Хуулийн төсөлд олон зөв заалтууд байна. Гэхдээ их цөөхөн хүнээр буюу 31 хүн нам байгуулна гэдэг буруу. Монгол хөгжчихсөн нийгэм биш. Хэтэрхий хавтгай PR-аар амьдарч байгаа ард түмэн дор бүрнээ нам байгуулаад эхэлбэл 200 намтай болохыг үгүйсгэхгүй.  Тийм учраас энэ дээр босго өндөр байж, байгаа намаа төлөвшүүлнэ. Байгаа намууд нь төлөвшиж чадаагүй байна. Ийм үед твиттерийн олон дагагчтай нөхөр нам байгуулах боломжийг олговол нам төлөвшиж чадахгүй. Бодлогын нам болж төлөвшихөд ч бэрх.  Олон оронд энэ нь өөрөө их эмзэг асуудал болж байгаа. Жишээ нь, С.Эрдэнэ өөрийгөө шатаачихаад нам байгуулна гэхэд 31 байтугай 3000 хүн олдох магадлалтай. Тийм учраас энийг нам гэж үзэх юм бол төр төлөвшихөд хэцүү. Дараагийн маш чухал юм нь Улс төрийн намуудын тогтолцоог сайжруулаад эргээд төр нь ажиллаж чаддаг байхад нэн яаралтай Үндсэн хуулийг цэгцлэх ёстой. Үндсэн хууль болохгүй байгааг УИХ-ын гишүүд мэдэж байгаа. Тэгэхээр хугацаа алдсан гэхгүйгээр хүсэл зориг байна уу гэдэг л асуудал.

Сонгуулийн дараа цэгцтэй ажиллаж чадах төртэй болж чадахгүй бол сонгууль хийхийн утга учир байхгүй.Хэдэн нам байхаас ерөөсөө хамаарахгүй асуудал болчихоод байгаа, Үндсэн хуулийг өөрчлөх ёстой.

-Одоогийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн чадамжгүй гэж зарим гишүүн тайлбарладаг?

-Супер бүтэц гарч ирээд тэр нь Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Харин ч хуучин нийгмийн алдаа оноог мэддэг, энэ цаг үеийн алдаа оноог мэддэг, хариуцлага хүлээж дараа, дараагийн үедээ төлөвшсөн төр хүлээлгэж өгөхөд Үндсэн хуулиа энэ парламент өөрчлөх ёстой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, 99 гишүүнтэй болгох заалтыг та дэмжиж байгаа юу?

-Зөв шүү дээ. Таван жил гэдэг төр тогтвортой байх тухай асуудал. Монголд хоёр жил тутамд сонгууль болдог. Нэг сонгуулиас нэг сонгууль дамжаад хэт хийрхсэн энэ их улс төр төрийг ажиллуулахгүй байна. Тийм учраас сонгуулийн цикл хол байх юм бол Монгол төр тогтвортой ажиллахад хэрэгтэй л гэж бодож байна. Гишүүдийн тухайд 99 гэдэг бол хүн амдаа хуваагаад үзэхэд болох л тоо.

Сүүлийн жилүүдэд эдийн засаг тэлж, тэр хэрээр Монгол Улс бүс нутгийн болоод томоохон эрдэс баялаг дээрээ суурилсан том эдийн засгийг бий болгох гээд байна. Үүнийг хэдхэн хүн эсвэл нэг фракци яриад шийдчихдэг асуудал байж хэрхэвч болохгүй. Тийм учраас аль болох нэг фракци, нэр нөлөө бүхий улстөрчөөс, магадгүй гадны томоохон хөрөнгө оруулагчийн шууд нөлөөлөлд оруулахгүй байх хэмжээнд хүргэхийн тулд гишүүдийн тоог өсгөх л ёстой.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх өөрчлөлтийг дэмжих үү?

-Парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог олон орон бий. Гэхдээ манай нам төлөөлөл нь өргөн байгаасай л гэж хүсч байгаа. Одоо бол аймгийн ИТХ-ын тэргүүлэгч нэмэгдээд сонгох болж байгаа. Үндэсний хэмжээний Ерөнхийлөгчийг сонгох гэдэг утгаараа орон даяар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд УИХ-ын гишүүд дээр нэмэгдээд аймгийн ИТХ-ын гишүүдийг оролцуулж сонгож болно. Тэгвэл хүрээлэл нь илүү нэмэгдэнэ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.