Намын дарга нар хэнийг гомдоож, хэнийг баярлуулав

Сонгуулийн хуульд заасанчлан Ардчилсан нам болон МАН, МАХН-аас нэр дэвшигчдээ тодруулсан. Намуудын нэр дэвшүүлэх үйл явц нэлээд халуухан болж өнгөрсөн бөгөөд нэр дэвших мандатаа анхан шатны байгууллагаас авсан олон хүмүүс унаж, оронд нь намын даргын “халаасны” хүмүүс ороод ирсэн талаар Ардчилсан намд ч, Монгол ардын намд ч гомдол гаргах хүмүүс цөөнгүй.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооноос мандатаа авсан Б.Батбаатарыг жийж, түүний өрсөлдөхөөр “тойглож” байсан тойрогт “Шонхор” фракцийн гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг оруулж ирсэнд гомдоллосон тэрбээр намаасаа гарна гэдгээ ҮЗХ-ны хурал дээрээ мэдэгдсэн байна. Г.Баярсайханыг анх улстөрд хөтөлж оруулж ирсэн хүн бол Б.Батбаатар гэж Ардчилсан намынхан ярьдаг. Харамсалтай нь, “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгч болжээ хэмээн Ардчилсан намын Чингэлтэй дүүргийн анхан шатны байгууллагынхан бухимдсан бололтой.

Тэгвэл Ардын намаас Чингэлтэй дүүрэгт өрсөлдөхөөр анхан шатны байгууллагаасаа дэмжлэг авсан Д.Зоригтын оронд Т.Аюурсайханыг оруулж ирсэн И.Бадамжунайн найруулсан “хор” гэж МАН-ынхан дүгнэж байна. Мөн Орхоны гурван тойргийн нэгийг тойглож байсан Н.Энхтайваныг жийж, оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Атармааг эмэгтэйчүүдийн квотоор оруулж ирсэн гэж намынхан нь хардаж байна. Н.Атармааг М.Энхболдын хүн гэж намынхан нь ярьдаг. Эрүүл мэндийн дэд сайдын албыг Н.Энхболд түүнд “бэлэглэсэн” гэсэн хардлагад ч өртөж байсан юм байна.

Сонгинохайрхан нэр дэвшихээр Ардчилсан намын анхан шатны байгууллагаасаа мандатаа аваад байсан Д.Батбаяр, Т.Болдбаатар нарын оронд Л.Эрдэнэчимэг, М.Чинболд хоёрыг оруулж иржээ. Л.Эрдэнэчимэг, М.Чинболд хоёр намынхаа анхан шатны байгууллагаас дэмжлэг авалгүй унасан ч “Шонхор” болон МоАХ фракцийнх тулд ийнхүү даргынхаа татаасаар нэр дэвших эрхтэй болжээ.

Энэ мэтээр намууд нэр дэвшүүлэх явцдаа нэлээд хор, хов найруулсан бололтой.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. зочин Бадамжунай насаараа хор найруулж амьдарсан хун яаж зугээр байж чадахгуй хороо найруулсаар л сууна хоорхий.

Leave a Reply

Your email address will not be published.