Их тулааны өмнөх нам гүм

Улс төр нам гүм. Г.Уянга гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал дээрээ 19 гишүүний гарын үсэг цуглуулсан. Үүн дээр МАН завсарлага авав. Сонгуулийн мандатын тоог өөрчлөх асуудлыг хэлэлцэх гэж байгаад Ардчилсан нам завсарлага авав. Улс төрийн хувьд үүнээс өөр чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэх үйл явдал алга. За яахав Ийгл телевизээр С.Ганбаатарын боловсролын түвшинг батлах мэт ярилцлага гарсан. Үүнд иргэд жаахан анхаарал хандуулж байх шиг. Энэ бол өнгөц үйл явдал

Чимээгүй, цусгүй тулаан эхэлж байна. Ч.Сайханбилэгийг огцруулах, эс огцруулах бол өнөөдөртөө сонин зүйл биш. Тэр хэнд ч ашиггүй нүүдэл гэдгийг улс төрийн хашир бурхи нар бүгд мэдэж суугаа. Иймээс ч Ч.Сайханбилэг тайван сууна. Тэр уйлахгүй, урвайхгүй, уурлахгүй, ундууцахгүй. Угаасаа л тогтож үлдэнэ гэсэн бат итгэлтэй байна. Тэгэх шалтгаан түүнд олон. З.Энхболд, М.Энхболд, Н.Энхбаяр нар бол засгийн эрхийг хэн нь атгаж, цаашдаа 4 жил төрийн тоглоомыг өөрийн хүслээр удирдах хүсэлдээ автаж, өөрийнхөө унтах нойр, идэх хоолыг умартан ухаан санаа бүхнээ улс төрчийг унагаах, угтаа бол өөрийнхөө ажлыг дээшлүүлэх мэт санаархалд сатааран суугаа. Тэдний цусгүй, чимээгүй тулаан энэ өдрүүдэд эхэлж байна. Ч.Сайханбилэгийг огцруулах эсээс илүүтэй Сонгуулийн мандатын тоог хаана хэд байлгах тухай яриа нь тэдний гол тулааны нэг. Үүнд хэн ч тайлбар хийж дэвхцэж гүйхгүй мөртлөө далдуураа бол хошуу бүү хэл хуруугаа чичлэн суугаа нь гарцаагүй.

С.Ганбаатар уг нь том мөрөөдөл тээж, тодорхой зорилго дор ХҮН намын дарга болсон. Гэвч унасан дээр нь ухаан алдуулах оролдогыг угаасаа улс төрд чанагдаж дадсан өрсөлдөгчид нь хийгээд эхэлчихлээ. Үхэх сэхэх тулаанд амь тээж үлдэх үү эсвэл үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч өөрөө улс төрөөс зайлах уу гэдэг сонголтыг хийх үлдэж байна. Тэр явахгүй. Тэмцлээ үргэлжүүлнэ гэж донгодох нь гарцаагүй. Харин түүний үнэ хүнд өөрөөс нь шалтгаалж өгсөх үү? Эсвэл уруудаж уг шалбаагт тулах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Харин ХҮН намынхан даргынхаа уналт дээр дөрөөлж зайлуулах уу? Эсвэл өргөж өөрсдийнхөө мөрөөдсөн парламентад суудалтай нам байх гэсэн зорилгынхоо төлөө тэмцэх үү гэдэг бас сонирхолтой. Энэ ч бас цусгүй тулаан.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.