Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Ц.Цолмон: Гишүүд та бүхнээс батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг дэмжихийг хичээнгүйлэн хүсч байна-

УИХ-аар 2015 онд Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг шинэчлэн баталсан билээ. Энэхүү шинэчлэн батлагдсан бодлогын баримт бичгийг үндэслээд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг БХЯ, ЗХЖШ болон эрдэмтэн судлаачид эцэслэн боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл УИХ-ын 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн чуулганы хуралдаанаар батлан хамгаалах салбарын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр хуралдаж байна. Хуралдаанаар хамгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр хуралдав. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцууллаа. Ингээд хуулийн төсөл хэлэлцэх эсэхийн хуралдааныг тоймлон хүргэж байна.

Ажлын хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, тус яамны газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр нарын албаныхан байлцав.

УИХ-ын дарга З.Энхболд:
-Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг заавал хэлэлцэх ёстой. Гишүүд та бүхэн дэмжиж өгөөрэй. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд дараагийн УИХ үргэлжлүүлэн хэлэлцээд явж болно. Улс орны хэмжээний хуулийн төслийг хоёр парламент дамжиж хэлэлцэж болно шүү дээ.

О.Баасанхүү:
-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлан хамгаалах үйл ажиллагаа, батлан хамгаалах тогтолцоо, цэргийн байгуулал, бүтэц, бүрэлдэхүүн, батлан хамгаалах төсөв, субъектүүдийн бүрэн эрхийг оруулсан байна. Ингэхдээ дотоодын цэргийн тухай, тэдний гүйцэтгэх үүргийн тухай оруулсан байна. Дотоодын цэрэг нь өөрөө татан буугдсан биз дээ. Хоёрдугаарт, цэргийн албаны онцлогоос хамаарна гэж бичсэн байна. Цэргийн албаны онцлог гэдгийг тайлбарла.

Ажлын хэсэг, Ч.Өнөрбаяр:
-Дотоодын цэргийн байгууллагын дахин сэргээх тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Байнгын хороогоор нь хэлэлцээд явж байгаа юм билээ.

Ажлын хэсэг, З.Болдбаатар:
-Цэргийн алба хаагчид дотроо инженер, хими, нисэх, хуурай замын зэрэг гээд мэргэжил, чиг үүргээс хамаараад өөр өөрийн гэсэн онцлогтой ажил үүрэг гүйцэтгэж байна. Үүргээсээ хамаараад стандарт, шаардлага тавигддаг учраас энэ утгаар нь тодорхойлсон юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Батлан хамгаалах салбар нь өөрөө маш чухал асуудал. Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг өөртөө багтааж байдаг салбар учраас маш сайн ажил хэрэгчээр хандаж ярилцах ёстой. Надад хэд, хэдэн асуулт байна. Өнөөдөр Батлан хамгаалах яам нь өөрөө үндсэн чиг үүргийн яам байх ёстой. Дэлхий нийтийн жишгээр ч тийм байх ёстой. Гэтэл айлын шоовдор хүүхэд шиг ялгаварлаж байгаа асуудал бий. Нуугаад байх юм алга. Дэлхийн улс орнууд хүчирхэг Зэвсэгт хүчинтэй байхаар бодлогоо шинэчилж, зэвсэг техниктээ анхаарч байгаа энэ үед бид бүхэн үндсэн чиг үүргийн яам болгож ажиллуулах ёстой. Үндсэн чиг үүргийн яам байх, байхдаа бусад яамдынхаа манлайлал нь болох ёстой. Дэлхийн орнуудыг жишгийг харахад Батлан хамгаалахын сайд нь Ерөнхийлөгчийнхөө дараа орох хэмжээний эрх мэдэлтэй байна. Хоёрдугаарт, манай улс төвийг сахих тухай мэдэгдсэн. Мэргэжлийн байгууллага болох цэргийнхэн та бүхэн төвийг сахих бодлогод ямар байр суурьтай байна. Гуравдугаарт, цэргийн алба хаах хугацаа нэг жил байгаа, энэ хугацаанд залууст бие бялдар, ёс суртахууны хувьд нь зааж амжих юм уу. Бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулах тухайгаа тодруулаарай.

Ажлын хэсэг, Б.Батсайхан:
-Үндсэн хуулиараа Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гээд заасан. Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, түүнийг хэрэглэх онол, арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгох чиглэлээр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд хуулийн төслийг боловсруулсан байгаа.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон:
-УИХ-ын дарга хуралдааны эхэнд батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудал хөндлөө. 2015 оны төгсгөлд УИХ-аар Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг шинэчлэн баталсан. Энэхүү шинэчлэн батлагдсан бодлогын баримт бичгийг үндэслээд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг БХЯ, ЗХЖШ болон эрдэмтэн судлаачид эцэслэн боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Бодлогын баримт бичгийнхээ дагуу салбар хуулиудаа яаралтай шинэчлэн батлуулахгүй бол Зэвсэгт хүчнийг хоёрдмол, засварын асуудал гарч байгааг энд хэлэх ёстой. Хоёр УИХ дамжуулан хэлэлцэх биш УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэн батлах шаардлага салбарт нь байгааг хэлье. Миний хувьд Батлан хамгаалахын сайдын хувиар УИХ-ын гишүүдээс хэлэлцэх эсэхийг дэмжиж өгөөрэй гэж хичээнгүйлэн хүсмээр байна. Д.Тэрбишдагва дарга сая хэллээ. Батлан хамгаалахын яамыг үндсэн чиг үүргийн яам болгох тухай. Таны саналыг дэмжиж байна. Бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчид оролцох асуудлыг зарим хүмүүс буруу ойлгож, нийгэмд буруу ярьж байна. Хүрз жоотуу бариад албадан хөдөлмөр эрхлэх мэтээр ярьж байгаад харамсч байна. Өнөөдөр техник технологи өндөр хэмжээнд хөгжсөн үед манай алба хаагчид техникийн хүчээр, мэргэжил ур чадвараараа бүтээн байгуулалтад оролцох юм. Эхний ээлжинд бид өөрсдийн Ахлагч бэлтгэх төвөөр дамжуулан алба хаагчдыг Налайх дүүргийн МСҮТ-д хүнд машин механизмын мэргэжлээр сургаж байгаа. Буудагчаас гадна 4-5 чиглэлийн мэргэжил олгож байна гэсэн үг. Өчигдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан бид хоёр сонсогчдынхоо дадлагын үйл явцтай танилцахад багш нар нь “Залуучуудыг цэргийн зохион байгуулалттайгаар сургах нь үр дүнтэй байдаг юм байна” гэж ам сайтай байна лээ. Зөвхөн дайны цагт ингэж ажиллаж гэхээс илүүтэй энхийн цагт эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоод явах нь зүйтэй юм.

Ажлын хэсэг, Ч.Өнөрбаяр:
-Төвийг сахих бодлого өөрөө бие даасан хуулиар явах ёстой. Өнөөдөр бол зөвхөн батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг хэлэлцэж байна.

-Ажлын хэсэг, З.Болдбаатар:
-Хугацаат цэргийн алба хаах хугацаа нэг жил байгаа. Техник технологи хөгжиж, хугацаат цэргүүдийн мэдлэг боловсролд сайжирсан энэ үед бололцоотой хугацаа юм.

УИХ-ын гишүүн Су.Батболд:
-УИХ-ын дарга сая энэ удаагийн парламент батлах шаардлагагүй гэдэг утгатай юм ярилаа. Хэрэв батлахгүй юм хэлэлцэх шаардлага байгаа юм уу. Ц.Цолмон сайд болон ажлын хэсгийнхнээс асууя. Яагаад сонгууль дөхсөн, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гээд савалгаа ихтэй үед ийм чухал хуулийн төслүүдийг оруулж ирэв. Та нар энэ хуулийн төслүүдийг хэдий хугацаанд боловсруулсан бэ. Манай улсын эрчүүд бүх нийтээрээ цэргийн алба хаах үүрэгтэй. Өвчнөөс бусад тохиолдолд хэд, хэдэн байдлаар алба хааж байгаа. Энэ тухай энэ төсөлд тусгасан уу. Хоёрдугаарт, өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр залуус цэргийн албанд очих сонирхол нь эрс нэмэгдсэн, цэргийн албанаас чөлөөлөөч гэж гуйдаг байсан бол оруулаад өгөөч гэж хүсдэг болсон гэх юм. Төрийн албанд жинхэнэ цэргийн алба хаасан хүнийг авахаар тусгасантай ч холбоотой байж магад. Тэгвэл цэрэгт очих сонирхолтой залуус олширсон үед тэднийг хүлээж авахад та нар бэлэн байдаг уу. Хугацаат цэргийн алба хаагчдын орчин нөхцлийг сайжруулахаар ямар ажлууд хийсэн бэ.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон:
-Би зарим хэсэгт нь хариулъя. Манай ажлын хэсгийн үлдсэн асуултад нь хариулт өгөөрэй. Эдгээр хуулийн төслийг боловсруулахын төлөө Зэвсэгт хүчний эрдэмтэн судлаачид, ажлын хэсгийнхэн оролцсон бүрэлдэхүүн 4-5 жилийн туршид тасралтгүй хичээж ажилласан. Судалгаа, туршлага, бодит нөхцөл байдлаа маш сайн судалж байж хуулийн төсөлдөө тусгасан тухай онцлох ёстой. Су.Батболд гишүүн асууж байна. Яагаад сонгууль дөхсөн үед оруулж ирүүлэв гэж. Тэгэхээр Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг маань өөрөө 2015 оны төгсгөлд батлагдсан. Энэ бодлогын баримт бичгээ үндэслэж салбарын хуулиуд шинэчлэгдэж байгаа учраас ингэж орж ирэхээс өөр арга зам байгаагүй. Хэрэв хуулийн төслийг хоёр парламент дамжуулан хэлэлцвэл одоо үйлчилж байгаа хуулиуд, бодлогын баримт бичиг маань зөрчилдөөд ажил албанд сөргөөр нөлөөлж байгаа. Тийм болохоор хэлэлцээд батлан нь зөв. Харин хэлэлцүүлгийн явцад засч сайжруулах, чамбайруулах асуудал бол бий, бий. Хоёрдугаарт, хуучин цаг үед цэрэгт ирсэн залуус бие бялдар сайтай ч боловсрол мэдлэг муу байсан. Харин өнөө цаг үед эсрэгээрээ. Эрүүл мэндээрээ тэнцэхгүй залуус олон байна, манай нийгэмд. Үүнийг хоёр замаар шийдэх боломжтой. Нэгдүгээрт, боловсролын байгууллагатай хамтран сурагчдын бие бялдарыг биеийн тамирын хичээлээр дамжуулан сайжруулах тухай. Хоёрдугаарт, сул дорой бие бялдартай хугацаат цэргийн алба хаагчдыг зугуухнаар буюу сэтгэлзүйд нь зөрчил үүсгэхгүйгээр бэлтгэн сайжруулж авах юм. Үүнийг одоо ч гэсэн цэргийн дарга нартаа хэлдэг. Бие бялдарын хувьд доголдолтой хугацаат цэрэг байгаа бол залхаах, айлгах биш харин аажим аажмаар бие бялдарыг нь эрүүлжүүлэхэд анхаарч ажилла гэж захиж байна.

Ажлын хэсэг, З.Болдбаатар:
-Цэргийн алба хаах олон төрөл байгаа. Цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо нэмэгдэж байгаа энэ үед бид хуульд заасны дагуу олон хэлбэрээр алба хаалгаж байна. Үүний нэг нь “Оюутан цэрэг” юм. Жилдээ цэргийн алба хаах насны … мянга орчим залуусыг бүртгэдэг. Гэхдээ тэднийг бүгдийг нь цэрэгт татах боломжгүй. Энэ нь санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Би нэг зүйлд их эмзэглэж байна. Батлан хамгаалах яам нь өөрөө Төрийн захиргааны төв байгууллага. Гэтэл энэ яамны эрх үүрэгт хамаарах зарим асуудлыг Ерөнхийлөгчид оруулж байна. Төсөлд нь энэ талаараа заачихаж. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө Батлан хамгаалахын сайд болох гээд байгаа юм уу. Ийм ашиг сонирхлын зөрчилд анхаарах хэрэгтэй. Ялангуяа, Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудлыг оруулсан байна. Харин батлан хамгаалах салбарт аж үйлдвэрийг сайжруулахаар оруулж ирснийг дэмжиж байна. Улс орны эдийн засаг хүнд байхад батлан хамгаалах салбар нь ачаа болоод суумааргүй байгаа юм. Өөрөө өөрийгөө санхүүжүүлэх тал руу ор. Дэлхийн орнууд ч ийм байна шүү дээ.

Ажлын хэсэг, Ч.Өнөрбаяр:
-Зарим тохиолдолд одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу зарим эрх, үүргийг хадгалах ёстой. Энэ утгаараа орсон байгаа.

УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-2015 онд Батлан хамгаалах бодлогын баримт бичгээ шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор багц хуулийн төсөл орж ирснийг гишүүд та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Ажлын хэсгийнхэн ч гэсэн “Яагаад өнөөдөр орж ирэв. Багц хуулийн төслийг батлах шаардлага. Бодлогын баримт бичигтэй зөрчилдөж байна” гэдгээ бодит жишээгээр ойлгомжтой ярих хэрэгтэй. Тэгвэл гишүүд ойлгоно. Харин орон нутгийн хамгаалалтын асуудал аль эртнээс л яригдсан. Маргаантай, шийдэгдэж чаддаггүй сэдэв. Хуулийн төсөлд орон нутгийн хамгаалалтад бүх нийтийг оролцуулна гэсэн байна. Цэргийнхэн та нар мэднэ. Бодит байдалд зохион байгуулахад ямар хийдэл гардаг билээ. Энэ бол хийсвэр шинжтэй, хэт өргөн хүрээг хамаарчихаж гэж дүгнэмээр байна. Төгсгөлд нь хэлэхэд хуулийн төсөлд хэт жижиг буюу Батлан хамгаалахын сайдын эрх үүрэгт хамаарах асуудлыг Ерөнхийлөгчийн эрх үүрэгт оруулсан байна. Батлан хамгаалахын сайддаа үлдээх ёстой.

Ажлын хэсэг, Ч.Өнөрбаяр:
-Багц хуулийн төслийг эрт оруулж ирэх бололцоо байсан. Гэхдээ Батлан хамгаалах бодлогын баримт бичгээ батлуулсны дараа оруулах нь хамгийн зөв. Өнөөдөр бодлогын баримт бичиг маань салбарын хуулиудтай зөрчилдөж байгаа нь үнэн. Оюутан цэргээс эхлээд дурьдаж болно. Тийм болохоор цаг алдахгүйгээр оруулж ирүүллээ.

Хурал даргалагч М.Энхболд:
-М.Батчимэг гишүүний зүгээс яагаад батлах шаардлага байгааг зовлон бэрхшээлээрээ ярь гээд байгааг та нар ойлгож байна уу. Ажлын хэсэг оновчтой хариулт өгмөөр байна. Уг нь бол М.Батчимэг гишүүн та нарыг дэмжээд байх шиг л байх юм.

УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Нэмэлт нэг асуулт байна. Батлан хамгаалах яамыг цэргийн талаас илүүтэй энгийн яам болгох гэдэг асуудал бий. Үүнд хариулт өгөх үү?

Ажлын хэсэг, Б.Батсайхан:
-Мэргэжлийн чиглэл рүү нь боловсронгуй болгоход эдгээр хуулийн төсөл маш чухал үүрэгтэй. Батлан хамгаалах яам бол Төрийн захиргааны төв байгууллага. Яамны эрхзүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж байна. Харин Зэвсэгт хүчний жанжин штаб өөрөө Батлан хамгаалах яамны агентлаг нь. Агентлагынхаа хуулиар зохицуулагдаж байна. Энэ хоёр байгууллагын хамтын ажиллагааг илүү боловсронгуй болгоход энэ хуулийн төсөл чухал үүрэгтэй.

Ажлын хэсэг, Ж.Амгалан:
-2015 онд Батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдсан учраас салбарын багц хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч байгааг тодотгомоор байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Харин хэлэлцүүлгийн явцад анхаарах зүйл ажиглагдаж байна. Манай улс өнөөдөр 3 сая хүнтэй, амьдралын төвшин доогуур, аюулгүй байдал, байгаль орчны эвдрэл ихтэй гээд олон асуудал байна. Улс орныг аврах гол хүч нь хүн өөрөө. Тийм болохоор хүн рүү нь, түүнийг эр хүн болгох, эх оронч болгох бодлогыг батлан хамгаалах салбараар дамжуулж хэрэгжүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Л.Цог:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Энэ удаагийн УИХ өөрөө Батлан хамгаалах бодлогын баримт бичгийг баталсан юм чинь салбар хуулийг нь ч гэсэн дэмжээд батлах хэрэгтэй. Д.Тэрбишдагва дарга ч хэлж байна. Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болгох талаар. Үүнийг дэмжиж байна.

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Батлан хамгаалах тухай хуулийн төслийг 1993 онд баталж байсан. Би батлалцаж байсны хувьд үг хэлэх бүрэн эрхтэй хүн гэж бодож байна. Тухайн үед Ц.Дашзэвэг, Н.Жалбажав гээд цэргийнхний хамт энэ төслийг боловсруулж батлуулсан юм. 23 жилийн туршид үйлчилсэн гэхээр сайн хууль болжээ гэж харж байна. Нийгэм өөрчлөгдөж байгаа учраас засч сайжруулах асуудал байгааг үгүйсгэхгүй. Биднийг 1993 онд энэ хуулийг батлуулахаар ажиллаж байхад “Монголд Зэвсэгт хүчин хэрэггүй” гэдэг хэцүү цаг үе байсан. Тийм хүнд үеийг даваад батлуулсныг өнөөдөр хэлмээр байна. Хуулийн төслийг хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-“Цэргийг 1000 өдөр тэжээж, нэг өдөр ашиглана” гэдэг үг бол хуучирсан. Батлан хамгаалах салбар нь өөрөө дайн байлдаан учирвал гээд суухаас илүү эдийн засгаа сайжруулах талаар учир дутагдалтай байна. Нөгөө талаас цэргүүдийг эх оронч хүмүүжилтэй болгохын наад захын ажил нь байгаа орчноо хамгаалах юм. Энэ талаас анхаарах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-УИХ-ын даргын зүгээс хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдчихээд дараагийн парламентад үлдээе гэж байна. Ингэж болохгүй. Шинээр батлуулсан бодлогын баримт бичигтэйгээ зөрчилдөөд байгаа учраас яаралтай шинэчлэн батлах ёстой шүү. УИХ-ын даргын тэр хойшлуулах тухай яриаг эсэргүүцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Батлан хамгаалах салбар нь өөрөө улс орны аюулгүй байдлын баталгаа, эх орны бүрэн бүтэн байдлын илэрхийлэл. УИХ-ын даргын асуудлыг дараагийн УИХ-д үлдээх тухай ярьсныг үнэхээр эсэргүүцэж байна. Өнөөдөр хоёр хөрш батлан хамгаалах салбарынхаа бодлогоо шинэчилж, хуулиудаа сайжруулж, зэвсэг техникээ нэмэгдүүлж байна. Ийм цаг үед бид батлан хамгаалах салбартаа маш их анхаарах хэрэгтэй. Магадгүй ийм байдлаар УИХ-ын гишүүдээр санал хураалгавал унах юм шиг байна. Тийм болохоор үдээс хойш санал хураалгая.

Хурал даргалагч М.Энхболд:
-Эх баригч намаас 4, МАН-аас 8, эвслээс цөөхөн хүн байна. Тийм болохоор үдээс хойш хэлэлцэх эсэхээр санал хураая” гэснээр үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойш 14.30 минут УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж гишүүдийн олонхи нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингэснээр БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Надад хэлэх санал байна. Бусад байнгын хорооны эрх, үүрэгт халдмааргүй байна. Хууль сахиулагчийн эрх, үүрэгтэй хамаатай асуудал бол Хуульзүйн байнгын хорооны эрхэд хамаарна. Гэтэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныхон Хуульзүйн байнгын хорооноос асуухгүйгээр, танилцуулахгүйгээр энэ хуулийн төслүүлэд нэр томъёо оруулсан байна. Хуульзүйн байнгын хорооныхон цэргийн асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос асуудаг. Харин энэ удаа дотоодын цэргийн асуудлыг төсөлд тусгаад байгаа учраас асуумаар байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа хэлэлцүүлгийн явцад харилцан ярилцаад шийдэх боломжтой” гэв. Ингээд УИХ-ын гишүүдийн олонхи нь энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Үүний дараа ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ хуульд болон бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонхи нь хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Төгсгөлд нь батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийн нэг болон ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг сайжруулна гэж байна. Сайжруулж байгаа юм бол яг ямархуу байдлаар сайжрах бэ. Цагдаагийн алба хаагчийн нийгмийн хамгаалал үүнд хамаарах уу?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1992 онд батлагдаж, цаг үеийн шаардлагаар 15 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын зарчим, эрх, үүрэг, давуу эрх, эрхийн хязгаарлалт, цалин хөлс, шагнал, урамшил, галт зэвсэг хэрэглэх зэрэг эрх зүйн нарийвчилсан зохицуулалтууд тодорхой болж эрх зүйн баталгаа сайжирна. Харин цагдаагийн алба хаагчид энэ хуульд хамаарахгүй. Яагаад гэхээр Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгээр төрийн цэргийн байгууллага гэдэгт Зэвсэгт хүчин, хил, онцгой байдал, дотоодын цэрэг орохоор баталсан юм” гэв.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжив. Ингэснээр батлан хамгаалах салбарын багц хуулийн төслүүдийг АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. zzzzzzz

Leave a Reply

Your email address will not be published.