Итгэлийг зүтгэлээр хариулаарай

Ард олон “ах нам”-д ахиад итгэл хүлээлгэв. Үүнийг үнэмлэхүй олонхын хүчээр үнэмлэхүй ихийг бүтээх албан даалгавар гэж ойлгож болох билээ-

Арван зургаан оны сонгууль Монгол ардын нам /МАН/-ынх боллоо. Тус нам  үнэмлэхүй ялалт байгуулж, ард түмэн тэдэнд бүрэн дүүрэн итгэл хүлээлгэлээ. Урьдчилсан байдлаар өчигдөр /2016.06.29/ болсон УИХ-ын сонгуульд МАН-аас  65, АН-аас есөн суудал авахаар байгаа бол МАХН болоод бие даагчдаас тус бүр нэг суудал авахаар дүр зураг гарчээ. Ард олон “ах нам”-д ахиад итгэл хүлээлгэв. Үүнийг үнэмлэхүй олонхын хүчээр үнэмлэхүй ихийг бүтээх албан даалгавар гэж ойлгож болох билээ.

АН БҮЛЭГ БАЙГУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ СУУДАЛТАЙ

СЕХ-ноос гаргасан урьдчилсан мэдээгээр Ардчилсан нам 9 суудал авчээ. Тэднийг танилцуулбал:

АН-ААС УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОН ХҮМҮҮС:

  • Д.Мурат, Баян-Өлгийн аймгийн зургаадугаар тойрог
  • Б.Наранхүү, Дундговь аймгийн 16 дугаар тойрог
  • Я.Санжмятав, Завхан аймгийн 17 дугаар тойрог
  • З.Нарантуяа, Завхан аймгийн 18 дугаар тойрог
  • Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн 27 дугаар тойрог
  • Б.Пүрэвдорж, Ховд аймгийн 34 дүгээр тойрог
  • Ж.Батзандан, Баянзүрх дүүргийн 53 дугаар тойрог
  • Л.Болд, Хан-Уул, Багахангай дүүргийн 57 дугаар тойрог,
  • С.Эрдэнэ, Баянгол дүүргийн 69 дүгээр тойрог

Хуульд зааснаар УИХ-д суудалтай намууд найм болон түүнээс дээш тооны суудал авч байж бүлэг байгуулах хэмжээнд хүрдэг. Тэгвэл Ардчилсан нам ирэх дөрвөн жилд УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авчээ. Гэвч энэ бол тус намын хувьд тун чамлалттай үзүүлэлт. Өмнөх хоёр сонгуулийн тухайд үзүүлж байсан амжилтаа бататгах нь бүү хэл, навс унагасан хариуцлагаа хүлээнэ гэж АН-ын дарга З.Энхболд мэдэгдээд байгаа юм. Ингэхдээ тэрбээр ганцаараа бус генсек Л.Эрхэмбаярын хамт хариуцлага хүлээхээ амласан.  Тус нам 2008 оны УИХ-ын сонгуульд  28, 2012 оны сонгуульд 34 суудал авч байсан юм. Одоо АН-ынхан даргынхаа  хэлсэнчлэн  “сонголтыг хүндэтгэж” соёлтойгоор ялагдлаа хүлээх л үлдлээ. Дөрвөн жилийн өмнө тэднийг гэсэн  сонгогчдын итгэл хаана унасныг, АН-ынхны ноён нуруу яагаад хугарсныг дэнслэх цаг иржээ.

БААТАР ДАРГА Ч БАГААРАА ГАРЧ ЧАДСАНГҮЙ

Э.Бат-Үүл тэргүүтэй Улаанбаатар хотын удирдлагын багийнхны  бүтээсэн, хийснийг нийслэлчүүд шагшин магтаад байсан хэр нь МАН-д илүү олон суудлыг өгч орхилоо. Урьд шөнө 01.00 цагийн үед  мэдээлснээр НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 34, АН 11 нэр дэвшигч ялалт байгуулжээ. Аймаг орон нутагт ч ялгаагүй МАН амжилт үзүүллээ.  Завхан нутгийнхан л Ардчилсан намыг дангаар нь сонгосныг эс тооцвол аймаг, нийслэлд “төр эргэв”.

Нийслэлийн хэмжээнд нийт 843689 сонгогч санал өгөхөөс  593999 нь  буюу 70.4 хувь нь ссонгуульдаа оролцжээ. Улсын хэмжээнд ч, нийслэлд, аймгуудад ч сонгогчдын ирц урьд өмнөхөөс эрс нэмэгдсэнийг ард олны улс төрийн идэвх сайн байна гэхээсээ илүү амьдрал нь уруудсанаар тайлбарлах хүмүүс ч таарч байлаа. Ямартай ч нийслэлчүүд Э.Бат-Үүл даргыг багаар нь дэмжсэнгүй. Тэдний бүтээсэн нь багадсандаа бус намынх нь нэр хүнд шалдаа буусных байж мэдэх юм.

МАН-ынхны хувьд  итгэлийг зүтгэлээр хариулах хариуцлагатай үе тохиов. Тэдэнд эрх барилаа хэмээн оодрох эрх байхгүй. “Алтан боломж”-ийг ашиглан монгол хүн бүрийг Арабын шейх шиг амьдруулахаа байг гэхэд амьдралдаа сэтгэл дүүрэн аж төрөх, авсан цалингаа хараад хоолой зангирахааргүй хэмжээнд хүргэх  үүргийг МАН-ынхан үүрэв. Мөрийн хөтөлбөр, амлалт нь ч тийм билээ.

БҮСГҮЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО НЭМЭГДЭНЭ

Сонгуулийн урьдилсан дүнгээс харахад шинээр бүрэлдэх УИХ  13 эмэгтэй гишүүнтэй байх нь бололтой. Одоогийн байдлаар 76 тойргоос 13-т нь эмэгтэйчүүд тойрогтоо тэргүүлжээ. Отголж буй УИХ-д 11 эмэгтэй гишүүнтэй байсан амжилтыг бүсгүйчүүд бататгаж чадлаа. Харин эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх олонх буюу 12 нь МАН-ын гишүүд байгаа бол АН-ыг төлөөлөх ганц эмэгтэй нь Завхан аймгаас гарч ирсэн нэр дэвшигч З.Нарантуяа юм. З.Нарантуяа нь хуульч мэргэжилтэй ч Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, мэргэшсэн эдийн засагч хүн юм.

МАН-ЫНХАНД ХАЯГЛАХ ҮГ

МАН-ынхны хувьд  итгэлийг зүтгэлээр хариулах хариуцлагатай үе тохиов. Тэдэнд эрх барилаа хэмээн оодрох эрх байхгүй. “Алтан боломж”-ийг ашиглан монгол хүн бүрийг Арабын шейх шиг амьдруулахаа байг гэхэд амьдралдаа сэтгэл дүүрэн аж төрөх, авсан цалингаа хараад хоолой зангирахааргүй хэмжээнд хүргэх  үүргийг МАН-ынхан үүрэв. Мөрийн хөтөлбөр, амлалт нь ч тийм билээ. Эс тэгвээс 2020 оны дүр зураг өчигдрийнхөөс 180 градус эргэчих аюул бий. Муу амлаж байгаа юм биш,  ирэх дөрвөн жилд МАН ажиллаж чадвал мөнхөрнө, эс чадвал шууд арчигдана.

Сонгогдох нэг хэрэг. Сонгогчдын итгэл хүлээн ажиллах нь түүнээс хэд дахин хүнд ачаа. Тиймээс МАН-ынхны хувьд юун наадам, юун амралт  гэгч  болох нь мэдээж. Засаг төрөө даруй эмхлэх, амлалтаа анхнаасаа биелүүлэх, хүлээгдэж буй амин чухал хуулиудыг боловсруулах батлуулахаас эхлээд шийдэл хүлээсэн хариуцлагатай буман ажил тэднийг угтаж  байна.

эх сурвалж news.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.