Хар машинаар санал тоолохыг Ардын нам эсэргүүцээгүй, ард түмэн миний өгсөн санал худлаа тоологдоод байна гэж үзэж байгаа учраас эргэлзээг тайлахын тулд хоёулангаар нь саналыг тоолж хагалъя л гэсэн. Ард түмэн өнөөдөр жижигсгэсэн 76 тойргийг хүсч байна. Ардчилсан намынхан та бүхэн эрх баригч шиг байж, олонхи шиг байж Сонгуулийн хуулиа өөрчлөөч” хэмээв. УИХ-ын гишүүн Б.Болор “Ард түмний нэрийг бариад яриад байдаг зүйлээ болимоор байна. Орон нутгаар иргэдтэй уулзаад явж байхад Сонгуулийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулаад өгөөч гэж яриад байгаа иргэн таарсангүй. Хар машин, хар машин гээд байх юм. Өнгө нь болохгүй байгаа бол өнгийг нь өөрчилчихвөл таарна. Уг нь гар тооллого хийхгүйн тулд, будлиан гаргахгүйн тулд “хар машин” оруулж ирсэн. Тэгсэн атлаа эргээд гараар тоолъё гэх нь утгагүй.
Ер нь аль, аль намуудад уриалмаар байна. Үлдээд байгаа 14 хоногийг ашиглаад Сонгуулийн тухай хуулиас гадна шийдэх шаардлагатай маш чухал асуудал олон байна. Тиймээс танай, манай гээд байхаа болих хэрэгтэй” гэсэн юм. Улмаар хурал даргалагчийн зүгээс чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн хууль ороогүй учраас эхний асуудалдаа оръё гэснээр Элчин сайдын томилгоог хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эргүүлэн татахыг гишүүдийн 82.9 хувийн саналаар дэмжиж зөвшилцсөн бол Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилох тухай асуудлыг гишүүдийн 92.3 хувь нь дэмжин баталлаа. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Болд “Томилогдож байгаа Б.Дэлгэрмаагийн хувьд асуудал алга. Харин эргүүлэн татаж байгаа хүний талаар тодруулах зүйл байна. Элчин сайдуудыг хугацаанаас нь өмнө татах боллоо.
Маш олон Элчин сайд, консулыг эргүүлэн татахаар дууддаг. Зарим нэгийг нь гадаадын байгууллагын шаардлагаар татсан. Нэг дор 10 Элчин сайд татсан. Цаашдаа УИХ дээр энийг яаж шийдэх вэ. Ш.Алтангэрэл сайдыг ямар шалтгааны улмаас татах болов” гэж асуусан юм. Харин Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “ОХУ-д сууж байсан Элчин сайд Францаас шууд томилогдоод ирсэн Элчин сайд байсан. Ажил төрлийн байдал, мөн өөрөө өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д очиход хүсэлт гаргасан. Зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдсэн.
Наадмын өмнө УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байсан ч улс төрийн нөхцөл байдлын улмаас хойшилсоор өнөөдөр хэлэлцэгдэж байна. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр эргүүлэн дуудсан” хэмээн хариуллаа.УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Б.Дэлгэрмаа улстөрчдийн ёс зүйг хамгийн зөв эрэмбэлж чаддаг, чадварлаг эмэгтэйчүүдийн нэг. Энэ том гүрэнд анх удаа эмэгтэй Элчин сайдаар томилогдож байгаад баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчид мөн баяр хүргэе. Ачаа даах чадвартай гэж бодож илгээсэн болов уу. Өнөөдрийн хүлээлтийг шинэ шатанд гаргаж чадна гэж итгэж байна, амжилт хүсье” гэв. УИХ уг асуудлыг хэлэлцсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаанаа өндөрлүүлсэн юм.
Чуулганы үдээс хойшхи хуралдааныг 14.00 цагаас үргэлжлүүлэхээр товлогдсон байсан. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдсан цагтаа эхлээгүй бөгөөд ирц бүрдэхийг хүлээж цаг гаруй хүлээсний эцэст 15.30 цагийн орчимд хүчээр эхлүүллээ. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд завсарлагын хугацааг гурван хоног сунгах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан ч боломжгүй гэсэн хариулт өгсөн юм.
Үүний дараа хэлэлцэх асуудалдаа орж, УИХ-ын гишүүн С.Оюуны өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой, татварын хөнгөлөлт эдлүүлэх боломжийг зохицуулсан төсөл юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, дуусгаснаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үүний дараа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа завсарлагын хугацааг гурван хоног сунгах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан ч мөн л боломжгүй гэсэн хариулт өглөө. Энэ мэт дараа дараагийн МАН засварлага авч ажил хаялтаа үргэлжлүүлэхийг хүссэн боловч бүтэлгүйтэв. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, дуусгаснаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Чуулганы хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэн учраас баталлаа. УИХ-аас уг хуулийг баталснаар малчдын тэтгэврийг тогтоохдоо 1.2 жилээр тооцох боллоо. Хуралдааны дараагийн хэлэлцэх асуудал нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” хуулийн төслийг хэлэлцэх байсан. Гэвч эдгээр төслүүдийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дахин ажлын гурав хоногийн завсарлага авсан юм.
Дугаар шилжих мөчид чуулганы хуралдаанаар Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байв.
Эх сурвалж: www.mminfo.mn