Хэн, юу хэлэв
Түгээх

Д.Батцогт: МАН жүжиг тавьж байна

Сонгууль дөхөхийн хэрээр намуудын үйл ажиллагаа идэвхжиж, янз бүрийн пиар хийж эхлээд байгаа. Тухайлбал,  МАН Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх асуудлаар улс төр хийж, төрийн бүх ажлыг гацааж байна. Дээрээс нь саналын хуудас тоолох хар машиныг ад үзэж, ард түмэн итгэхгүй байгаа гэх үгээр “бамбай” хийн дайрсаар байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батцогт байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “МАН-ынхан завсарлага авах биш ажил хаяж байна. Сонгуулийн тухай хуульд бидний саналыг оруулахгүй байгаа учраас бид байнгын хороо болоод УИХ-ын чуулганд оролцох боломжгүй гэдгээр шалтаглан ажил хаялаа. МАН-ын энэ үйлдэл нь төрийн ажлыг гацааж байна.

Олон чухал хуулиуд хэлэлцэх шаардлагатай байгаа. Тиймээс асуудлаа албан ёсоор мэдэгдээд, нүүр нүүрээ тулж ярилцах ёстой гэж би бодож байна. Бүлгүүдийн зөвшилцлийн ажлын хэсэг гэж байдаг шүү дээ. Асуудал шийдэж, маргаан хагалах газар нь тодорхой байсаар байтал хавтгайруулж, улс төржүүлэх, бүх юм болохгүй байгаа гэсэн уур амьсгалыг төрүүлэх зорилгоор явуургүй ажил хийх байна. АН техникийн дэвшлээс ухрахгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэрнээс бол хяналтын тооллогыг болиулах, цэвэр хар машинаар тоолох гээд байгаа юм байхгүй.

Тиймээс МАН-ынхан ярилцах ёстой. Яг үнэндээ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байх шаардлага МАН, АН аль алинд нь байхгүй. Зүгээр улс төрийн жүжиг явж байна гэж би харж байна. Үнэхээр зориод энэ хуулийг бариад суух юм бол бололцоо байгаа. Цэвэр жүжиг тоглоод байна. “АН-ынхан Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийг хүсэхгүй байна, бид өөрчлөх гээд байна” гэсэн уур амьсгалыг нийгэмд төрүүлэх сонирхол яваад байна уу гэж би УИХ-ын гишүүний зүгээс харж байна” хэмээн ярьжээ.

О.Чулуунбат: Би Х.Анхбаяр гэдэг хүнийг танихгүй, уулзаа ч үгүй

“Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяр  өнгөрсөн даваа гарагт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, МАХН-ынхантай холбоотой олон ноцтой зүйлийг дэлгэж ярьсан. Тэр дунд УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатын нэр ч дурьдагдсан. Тэр дундаа сая доллартай холбоотой асуудлыг ярьсан билээ.  Тэгвэл Х.Анхбаяртай хол­боо­той асуудлаар байр суу­риа илэрхийлсэн байна. О.Чулуун­бат зөвлөх “Би гайхаж бай­на.  Нэр хаяггүй, эзэнгүй, баримт­гүйгээр хүнийг тэгж гүт­гэж болдог юм байна л даа.

Хэрэв тэр хүнд үнэхээр баримт байсан бол хэзээ, ямар компа­ниас тэр их мөнгийг авсныг дэлгэх ёстой шүү дээ. Хүний нэр төрд хэт муухайгаар хандаж байгаа энэ үйлдлийг зохих газраар нь шалгуулна гэж бодож байна. Сая доллар цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ. Нэвтрүүлэгт оролцож байхдаа Х.Анхбаяр надтай нэг удаа уулзаж байсан гэж байна лээ. Би бол таних ч үгүй, уулзаа ч үгүй. Ямар зорилготойгоор, хэний захиалгаар ийм яриа өгснийг бол мэдэхгүй. Нэг жилийн өмнө Монголын газрын тосны лиценз эзэмшигчтэй би уулзсан.

Тэдгээр компаниудын захирлуудтай уулзаж, яагаад энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгааг асуусан. Хэрэв гадны хөрөнгө оруулагч олдвол хамтарч ажиллах боломж байгаа эсэхийг нь тодруулсан. Манайхан бүгдээрээ л гадны хөрөнгө оруулагч байвал хамтарч ажилламаар байгаагаа хэлсэн. Лицензээ зарахгүй гэдэг байр суурьтай байсан. Газрын тосны гуравдугаар блок дээр “Тэнгри холдинг” ажиллаж байсан. Тэр үед Х.Анхбаярын хамтран зүтгэгч гээд нэг залуу надтай ирж уулзсан. Их богинохон уулзалт болсон л доо. Дараа нь тэр залуу нэг удаа над руу утсаар залгасан. Түүнээс өөрөөр тэдэнтэй холбогдоод, ямар нэгэн яриа хэлэлцээр үүсгээд явсан удаагүй” хэмээн ярьжээ.

С.Эрдэнэ: Баабар хууль бус үйлдэл хийчихээд түүнийгээ цайруулах гэж ядаж байна

Сүүлийн үед “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон хүмүүс нэлээд шуугиан тарьсан ярилцлага өгөөд байгаа. Сонгууль дөхөж байгаа болохоор нэгнийхээ нэр хүндийг унагах гэж оролдож эхлэв үү. Эсвэл үнэхээр үнэн үү. Тухайлбал, “Цензургүй яриа”-нд оролцсон Баабар буюу Б.Батбаяр Хүн амын хөгжил,  нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг улсын мөнгө идэж, уусан гэж ярьсан. Мөн ингэж ярилаа гээд орцны үүдэнд хүлээж зогсч байгаад хутгална биз гэх мэтээр ярьсан юм. Тэгвэл үүний хариуд С.Эрдэнэ сайд байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Баабар бол хууль бус үйлдэл хийчихээд түүнийгээ цайруулах гэж ядаж байна. Надад хэн нэгэн Баабар байна уу ,Батбаяр байна уу хүнтэй маргалдаад, хэрүүл хийгээд байх сонирхол алга. Баабарын оролцсон нэвтрүүлгийг би үзсэн.

ТҮЦ машинаас мэдээлэл гаргаад “ТҮЦ машин дээр мэдээлэл байхгүй байна. Ингээд хуурамчаар хийдэг байхгүй юу” гэх мэтийн юм ярьж байна лээ. Гэтэл түүний хууль бус үйлдлийг баталсан баримт мэдээллийн сан, архивт бүртгэлтэй байгаа.  Энэ хүн өөрөө мэддэггүй юм уу, эсвэл мэдсэн ч ийм тэнэг үйлдэл хиймээргүй л юм. Их л ухаантай гэж өөрийгөө ярьдаг хүн шүү дээ. Үүнээс гадна Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг 1981 онд төрсөн хүн дээр өөрийнхөө регистрийг давхардуулаад хуурамчаар бичилт хийлгэсэн нь үнэн. Тэр бичилт нь хасагдаагүй, ТҮЦ машин дотор хэвээрээ байна лээ. Мөн “Эрдэс Холдинг” компанийн Пунцаг гэдэг хүний нэр дээр давхардуулж бичүүлээд, хуурамчаар тэтгэвэр тогтоолгосон. Энэ ажлыг хийж өгсөн н.Уранцэцэг гэдэг байцаагч өөр хүний код ашиглаж ороод, холбогдох мэдээллийг арилгасан байна лээ.

Уранцэцэгийн нөхрийнх нь дансаар мөнгө шилжүүлсэн, мөнгийг нь авч хувааж идсэн, уусан бүх баримтууд нь байгаа. Хоёрдугаарт, Баабар гэдэг хүн намайг хаана, хэнийг хутгалж байхыг харсан юм. Хэнийг зодож байхыг харсан юм. Би тийм хүн биш шүү дээ. Намайг олон түмэн мэднэ. Би хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлнэ. Надад хэн нэгнээс айгаад эмээгээд байх зүйл алга. Харин хэн дуртай амтай болгонд нь доромжлуулж чадахгүй. Увайгүй хонзогнуур тийм хүнтэй би зууралдаад яах вэ дээ” хэмээн ярьжээ.

Б.Бямбасайхан: Оюутолгой том алхмаар урагшиллаа

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд дандаа л сөрөг, хар мэдээллүүд гарч, улстөрчид нэгийгээ идсэн, ууснаар нь дуудаж эхэллээ. Энэ хэцүү цаг үед ганц гэрэлтэй мэдээ гарсан нь Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдсэн явдал байв. Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Нийтдээ 15 арилжааны банк, таван хөгжлийн банк хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.

Банк бүр өөрсдийн чадамжид тохирсон эргэн төлөлтийн нөхцөлөөр хөрөнгө оруулж байгаа. Ерөнхийдөө 12-15 жилийн хугацаатай зээл олгож байгаа. Энэ хугацаанд “Оюутолгой” компани өөрийн мөнгөн урсгалаас төлнө. Энэ зээлийг авсан гол зорилго нь далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг тасралтгүй хийж чадах эх үүсвэрийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Үүнээс гадна зах зээлийн хүнд нөхцөлд банкуудаас ийм шийдвэр гаргуулж чадсан нь том алхам урагшилж байгаагийн илрэл. Далд уурхайн бүтээн байгуулалтад урьдчилсан байдлаар 6-7 тэрбум ам.долларын зардал гарна гэж төлөвлөсөн.

Үүнийг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Нэг нь компанийн өөрийнх нь чөлөөт мөнгөн урсгал, нөгөө нь банкны зээл. Хэрэв үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зах зээл дээр сайн байвал компанийн чөлөөт мөнгөн урсгал илүү байна гэсэн үг. Тиймээс 4.4 тэрбум ам.долларыг өнөөдөр зээллээ. Үлдсэнийг компани өөрөөсөө босгоно. Хэрэв бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр муу байвал дахиад зээл авч болно” хэмээн ярьжээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Bugsuu uhdag ene ulsiig hen uls tur oruulsiin an….buuruu gaduurhdag ene ulaan luivarchdiig hen turd gargasiin elbegdorj…bvgdiig ni tenger nirgeg.

Leave a Reply

Your email address will not be published.